Хэрэглэгчийн яриа:Purevsan.Ya

Page contents not supported in other languages.

Сайн байцгаана уу. Би wikipedia-тай танилцаад нилээд хэд хонож байна. Маш зөв зүйтэй мэдээллүүдийг оруулсан байна. Цаашид ч өргөжүүлж, үнэ бодит мэдээллүүдийг оруулсаар байна гэдэгт найдаж байна. Би банкны мэргэжилтэй. 20 жил ажилласан. Одоо нэг төсвийн байгууллагад ажиллаж байна. Миний өвөө уран сийлбэрч, зураач, аав зураач, хөгжимчин, ээж уран хатгамалч хүн байсан юм. Эдгээр хүмүүсийнхээ намтар, уран бүтээлээс оруулах гэсэн юм. Юаж оруулахаа мэддэггүй. Одоохондоо намтрыг нь энд оруулъя гэж бодож байна. Дараа мэддэг болохоороо байх газар нь оруулна. Та бүхэн туслаарай.

                       УРАН ЗУРААЧ ЖҮГДЭРЖАВЫН ЯДАМСҮРЭНГИЙН НАМТАР


Миний аав Ж.Ядамсүрэн нь 1926 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт малчин ард Самдангийн Жүгдэржавын ганц хүү болон төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр өсч, мал маллаж байгаад 1945 онд цэргийн албанд татагдан 1950 онд халагдаж ирээд Галт суманд багийн бичээч, багийн дарга, шинэ үсгийн багш зэрэг ажлыг хийж байсан. 1954 онд Зүрх багийн харъяат Жамъянгийн Дагийсүрэнтэй гэр бүл болон аймгийн төв Мөрөнд шилжин ирж суурьшсан. Багаасаа зураг зурах авъяастай байсан бөгөөд гэрээрээ уран бүтээлээ хийж байгаад тэр үеийн "Артель" буюу гар урлал, ахуйн эд зүйл хийдэг газар зураачаар ажилд орсон. Улмаар сумандаа зураг урлалын ажлаа хийж байгаад аймагт Урчуудын эвлэлийн салбар байгуулагдахад зураачаар ажилд орон уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Тэрээр 1960-1965 онуудад Урчуудын эвлэлийн салбарын даргын ажил, 1966-1981 онд зураач, ахлах зураачийн ажлыг хийж байсан бөгөөд 1981-1988 он хүртэл өвчний учир эмнэлгийн хяналтанд байгаад 1988 онд таалал төгссөн. Ажиллах хугацаандаа аймгийн бүх сумуудаар явж уран бүтээлээ хийж байсан бөгөөд Улаанбаатар хотод Урчуудын эвлэлийн хороонд үзэсгэлэнгээ гаргаж байсан ахмад зураач байсан. Урчуудын эвлэлийн салбарт ажиллах хугацаандаа зураач Д.Очирбат, Л.Цэнд-Аюуш, Ш.Цогхүү Ч.Ганхуяг, Төртогтох нарыг шавиа болгон халамжлан хүмүүжүүлж байжээ. Уран зураг зурахаас гадна лимбэ, хуучир, морин хуурыг сайн тоглодог /морин хуураа өөрөө хийдэг байсан/, уртын дуу дуулдаг хүн байсан бөгөөд тэр үеийн "Декат" буюу соёл урлагийн 10 хоногоор сумдаар болон аймгийн төвд аялан тоглолт хийдэг байсан юм. Мөн тэр үедээ сумын клубт морин хуур тоглон уртын дуу дуулах, лимбэ тоглодог гээдэн хэмээх Лхамсүрэнтэй хоршиж дуулж байсан гэдэг. Аав Ж.Ядамсүрэн нь ихэвчлэн байгалийн зураг, ан амьтан, буга согоо зэрэг судалбар зургуудыг бүтээдэг байсан бөгөөд тэр үеийн улс төрийн товчооны гишүүдийн хөргийг зурдаг байсан. УТТ-ны гишүүдийн зургийг батлагдсан зураач Ж.Ядамсүрэн, Л.Цэнд-Аюуш, Д.Очирбат нар зурдаг байжээ. Уран бүтээлээс нь дурьдвал "Нэгдлийн үхэр сүрэг", "Хилэнтийн перевоз", "Д.Нацагдорж", "Баруун эх", "Мод толгойн дөрөлж", "Дэлгэрхаан уул", "Эмч ирлээ", "Бүрэн хаан" зэрэг олон зуун уран бүтээл тууривсан юм. Эхнэр /миний ээж/ Ж.Дагийсүрэн нь "Артель"-д ажиллан уран хатгамал хийдэг байсан бөгөөд мөн фестивал болон аймгийн үзэсгэлэнгүүдэд оролцож шагналт байранд ордог байсан бөгөөд "Хатгалын ноосны үйлдвэр" хэмээх уран хатгамалаараа улсын уралдаанд оролцон шагналт байр эзэлж байжээ. Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Халх голын ялалтын ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан. Мөн Урчуудын эвлэлийн хорооны болон аймаг, орон нутгийн шагналуудаар удаа дараа шагнагдаж байсан бөгөөд "Нэгдлийн үхэр сүрэг" уран зургаараа Дэлхийн залуучууд оюутны их наадам угтсан уран зургийн уралдаанд оролцож 1-р байр эзлэн шагнагдаж байсан ба уг зураг нь одоо Уран зургийн галерейд хадгалагдаж байдаг.

