Хэрэглэгчийн яриа:Nasa20

Page contents not supported in other languages.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн маргаантай тоглолтууд[кодоор засварлах]

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн маргаантай тоглолтууд

Хөлбөмбөг сонирхогчдийн хамгийн их хүсэн хүлээдэг тэмцээн бол мэдээж хэрэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 4 жил тутам зохиогддог болохоор маш чансаатай болдогийн дээр өрсөлдөөн ч тэр чинээгээрээ хүч өрнөдөг. Дэлхийн аваргын түүхэнд олон маргаан будилаан гарч байсан бөгөөд энд бид хамгийн их шуугиан тарьсан будилаантай тоглолтуудыг танилцуулж байна. 

10. Фабио Гроссо (Итали – Австрали 2006 он) Дэлхийн аварга болох хувьтай Италичууд Шөвгийн 16-д “Ногоон тивийнхэнд” ялагдах тун дөхсөн. Аз болж нэмэлт цагийн сүүлийн минутад Фабио Гроссо багтаа торгуулийн цохилт авчирч Тотти амжилттай гүйцэтгэснээр Аззури тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болсон юм. Түүхэндээ анх удаа дэлхийн аваргын плей-оффт шалгарсан нь Австраличуудын хувьд чамлалтгүй амжилт боловч хэрвээ шүүгч буруу шийдвэр гаргаж пенальти өгөөгүй бол шөвгийн наймд шалгарах байсан гэж одоо ч гэсэн маргадаг. Хариуд нь Италийн фенүүд “Тэгвэл Матераццид өгсөн улаан карт ч гэсэн шударга зүйл байгаагүй шүү дээ, хэрвээ манайх 11-үүлээ байсан бол үндсэн цагт ялалтыг авчих байсан” гэдэг. Гроссо тэмцээний шөвгийн дөрөвт бас л цаг дуусахтай зэрэгцэн гайхалтай гоол оруулж багаа финалд шалгаруулсныг бодоход үнэхээр Италичууд түрүүлэх хувь заяатай байсан нь харагдана. 9. Гиёон хотод тоглогдсон “Жүжиг”- (Баруун Герман – Австри 1982 он) Алжирчууд ирэх жил Өмнөд Африкт очоод нэг л багтай таарахыг “хүсэж байгаа”. Тэд бол Германчууд. Учир нь одоогоос 27 жилийн өмнө тэд Германчуудад маш муухай “хулхидуулж” байсан юм. Испанид зохиогдсон 82 оны Дэлхийн аваргад Зиданы нутгийнхан Германтай нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгийн эхний тоглолтдоо тэднийг ялж томоохон шуугиан дэгдээсэн гэдэг. Хоёр жилийн өмнө Германчууд Европын аваргад түрүүлээд байсныг ч хэлэх үү хүн болгон л энэ талаар ярьж байлаа. Удаахь 2 тоглолтоосоо Алжир дахин нэг хожил аваад 4 оноотой болсон (тухайн үед ялсан багт 2 оноо өгдөг байв ) тул хэсгээсээ шалгарах муугүй шаанстай болоод байв. Гэтэл Герман – Австрийн хооронд болсон хэсгийн сүүлийн тоглолтонд жинхэнэ “жүжиг” өрнөх нь тэр. 10 дахь минутад Херст Хрубеш ганц гоол оруулж орхиод үлдсэн минутыг хоёр багийнхан бараг өөд өөдөөсөө инээгээд өнгөрүүлсэн гэж хэлж болно. Ямар сайндаа тоглолтын дараа “хоёр багийн 22 тоглогчд Нобелийн энх тайвны шагнал олгоё” гэсэн хошигнол гарч ирж байхавдаа. Гиёон хотод болсон энэ “жүжгийн” дараа Герман, Австрийн багууд плей-офф шатанд шалгарч Алжирчууд гэрийн зүг буцаж байсан. Одоо та яагаад тэднийг Германтай таарахыг хүсээд байгааг ойлгосон байх. Сонирхуулахад дээрхи “жүжиг”-ээс болж томоохон тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтуудыг нэг цагт, зэрэг явуулдаг болсон юм. 8. Перучууд “балбуулсан нь” (Аргентин – Перу 1978) Тухайн үед хэсгээсээ шалгарсан багууд дахин хэсэгт хуваарилагдаж өрсөлддөг дүрэмтэй байв. Чухам энэ шатанд л одоо өгүүлэх түүх өрнөсөн. Талбайн эзэн Аргентинчууд Копа Америка тэмцээнд дөнгөж түрүүлээд байсан Перуг 4 гоолын зөрүүтэй ялж байж дараагийн шатанд шалгарах болоод байжээ. “Цагаан-цэнхэрүүд” даалгавраа “давуулан биелүүлж” 6 : 0-ээр ялсан хэдий ч “Яагаад Перу шиг хүчтэй баг ийм олон гоолоор ялагдав, тохиролцсон юм биш үү” гээд олон асуултууд ар араасаа хөвөрч эхлэх нь тэр. Зарим нэгэн нь Перугийн хаалган дээр Аргентин гаралтай тоглогч зогссон нь хэргийн гол учиг гэж байсан бол зарим нь бууж өгсөн гэж байв. Энэ хэргийн учир одоо болтол тайлагдаагүй л байна. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний “найраа” орсон нь бол тодорхойлдоо. 7. Испани – Югослав 1982

