Хэрэглэгч:KHORLOO SUKHE

     Поп рок хөгжмийн ноён оргил болсон домогт The Beatles дэлхий даяар тэрбум гаруй  бичлэг борлуулсан түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн ихээр нөлөө  үзүүлсэн хамтлаг юм.

The Beatles-ийн 15 цомог Британийн чартыг тэргүүлж, 30 сая гаруй сингл Их Британид зарагдсан амжилтаар бүх рок, поп хамтлагийн манлайд бичигддэг ажээ. Мөн Америкийн Хөгжмийн Үйлдвэрлэлийн Холбооны (RIAA) тэмдэглэснээр АНУ-д 178 сая хувь борлуулалтаараа тэргүүлсэн хамтлаг хэмээн өргөмжлөгджээ. 2004 онд Роллинг Стоун сэтгүүл "Бүх цаг үеийн шилдэг уран бүтээлч" жагсаалтын эхний байранд The Beatles хамтлагийг нэрлэсэн бол 2008 онд Биллбоардын “Бүх цаг үеийн Топ-100" жагсаалтыг мөн тэргүүлжээ. 2015 оны байдлаар Топ-100 чартад тэд хамгийн их буюу 20 удаа уран бүтээл нь хит болсон дээд амжилтыг эзэмшиж байна. Алдарт “Time” сэтгүүлээс эрхлэн гаргадаг ХХ зууны хамгийн их нөлөө бүхий 100 хүмүүсийн жагсаалтанд хамтлагийн дөрвөн гишүүд багтжээ. The Beatles 10 удаа Грэммийн шагнал, 15 удаа Ivor Novello Awards шагналыг тус тус хүртсэн байна. Мөн 2014 онд тэдэнд Грэммийн “Насан туршын амжилт” шагналыг олгосон билээ. The Beatles хамтлагийг 1988 онд Рок-н-Роллын Алдрын Танхимд мөнхөлсөн юм. 1990 оны 4-р сард Олон улсын одон орон судлалын холбооноос шинээр нээгдсэн дөрвөн тэнгэрийн эрхсийг хүн төрөлхтний хайр энэрэл, хамтын нөхөрлөл, энхтайван, эрх чөлөөнд уриалан дуудсан The Beatles хамтлагийн гишүүдийн нэрээр нэрлэхээр шийдсэн билээ.


      Английн домогт хамтлаг The Beatles анх 1960 онд Ливерпүүлд байгуулагджээ. Жон Леннон (ритм гитар, дуучин), Пол Маккартни (басс гитар, дуучин), Жорж Харрисон (гоцлол гитар, дуучин)  болон Ринго Старр (бөмбөр, дуучин) нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг рок  үеийн хамгийн агуу түүхийг цогцлоосон юм.

1950 -иад оны рок-н-ролл ба скиффл, бит хэв маягт суурилсан Битлз хамтлаг поп, балладаас авахуулаад Энэтхэг аялгуу, хүнд рок зэрэг өргөн хүрээтэй хөгжмийн олон урсгалаар уран бүтээлээ туурвисан юм. Анх Жон Леннон, Пол Маккартни нар 1957 онд Quarrymen хамтлагт хамт тоглож эхлэв. Удалгүй Жорж Харрисон элсэн орсоноор Битлз хамтлагийн эх суурь тавигдсан билээ. Тэд The Beatles нэртэй болохоос өмнө Johnny and the Moondogs, The Silver Beatles зэрэг хэд хэдэн удаа хамтлагийнхаа нэрийг сольж байв. Тэр үед Рингог нэгдэхээс өмнө Стюарт Сатклифф (басс гитар), Пит Бест (бөмбөр) нар хамтлагт тоглож байлаа. The Beatles хамтлаг 1960 оноос эхлэн гурван жилийн хугацаанд Английн Ливерпүүл болон Германы Хамбург хотын клубүүдэд Америкийн рок-н-ролл дуунуудаас гадна Леннон, Маккартни нарын хамтын уран бүтээлээс тоглож байсан юм. Менежер Брайэн Эпстайн тэднийг мэргэжлийн хувьд чиглүүлж, продюссер Жорж Мартин хөгжмийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч иржээ. Тэдний 1962 онд гаргасан "Love Me Do" сингл Их Британий чартад байр эзэлж, мөн 1963 онд She Loves You дуу нь Их Британий түүхэн дэх хамгийн том хит болсны дараа Англи болон Европын улс орнуудад Битломанийн давалгаа гараагаа эхлэв. I Want to Hold Your Hand дуу Америкийн чартыг тэргүүлснээр 1964 оны эхээр The Beatles АНУ-д анхны айлчлан тоглолтоо хийжээ. Тэдний аялан тоглолт асар их амжилтыг дагуулж, The Beatles АНУ-д олон түмнийг байлдан дагуулсан анхны Британий хамтлаг болсон юм. 1964 оны 2-р сарын 9-нд Эд Салливаны шоунд оролцож тоглолтоо толилуулахад телевизээр 73 сая үзэгчид буюу Америкийн нийт иргэдийн 34 хувь нь үзэж сонирхсон байна. Ийнхүү Битломанийн хөдөлгөөн дэлхий даяар тархсан билээ. Эд Салливаны шоунд оролцсоны дараа тэд өөрсдийн анхны кино болох “A Hard Day's Night” (1964) киноны зураг авалт болон дэлхийн улс орнуудаар хийх анхны аялан тоглолтондоо бэлтгэхээр Британийн Лондон хотод буцаж ирэв. Тэдний тоглосон залуу насны хошин инээдэм, цог золбоог харуулсан “A Hard Day's Night” (1964), “Help!”(1965) кинонууд амжилттай болж, мөн 1964 онд Can't Buy Me Love, Twist and Shout, She Loves You, I Want to Hold Your Hand, Please Please Me дуунууд Биллбоардын эхний таван байрыг дараалан эзэлжээ. The Beatles хамтлаг Скандинавын орнуудаас гадна Гонконг, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудаар айлчлан тоглов. 1965 оны 6-р сард Английн Хатан хаан II Элизабет The Beatles хамтлагийн гишүүдийг уран бүтээлээрээ их хэмжээний импортын орлого татан оруулсаны төлөө “Британийн эзэнт гүрний хүндэт гишүүн” одонгоор шагнасан юм. 1965 оны 6-р сарын сүүлээс 7-р сарын эхэн хүртэл Францын Парис, Италийн Милан, Ром болон Испанийн Мадрид, Барселон зэрэг Европын хотуудаар айлчлан тоглолт хийгээд 8-р сард дахин АНУ, Канадын арваад том хотуудын цэнгэлдэх хүрээлэн, паркт тоглолтоо хийсэн байна. 1965 оны 8-р сарын 23 нд хамтлагийн дөрвөл Нью-Йоркийн “Шеа” цэнгэлдэх хүрээлэнд 55,600 шүтэн бишрэгч, үзэгчдийнхээ өмнө түүхэн дэх рок хамтлагийн хамгийн том тоглолт хийж дээд амжилт тогтоож байлаа. 1965 оноос эхлэн The Beatles хамтлагийн залуус дуу бичлэгийн студид ажиллаж, “Rubber Soul” (1965), “Revolver” (1966) зэрэг хөгжмийн ертөнцөд асар их нөлөө үзүүлсэн цомогуудаа гаргав. 1966 оны 6-р сард Германы Мюнхен, Эссен, Хамбург, Японы Токио, Филлипиний Манила хотуудаар айлчлан тоглолтоо хийв. Битломанийн хөдөлгөөн улам бүр хүчээ авснаас үймээн дэгдэж, хамтлаг Филиппинийн ерөнхийлөгчийн гэр бүлтэй тэрсэлдсэн хэрэгт буруутгагдан, мөн Ленноны "Бид одоо Есүсээс ч илүү алдартай" гэж хэлсэн шууд утга агуулаагүй тайлбар үгнээс болоод АНУ-д Христ итгэгчдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, пянзнуудыг