Хэрэглэгчийн яриа:Сайнцэцэг

Page contents not supported in other languages.

Хөрсний микрофлорын бүрэлдэхүүн[кодоор засварлах]

Хөрсний микрофлорын бүрэлдэхүүн

Хөрсний нийт микрофлорын 70 орчим хувь бактер, 30%-ийг актиномицет, 1-3%-ийг доод мөөг эзлэнэ. Хөрсөнд органик бодис нэмэгдэх тутам микроорганизмын тоо эрс өсөж, 1 га хөрсөнд 400 тн органик бодис байх үед тэнд 5-6 тн микробын амьд масс агуулагддаг. Ойн үнслэг саарал хөрсний шоо сантиметр тутмаас тэрбум шахам тооны нянг байна. Үржилтэй хар шороон хөрсний нянгийн тоо хэдэн тэрбумд хүрнэ. Нян бүр маш өчүүхэн бараг жингүй юм. Дундаж хэмжээний бактерийн жинг тоогоор илэрхийлвэл 0,0000000004 миллиграмм байна. /8/ Боловсруулалт хийгээгүй янз бүрийн хэв шинжийн хөрсний микроорганизмуудын групп тус бүрийн тооны харьцаа дараах байдалтай байдгийг Е.Н.Мишустин тогтоосон. Үүнд: - тундр тайгын бүсийн тундрын глейт, глейт үнсэн саарал хөрсөнд нийт 2 сая 400 мянга, үүнээс бактер 96,6%, мөөг 2%, актиномицет 1,4%, - ойт нугын бүсийн үнсэн саарал ба ширэгт үнсэн саарал хөрснөд 1 сая 80 мянга, үүнээс бактер 89,3%, актиномицет 8,2%, мөөг 2,64%, - нугын хээр ба хээрийн бүсийн хар шороон, карбонатлаг бус хөрсөнд 3 сая 630 мянга, үүнээс бактер 63,8%, актиномицет 35,4%, мөөг 0,8%, - хуурай хээрийн бүсийн хүрэн хөрсөнд бактер 64,8%, актиномицет 34,7%, мөөг 0,5%, цөлийн хээр ба цөлийн бүсийн бор саарал хөрсөнд 4 сая 490 мянга, үүнээс бактер 63,4%, мөөг 0,5%, актиномицет 36,1% байна. Микроорганизмын тоо ба зүйлийн бүрэлдэхүүнд чухал нөлөө үзүүлэгч нь хөрсний хэв шинж бөгөөд микроорганизмаар хамгийн баялаг хөрс нь хар шороон, хүрэн саарал хөрсүүд юм. Ямарч хэв шинжийн хөрсний микроорганизмын тоо 10-30 см гүнд хамгийн их байдаг. Хойт зүгээс өмнө зүг үрүү микрофлорын хэмжээ ихсэхээс гадна хэвтээ, босоо бүслүүрүүд их нөлөө үзүүлнэ. Намрын сүүл сард нэг наст ургамал хагдарч унадагтай холбоотойгоор микрофлорын хэмжээ хавар, намар ихсэж, өвөл, зуны улиралд харьцангуй багасна. /4,9,10/