Нутагтаа зохиосон 82 оны дэлхийн аваргад Испаничууд үнэхээр өрөвдмөөр үр дүнг үзүүлсэн. Тэд 5 тоглолтоос ердөө ганц ялалт авсанаас гадна оруулсан дөрвөн гоолынх нь хоёр нь эргэлзээтэй торгуулийн цохилт байсан юм. Хэрвээ шударгаар тэмцсэн бол тэд хэсгээсээ ч гарахгүй байх байсан. Шүүгч нарын “илт” дэмжлэгийн ачаар арай ядан тэнцэж байсан тэд  хэсгийн сүүлийн тоглолтонд Югославыг ялах аваас хэсгээсээ шалгарах болоод байв.

Шүүгч нар ч Испанийг ялуулахын тулд бололцоотой бүхнийг хийсэн гэж хэлж болно. Тухайлбал хаалганаас 2 метрийн зайтай гаргасан Югославын алдаанд торгуулийн цохилт заасан хачирхалтай шийдвэр нь дэлхийн аваргын түүхэнд нэгэн хар түүх болон үлдсэн юм. Испаний Уфарте торгуулийн цохилтыг алдахад бас л шүүгч тус болж дахиж цохиулж байж санаа нь амарч байсан байх юм. Ийнхүү Испаничууд 2 -1-ээр ялж дараагийн шатанд шалгарсан ч 1990 оны ДАШТ-д энэ хоёр баг дахин таарахад Драган Станкович хоёр гоол оруулж 8 жилийн өмнөх хонзонгоо тайлж байсан юм. 6. ЗХУ – Бельги 1986 86 оны дэлхийн аварга гэхээр хүн болгоны толгойд Аргентин-Английн тоглолт. Марадонагийн “бурхны гар” орж ирдэг байх. Гэхдээ үүнээс ч дутахааргүй маргаантай тоглолт шөвгийн 16-д ЗХУ-Бельгийн багуудын хооронд өрнөсөн юм. 120 минут үргэлжилсэн энэ тулаанд Зөвлөлтийн шигшээ илүү нь байж, олон аюултай довтолгоо зохион байгуулсан хэдий ч эцсийн дүнд 3 – 4-өөр ялагдсан ажээ. Эхний хагаст бүх зүйл ном журмын дагуу өрнөж 2 : 0-ээр ЗХУ ялж байсан боловч Бельгийн “Улаан чөтгөрүүд” отон тоглолтоос 2 дараалан гоолдож тоог тэнцүүлжээ. Хэдийгээр отон тоглолтыг анзааралгүй өнгөрөх нь хааяа байж болох ч эсрэг багийн хамгаалагчдаас 4 метрийн урд байгаа довтлогчийг харалгүй өнгөрнө гэдэг үнэхээр итгэмээргүй явдал. 5. Аргентин – Англи 1966 Зарим хүмүүс 1986 оны дэлхийн аваргаас хойш Англи – Аргентинчууд нэгнээ үзэхээ больсон гэж боддог байх. Гэхдээ үүнээс ч өмнө тэд хоорондоо өс зангидсан байсан бөгөөд 1966 оны Дэлхийн аваргад энэ хоёр баг оноолт таарч ширүүн “зодоон” хийсэн гэдэг. Аргентиний ахлагч Антонио Раттин талбайн шүүгчийг доромжилж улаан хуудсаар торгуулсан ч талбайгаас гарч өгсөнгүй. Эцэст нь цагдаар нар түүнийг хүчээр гаргахаас өөр аргагүй болсон бөгөөд үүний дараа тоглогчдийн хооронд маргаан өрнөж гар зөрүүлээд амжив. Эцэст нь Англичууд Жефф Херстийн гоолоор ялалт байгуулж чадсан бөгөөд тоглолтын дараа Английн менежер Сер Альф Рамсей “Тэд нар яг амьтад шиг аашилж байсан, уг нь хөлбөмбөг тоглох гэж л талбайд гарсан баймаарсан” гэжээ. Гэтэл тоглолтын турш Аргентин 19 алдаа гаргасан бол талбайн эзэд 33 удаа эсрэг багийнхнаа унагаасан байдаг. Хамгийн сонирхолтой нь талбайн шүүгч Испани хэл мэддэггүй атлаа, Раттиний юу гэж хараасныг ойлгосонд байгаа юм. 4. Баруун Герман – Аргентин 1990