нь галдан шатааж, тоглолтыг нь цуцлахаар шаардаж, хамтлагийн гишүүдийн амь насанд заналхийлэх боллоо. Ингээд The Beatles хамгийн сүүлд, 1966 оны 8-р сарын 29 нд АНУ-ын Сан Франциско хотын Кэндлстик паркад тоглолтоо хийсний дараа цаашид аялан тоглолтоо бүрмөсөн зогсоосон юм Удаан завсарласны эцэст хамтлагийн гишүүд хөгжмийн зэмсгүүдийн содон чамин дуугаралтаар хөгжмийн илэрхийллийг өргөжүүлэх, дуугаа улам зохиомж сайтай болгохын тулд мансууруулах бодисын нөлөө орсон гэж үздэг далд утга агуулгатай, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлсэн уран бүтээлүүдээ авчирч, хальсанд буулгахаар бичлэгийн студид эргэж ирсэн ажээ. Тэдний "Penny Lane Forever / Strawberry Fields" сингл нарсны дараа хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу рок төсөл болсон “Sgt. Peppers Lonely Hearts Club Band” (1967) түүвэр цомог нь гарчээ. 1967 оны 8-р сарын 27 нд The Beatles -ийн агуу менежер Брайэн Эпстайн нойрны эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас зуурдаар нас нөхцөж, хамтлаг томоохон цохилт амслаа. Намар нь тэд Пол Маккартнийн удирдлаган дор “Magical Mystery Tour” киноны зураг авалтыг хийсэн боловч бэлтгэлгүй хийсэн тус кино амжилт дагуулсангүй, тэдний уран бүтээл анх удаагаа шүүмжлэлд өртөв. The Beatles хамтлагийн дөрвөл 1968 оны эхээр хоёр сарын хугацаанд йогийн багш Махаришийн бясалгалын дамжаанд суралцахаар Энэтхэг явжээ. Мөн хамтлагийн санхүүгийн байдалд асуудал тулгарч, тэд Apple Corps компанийн буруу менежментээс болоод ихээхэн хохирол амссан юм. Тухайн оны 7-р сард Yellow Submarine киноны нээлтийн үеэр тэднийг сүүлийн удаа дахин асар олон хүн бүчин авч, бэрхшээл үүсгэж байлаа. 1968 оны 11-р сард гарсан “The Beatles” (Цагаан цомог гэж алдаршсан) цомогт анх удаа тэдний хамтын хөдөлмөрөөр бүтээгүй, тус бүрийн бие даасан уран бүтээлүүд бичигдэн гарч, хамтлаг тарахын баримт дохио болж үлджээ. Энэ үед Йоко Онотой хийж байсан Ленноны уран бүтээлийн хамтын ажиллагаа саад учруулах болж, хамтлагийн дотоод хүрээнд зөрчил ноцтой хурцдаж эхэлжээ. Удалгүй 1969 оны 9-р сард Жон Леннон “Abbey Road” цомгийн бичлэг дууссаны дараа Битлз хамтлагийг орхив. Гэвч хамтлаг тарсан талаархи мэдээ “Let It Be” (1969) цомог гарахаас сарын өмнө буюу 1970 оны 4-р сард Пол Маккартни зарлах хүртэл олон нийтэд ил болсонгүй. Ийнхүү домогт Битлз хамтлаг оршин тогтнохоо больсны дараа хамтлагийн гишүүд тус бүрдээ өөрсдийн хөгжмийн замналаа цаашид амжилттай үргэлжлүүлсэн билээ. юм. 1980 оны 12-р сард Жон Леннон буудуулан эмгэнэлтэйгээр амь насаа алдаж, Жорж Харрисон 2001 оны 11-р сард уушигны хорт хавдраар насан өөд болсон бөгөөд Пол Маккартни болон Ринго Старр нар өнөө хэр гайхамшигт уран бүтээлээ туурвисаар байна.