2. Хөрсний бичил биетэнүүдийн хоорондын харилцан шүтэлцээ

Хөрсөнд амьдрагч элдэв микробууд нь өөр хоорондоо болон дээд ургамалтай, тэр ч байтугай хүн, амьтантай харилцан шүтэлцээтэй амьдарч байдаг. Бичил биетнүүд бие биеийн амьдралыг харилцан тэтгэж байдаг ба бас устгаж байдаг. Бичил биетнийг харилцан шүтэлцээтэй амьдрах хэлбэрээр нь симбиоз, антагонист, паразит гэж гурав хуваана. Симбиоз. Бие биесийн амьдралыг харилцан сайжруулан хамтарч амьдрах хэлбэрийг симбиоз гэнэ. Сүүний хүчлийн бактер, дрожж хоёрын симбиоз амьдрал хамгийн тод жишээ болно. Сүүний хүчлийн бактериуд сүүний хүчил үүсгэснээр орчныг хүчиллэгжүүлж дрожжийн амьдрах нөхцөлийг сайжруулж байхад дрожж витамин нийлэгжүүлэн орчиндоо ялгаруулах тул сүүний хүчлийн бактерийн өсөлтийг түргэсгэнэ. Дээд ургамал бичил биетэн хоёрын хооронд мөн симбиоз амьдрал бий. Жишээлбэл, буурцагт ургамал, булцууны бактер хоёр симбиозоор амьдарч агаарын азотыг шингээнэ. Буурцагт ургамал бактерт нүүрс ус нийлүүлж байхад булцууны бактер ургамалд азотын тэжээл бэлтгэж өгнө. Антагонизм. Нэгэн төрлийн микроб бусад төрлийн микробын амьдралыг орон байр ба хоол тэжээлийн төлөө тэмцлээс болж саатуулах буюу зогсоохыг антагонист үйлчилгээтэй гэнэ. Бичил биетний бодисын солилцооны зарим бүтээгдэхүүн орчинд хуримтлагдах буюу тодорхой төрлийн биологийн идэвхит бодис, жишээлбэл антибиотик ялгаруулах нь бусад микробын амьдралыг саатуулах гол хүчин зүйл болно. Даршинд агуулагдах сүүний хүчлийн бактерийн ялгаруулсан сүүний хүчил язруулагч бактерийн үржлийг саатуулах учир энэ хоёр антагонист чанартай байна. Ургамал нь бичил биетнийг хордуулах үйлчилгээтэй фитонцит хэмээх бодис ялгаруулна. Эдгээр нь бичил биетний үржлийг саатуулах буюу бүр зогсооно. Ихэнх ургамал бичил биетний амьдралыг саатуулах үйлчилгээтэй дэгдэмхий бодис агаарт ялгаруулна. Ийм бодис ихтэй газрын агаар маш цэвэр байна. Жишээ нь хушин ой, шилмүүст ойн агаарт бараг микроб байхгүй. Фитонцит ялгаруулдаг ургамал тариалах нь хөрсийг халдварт микробоос цэвэрлэх арга хэмжээ болно. Паразит. Нэг организм нөгөөгөө тэжээлийн эх үүсвэр болгож ашиглаж амьдрахыг паразит гэнэ. Паразитууд эд эсийг зөвхөн хоол тэжээл болгоод зогсохгүй гэмтээх, улмаар сөнөөнө. Бичил биетний паразит амьдралын хэлбэр бол бактериофаг юм. Фагууд зөвхөн эсийн дотор үржих ба дараа нь эсийг сөнөөнө. Халдварт өвчин үүсгэгчид паразитууд болно. Халдварт өвчин үүсгэгчид эзэн организмд орсоны дараа үржиж эхлэх ба дараа нь уул организмыг гэмтээж улмаар үхүүлнэ. /4,10/


3. Бичил биетэн дээд ургамал хоёрын харилцан шүтэлцээ