ӨВӨӨ САМДАНГИЙН ЖҮГДЭРЖАВЫН ТОВЧ НАМТАР Миний өвөө С.Жүгдэржав нь 1900 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт малчин ард Самдангийн /Самданчарив гэдэг нэртэй байсан ба сүүлдээ Самдан болсон гэдэг/ хүү болон төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр өсч, мал маллаж байгаад багийн бичээч, багийн дарга, хуучин үсгийн багш /дүү Ванчинсүрэн нь шинэ үсгийн багш байсан/ зэрэг ажлыг хийж байсан. Зураг зурж, ихэвчлэн уран сийлбэр хийдэг байсан бөгөөд 1960-1963 онд тэр үеийн артелд сийлбэрчнээр ажиллаж байгаад 1965 онд нас эцэслэсэн. Мөн улс, аймгийн уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд одоо Уран зургийн галерейд "Буур", "Сарлагийн шар", "Монголын бух" сийлбэр нь хадгалагдаж байгаа. Мөн Мөрөн сумын төв цэцэрлэгт хүрээлэнд зураач Батаа, Ламжав нарын хамт хийсэн "Бухын мөргөлдөөн" баримал нь байдаг. Одоо отгон сийлбэр болох "Азарга" бүтээл нь ач хүү Я.Пүрэвсанд хадгалагдаж байна. Жич: Уран зураач Ж.Ядамсүрэн нь айлын ганц хүү бөгөөд өргөмөл дүү Ж.Дагийсүрэн нь Галт суманд амьдарч байгаа. Эхнэр, 11 хүүхэдтэй байсан бөгөөд өрөө 1988 онд, эхнэр Ж.Дагийсүрэн нь 1995 онд, ууган хүү Я.Гүррагчаа нь цэргийн албанд яваад 1976 онд, ууган охин УСНААК-д ажиллаж байгаад Я.Баясгалан нь 2000 онд, дунд хүү Я.Пүрэврагчаа нь Галт сумын Зүрх багт мал маллаж байгаад 2012 онд нас эцэслэсэн. Одоо том хүү Я.Бүдрагчаа нь Улаанбаатар хотод "Ээвийг химмел" ХХК-ний захирал, хүү Я.Дамдинрагчаа нь Эрдэнэт хотод УСНААК-д слесарь, хүү Я.Пүрэвсүрэн нь Мөрөн сумын ЗДТГ-т жижүүр, хүү Я.Пүрэвсан нь 4-р цэцэрлэгт нягтлан бодогч, охин Я.Баярсайхан нь "Туурайн тамга" ХХК-д, хүү Я.Пүрэвжаргал нь хувиараа, хүү Я.Пүрэв-Очир нь Галт сумын Зүрх багт мал маллаж, охин Я.Баянжаргал нь Хөвсгөл титаник ХХК-д тус тус ажиллаж, амьдарч байна.

НАМТАРЫГ БИЧСЭН: ХҮҮ Я.ПҮРЭВСАН

   2014.02.25 										Мөрөн

Аав Ж.Ядамсүрэн /морин хуур тоглож буй/

Аав Ж.Ядамсүрэн, ээж Ж.Дагийсүрэн, хүү Я.Гүррагчаа, Я.Бүдрагчаа. 1960 он


Аав Ж.Ядамсүрэн, өвөө С.Жүгдэржав /зүүн гар талаас/

  Хүү Я.Пүрэвсан

Ж.Ядамсүрэн "Нэгдлийн үхэр сүрэг". 1959 он. тосон будаг /Уран зургийн галерейд байгаа/


С.Жүгдэржав "Буур". 1961 он. сийлбэр /Уран зургийн галерейд байгаа/


С.Жүгдэржав. "Нуруу ачаа". 1961 он. сийлбэр /Уран зургийн галерейд байгаа/