90 оны финалыг дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн уйтгартай нь гэдэг.  Аргентинчууд финал хүртэлх замдаа олон хүнд тулаан хийсний дотор зохион байгуулагч орон Италийг буулгаж авсан тоглолт багтаж байлаа. Тиймдээ ч шигшээ тоглолтонд талбайн шүүгч бидний эсрэг ажилласан гэж мэтгэдэг.  Шүүгч эхлээд Педро Монзонд улаан карт өгч дэлхийн аваргын финалаас хөөгдсөн анхны тоглогч болгосон бол дараа нь нэмэлт цаг дуусахаас 5 минутын өмнө торгуулийн цохилтыг Германчуудад “бэлэглэж” Аргентиниий аваргаа хамгаалах хүслийг үгүй хийсэн юм. Мэдээж Андрес Бреме шийдвэрлэх цохилтыг алдалгүй гоол оруулж багаа ялалтад хөтөлсөн билээ.

3. Солонгос 2002 – Итали, Испани, Португалыг “уйлуулсан нь” Ази тивд зохиогдсон анхны дэлхийн аваргыг шүүгчдийн харалган шүүлт чамгүй будилуулсан. Хиддинкийн хөвгүүдийн замд хөндөлссөн Португал, Итали, Испаний багууд ээлж дараалан шүүгчдийн золиос болж харамсалтайгаар тэмцээнийг орхисон юм. Шөвгийн 16-д Итали – Солонгосын тоглолтыг шүүсэн Байрон Морено (Эквадор) тэмцээний дараа ФИФА-гаас томоохон шүүмжлэл хүлээсэн. Франческо Тоттиг шударга бусаар талбайгаас хөөж, Пануччигийн алдаа гэхээргүй үйлдлийг торгуулийн цохилтоор “шагнасан” гээд 90 минутын дотор Морено хангалттай “балайрсан” болохоор арга ч үгүй биз. Удаахь шатанд Испаний шигшээ Хангагчуудын золиос болж бас л маргаантай тоглолтын эцэст . тэмцээнийг орхиж байсан. Ялагдашгүй Армадагийн 100 хувийн хоёр гоолыг отон гэж үзсэн шүүгчийн шийдвэр тв-ийн бичлэг дээрээс алдаатай байсан нь нь нотлогдсон ч юу ч өөрчлөгдөөгүй. Солонгос шөвгийн 4-т шалгарч, Испани гэрийн зүг буцсан. Гэрийн нохойн сүүл өөдөө гэдгийг Солонгосчууд энэ тэмцээнд хангалттай харуулсан даа. 2. “Үл үзэгдэх гоол” Англи – Баруун Герман 1966

1966 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтын үндсэн цаг 2 : 2-ийн харьцаатай өндөрлөж нэмэлт цаг эхэлсэн байлаа. Тэмцээнийн турш Английн шигшээг аварч байсан Жефф Херстийн цохилт хаалганы хөндлөвчийг онон шугам дээр буусан ч шүүгч гоол оросон эсэхэд эргэлзэж байсан тул захын шүүгчээс асуув. ЗХУ-ын шүүгч Тофик Бахрамов гоол орсон гэдэгт итгэлтэй байсан тул энэ гоолыг тооцож Будант Албиончууд анх удаагаа Алтан дагиныг өөрийн болгож чадсан билээ. Хожим Бахрамов нас барахынхаа өмнө гоол ороогүй гэдгийг хүлээн зөвшөөрч, яагаад гэсэн асуултанд “Сталинград” гэж хариулсан гэдэг. Ийнхүү дэлхийн олон сая хүний амь насыг авч одсон дэлхийн 2-р дайн Англичуудад дэлхийн аваргыг авчирсан гэдэг нь ил болсон юм.

Тухайн үед Германчууд Бахрамвовыг Орос хүн учраас бидний эсрэг гэж байна гэж гомдол мэдүүлсэн ч ФИФА анхаарч үзээгүй юм. 1. “Бурхны гар” Аргентин – Англи 1986 Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн сайн мэддэг түүхийг дахиад дурьдах хэрэгтэй болох нь. 1982 онд Фолклендийн арлаас болж Аргентин – Английн хооронд цус урсгасан дайн болж олон хүний амь үрэгдэж байв. Аргентинчууд тэр тулаанд “салам нүдүүлж” байсан болохоор өшөөгөө ногоон талбай дээр авахыг тэсэн ядан хүлээж байсан нь ойлгомжтой. Дээрээс нь 66 онд зангидсан өс ч энэ тоглолтыг улам сонирхолтой болгож байв. Харин Диего Марадона ганцаараа эх орныхоо өмнөөс Английг буулгаж авсан гэхэд болно. Энэ тоглолтонд оруулсан түүний 2 гоол түүхэнд “Зууны гоол”, “бурхны гар” гэсэн нэрээрээ үлдсэн билээ.