Үндэсний бичил биетэн, тэдгээрийн ургамалд үзүүлэх нөлөө. Ургамал нийлэгжүүлсэн органик нэгдлийнхээ нэг хэсгийг гадаргуу дээрээ ялгаруулан гаргана. Энэ үзэгдлийг экзосмос гэнэ. Экзосмос нь ургамлын үндэс болон газар дээр ил орших хэсгийн гадаргуу дээр адилхан ялгаран гарна. Үндэсний экзосмост алим, хув, дарс, нимбэг, хурган чихний хүчлүүд, сахар, зарим шүвтэн хүчил /аланин, лизин гэх мэт/ агуулагдана. Үндсээр ялгаран гарсан органик нэгдэл биологийн идэвхтэй байна. Ургамлын ялгаруулан гаргасан органик нэгдлүүд хялбар шингээгдэх хэлбэрээр байдаг. Үүнтэй уялдан ургамлыг гадаргуу дээр туйлбартай сапрофит /ялз тэжээлтэн/ амьдралтай бичил биетэн голлон амьдрана. Ургамлын үндэсний бичил биетэнд үндэсний гадаргуу дээр орших болон үндэс, ризосфертэй зах нийлэн наалдсан хөрсний бичил биетнийг хамруулна. Ургамлын үндэс бичил биетнээр баялаг бөгөөд зүйлийн бүрэлдэхүүн тоо хэмжээ нь хөрснөөс олон дахин их байдаг. Үндэсний гадаргуу дээр орших бичил биетний бүтэц ризосферийнхээс ялгаатай байна. Жишээлбэл, үндэсний гадаргуу дээр псевдомонасын төрлүүд зонхилж байхад азотобактер, эслэг задлагчид тэнд үржиж чадахгүй. Тэр ч байтугай зөвхөн нэг төрлийн ургамлын үндсэнд үрждэг микробууд ч бий. Ургамлын ризосферийн бичил биетэн ургамлын өсөлтөөр өөрчлөгдөнө. Бацилл, актиномицет, эслэг задлагчид залуу ургамлын үндсэнд бараг байхгүй. Ургамлын ургалтын нилээд сүүлийн үе шатанд бий болж идэвхжинэ. Ургамлын ризосферт микробиологийн процесс хамгийн эрчимтэй явагдана. Энд ургамалд шингээгдэх усанд уусамхай элементүүд их хэмжээгээр хуримтлагдана. Мөн бичил биетний нөлөөгөөр үүссэн нүүрстөрөгчийн давхар исэл, фосфор, кали, кальци, магни зэрэг ургамалд хялбар шингээгддэггүй нэгдлүүдийн уусах чанарыг сайжруулна. Бичил биетний ялгаруулсан органик болон эрдэс хүчлүүдийн нөлөө түүнээс ч хүчтэй байна. Ургамлын үндсийг бүлгэмдэн орших бичил биетний ургамалд үзүүлэх гол нөлөө нь витамин, нийлэгжүүлсэн орчиндоо ялгаруулдаг явдал юм. Жишээлбэл: ургамлын ризосферийн бактер тиамин, витамин В12, пиридоксин, рибофлавин зэрэг витаминууд, гиббереллин, гетероауксин мэтийн өсөлтийн бодис нийлэгжүүлнэ. Ризосферийн сапрофит микробууд ургамлын амьдралд чухал үүрэгтэй. Тэдгээр нь 1-рт органик нэгдлийг задлан ургамалд тэжээлийн бодис бэлтгэж өгнө. 2-рт өвчин үүсгэгч микробтой антагонист шинжтэй байдаг тул ургамлын элдэв өвчин үүсгэгчээс хамгаална. Ризосферийн сапрофит микробуудад дээр дурдсан ашигтай талууд бий боловч гадаад орчны тохиромжгүй нөхцөлд үрийн үндсэнд нэвтрэн орж үржин соёлолтыг молекул хэлбэртэй азот болгон задлах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг тал бий.


4. Бактерийн ангилал зүйн тухай ойлголт

Бактер нь нэг эстэй, хлорофилгүй, бэлгийн үржилгүй микроорганизм. Бактерийн хэмжээ чухал үед өөрчлөгддөг хэдий ч ерөнхийдөө өргөн нь 0,5-1,0 мкм, урт нь 1,0-5,0 мкм. Ихэнх микробын бүлгүүд жинхэнэ бактерийн ангид хамаарагддаг /Eubacteriae/. Энэ нь бөөмгүй нэг эстэй организм юм. Эдгээр нь шууд хуваагдлаар үрждэг. Заримдаа эдгээр эс хөдлөн явдаг. Бактерийн хөдөлгөөн нь эсийн ханыг нэвтэлсэн протоплазмаас үүсэлтэй шилбүүрийн тусламжтай нөхцөлддөг. Бактерийн эс нэг юмуу олон шилбүүртэй байж болдог. Жинхэнэ бактерийн эс уян налархай бус бүрхүүлтэй байдаг. Иймээс эдгээр нь дугуй, савханцар, мушгиа гэсэн олон хэлбэртэй байдаг. Бүх организмыг шинжлэх ухааны нэрээр нэрлэдэг шиг бактерийг ч мөн латинаар нэрлэдэг. Бактерийн төрлийг түүний морфологи онцлог, зүйлийг нь микроорганизмын физиологийн үүргээр нь нэрлэдэг /sarcine ureae, streptococcus lactis/. Байгальд савханцар хэлбэрийн бактер өргөн тархсан байдаг. Эдгээр нь нийлэн гинж үүсгэсэн ч байдаг. Зарим савханцар бактер тохиромжгүй нөхцөлд эсийнхээ дотор спор үүсгэдэг. Спор нь температур нэмэгдэх, хорт бодисын үйлчлэлд тэсвэр сайтай. Бактерийн эс зөвхөн нэг л спор үүсгэдэг. Эдгээр спор нь үржлийнх биш, гадаад орчны тохиромжгүй нөхцөлийг даван туулахын тулд үүсгэсэн спор юм. Тохиромжтой нөхцөл бүрэлдсэн үед спороос вегетатив эс урган гарна. Спор үүсгэдэг савханцар бактерт бациллийн төрөл хамрагддаг. Эдгээр нь орчинд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүйгээр оршдог. Спор үүсгэдэггүй савханцар бактериас хөрсөнд Pseudomonas, Bacterium-ийн төрөл оршдог. Савханцарын нэг дэхь төрөл нь эсийн төгсгөлдөө нэг юмуу олон шилбүүртэй байдаг. Хоёр дахь төрөл нь хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй бактер байдаг. Хөдөлгөөнтэй хэлбэрийн эсийн бүх гадаргууд олон тооны шилбүүр байрладаг. Бактерийн шилбүүрийн аппарат электрон микроскопт ерөнхийдөө сайн харагддаг. Бага нугарсан мушгиа бактерийг вибрион гэдэг. Спиралл нь бүрэн мушгирсан байхад спирохет нь өрөм шиг хэлбэртэй байдаг. Хатуу тэжээлт орчинд бактер нь салсархаг юмуу чийглэг хэлбэрийн энгийн нүдэнд үзэгдэхүйц колон гэгдэх эсийн биомасс өгдөг. Заримдаа колон нь пигмент өгдөг. Зарим бактерийн колоны гадаад олон шинжээр нь тэднийг оношлох нь хэцүү биш ч ихэнх тохиолдолд бүх микроорганизмыг нарийн судалсаны дараа тодорхойлдог. Ихэнх спор үүсгэдэггүй ялзруулагч бактер нилээд их органик массыг ялзруулан үрждэг. Эдгээр нь бацилл хэлбэрийн мөн нэг физиологийн бүлэг юм. Учир нь зарим талаар органик үлдэгдлийн эрдэсжилтийн нэлээд хожуу үед спор үүсгэдэг бактер дийлэнх массыг эзэлдэг. Бациллууд дундаасаа эдгээр нь илүү хүчтэй ферментийн аппарат, бодисоор хооллох байдлаараа спор үүсгэдэггүй бактериас илүү гардаггүй. Хөрсөндөх процесстох тэдний үүргийг тодорхойлох бактерийн физиологийн үүрэг маш олон янз. Зарим зүйлийн бактер автотрофоор амьдарч чаддаг. Тухайлбал нарны гэрэл, эрдэс нэгдлүүдээр өөрийгөө хооллодог буюу нүүрсхүчлийн хийнээс нүүрстөрөгч гарган авдаг. Экзотермийн эсэлдэх урвалаас бактер нь хэрэгцээт энергиэ гарган авдаг. Энэ автотроф зүйлүүд нарийн өвөрмөц эсэлдэх процессыг өдөөдөг ямар нэг чадвартай байдаг. Ихэнх бактер нүүрстөрөгч нэлээдгүй хэрэгтэй болон азотын хэрэгцээг хангахуйц гэхдээ органик нэгдэл багатай хөрсний давхраанд оршдог. Тодорхой бүлгийн бактерт органик бодис нь тэжээл ба энергийн эх үүсвэр болдог. Бусад элементийг органик бус нэгдлээс авдаг. Метатроф буюу сапрофит хооллолттой бактериудын заримынх нь Физиологи хүчтэй ялгаран хөгжсөн байдаг. Ийм бактерийн зүйл тодорхой нэг органик нэгдлийг л хэрэглэх чадвартай байдаг. Байгальд химийн бодис шинээр үүсдэггүй бөгөөд дээрх процесс нь микробиологийн хувирал юм. Зарим метатроф бактер нүүрстөрөгч агуулсан бодисоор хооллодог бөгөөд ингэх үедээ атмосферийн азотыг шингээдэг байж болох юм. Ихэнх метатроф бактер аммоний давс, азотын хүчил юмуу азот агуулсан органик бодисоор хооллодог. Автотроф болон метатрофын завсрын шилжилтийн хэлбэр байдаг. Зарим хэлбэрийн сапрофит микроорганизмын органик бодисоор хооллодог бөгөөд ингэх үедээ нүүрсхүчлийн хийнээс нүүрстөрөгчийг шингээх чадвартай. Паразит бактер /паратроф/ хүн, амьтан, ургамалд янз бүрийн өвчин үүсгэдэг. Хөрсний гүнд байх бактериуд нь хүчилтөрөгчтэй орчинд амьдарч чаддаг аэробууд байдаг. Бага хэмжээний хүчилтөрөгчгүй үед амьдардаг анаэробууд байдаг. Энэ нь хөрсний давхарга байнга нөөц хүчилтөрөгч агуулж байдагтай холбоотой. Олонх аэроб бактер нь агаарын дутагдалтай үед амьдарч чаддаг факультатив анаэробууд байдаг. Бактериуд орчны саармаг урвалд үрждэг ч тодорхой зүйлүүд РН-ийн бага утганд үрждэг. Бактер саармаг орчинд байх нь илүү тааламжтай байдаг. Харин ойн хөрс хүчиллэг байдаг бөгөөд бактер цөөн, хүчилд тэсвэртэй органимз болох мөөг их байдаг. Ийм хөрсийг гетероген орчин гэдэг бөгөөд тодорхой зоны РН нэг хавьцаа байдаг. Жишээ нь органик бодис задарч байгаа ойн үнсэн саарал хөрсний бүх хэсэг нь хүчиллэг байдаггүй. Иймээс үнсэн саарал хөрсөнд бактерийн баялаг флорыг олж болно. Тэнд мөөг байхгүй байдаг ба түүний микрофлор эрчимтэй хөгждөг. Хөрсний бактерийн үндсэн масс 5-45*С –д идэвхитэй үрждэг. Оптимум температур нь 25-35*С. Ургамлын үндэсний ойролцоох /резосфер/ ба үндэсний гадаргуу дах хөрсний бүх бактерийн бараг 99%-ийг спор үүсгэдэггүй бактер эзэлдэг. /4,5,7,9,10,12,16/ XX зууны эхэн үед ямар нэгэн төрлийн бактерийг таниж тодорхойлох сорил нь ерөнхийдөө ажигласан ижил зүйлд тулгуурладаг байсан бололтой. Гэвч өөр “эксотик” төрлийн бактер нээгдсэнээр дээрх стандарт сорилын тэжээлт орчин болон өсгөвөрлөх нөхцөл нь тохирохгүй өөрчлөгдөхөөр болсон байна. Жинхэнэ паразит, жинхэнэ анаэроб бүлгийн бактер гарч ирсэнээр ургуулах болон тодорхойлох тусгай арга зүй хэрэгтэй болсон. 1930-аад онд “аэроб сапрофит”-ын (одоогийнхоор хемогетеротроф) онцлог шинжийг нэгэн хэвээр бичих стандарт дүрсэлсэн хүснэгт хөгжиж байжээ. Энэ нь өсгөвөрийг тодорхойлох тухайлбал колоны шинжүүд, желатин болон шөлөнд ургах байдлыг үзэхэд их хугацаа хэрэгтэй болдогийг тэмдэглэх хэрэгтэй. Бид одоо үл мэдэгдэх организмыг тодорхойлоход хэрэгтэй сорилуудад тэжээлт орчин, хугацаа их зарцуулдагыг мэддэг. /хугацаа, тэжээлт орчин – мөнгө шүү дээ!/ Эдгээр сорилууд үндсэн мэдлэгүүдтэй тохирдог. Иймд Грам сөрөг савханцарыг Грам эерэг кокктой харьцуулахад тулгуурлан тэс өөр сорил тавьж болно. Тэжээлт орчин хэрэглэхгүй, бүх бактерийн өөр өөр зүйлүүдийн өсөлтийг дэмжих боломжтой. Жишээ нь янз бүрийн бүлгийн бактерийн бүлгийн тэжээлийн хангамжид үндэслэн глюкозын исэлдэлтэд тулгуурласан тэжээлт орчинд олон янзаар томъёлсон байдаг. Мөн тиогликолат тэжээлт орчинтой хүчилтөрөгтэй харьцах стандарт сорил тавидаг ч энэ орчинд ургаж чаддаггүй олон организм (ихэнх хемогетеротроф багтана), байдаг. Генотип шинж /бактерийн ДНХ болон РНХ-н шинжийг тодорхойлох/ илүү өргөн туршигдаж байгаа. Бид бактерийг тодорхойлох нэг стандартад удахгүй буцан орно. Тэр цагт энэ нь бүх бактерийн төрөл зүйлд тохирох ба ганцхан генотипоор нь нэгэн адил аргаар тодорхойлох болно. Бид фенотипын сорилуудын үр дүн генотипын шинжтэй хамааралтай тул организмыг тодорхойлоход алдаа гарахгүй гэж итгэдэг. /15/ Бергийн ангилалаар бактериудыг 19 бүлэгт ангилдаг. Мэдээж аль бүлэгт хамрагдахыг нь мэдэхийн тулд анхан шатны сорилуудыг тавих хэрэгтэй болдог. микроорганизмыг энергийн эх үүсвэрээ юунаас гарган авдагаар нь фототроф, хемотроф гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Микроорганизмыг хооллолтын хэв шинжээр нь энерги гарган авах хэлбэр, организ бодис гарган авах эх үүсвэр гэсэн хоёр үндсэн шалгуурыг ашиглан ангилдаг /5/. Үүнд: - фотоавтотроф - фотогетеротроф - хемоавтотроф - хемогетеротроф