Jump to content

Хүдрийн биетийн хэлбэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хүдрийн биетийн хэлбэр
Ашигт малтмалын хүдрийн биет бүхэн нь тодорхой орон зай дотор үндсэн гурван хэмжигдэхүүнтэй оршиж байдаг. Тэдгээр хэмжигдэхүүний хоорондын харьцаанаас шалтгаалж хүдрийн биет янз бүрийн хэлбэр дүрстэй тохиолдоно.
Хүдрийн биетийг ерөнхий хэлбэрээр нь изометрлэг, баганлаг, хавтанлаг гэж гурван бүлэг болгон ангилдаг.
Изометрлэг хэлбэрийн биетийн үндсэн гурван хэмжигдэхүүн нь өөр хоорондоо ерөнхийдөө ойролцоо тэнцүү байх ба түүнд шток, штокверк, үүр хэлбэрийн биетүүд хамрагдана. Тийм биетийн хэлбэр, хэмжээг тодорхойлогч гол элемент нь түүний хөндлөн зүсэлт юм.


Цул ба бараг цул хүдрийн изометрлэг хэлбэрийн томоохон биетийг шток гэнэ. Тийм биет зонхилж мезотермал гаралтай зарим металлын ба тунамал гаралтай чулуун давсны ордод тохиолдоно.
Штокверк гэдэг нь хүдрийн нарийн судлууд ба шигтгээнүүдээр нэвчигдсэн хувирсан чулуулгийн изометрлэг хэлбэртэй биет юм. Тийм биет зонхилж гидротермал үүсэлтэй зэс, зэс-молибден, молибден, цагаан тугалганы ордуудад ажиглагдана.
Харьцангуй бага хэмжээний изометрлэг хэлбэртэй хүдрийн бөөгнөрлийг үүр гэж нэрлэдэг. Үүр хэлбэрийн биет нь гол төлөв алт, цайр, хартугалга, хром, мөнгөн-усны ордуудад тохиолддог.
Хавтанлаг хэлбэрийн биет нь хоёр чиглэлдээ их урт, нэг чиглэлдээ бага хэмжээтэй байдаг ба түүнд судал, давхарга, давхраас, давхарга маягийн биетүүд хамрагдана.
Давхраас нь гол төлөв тунамал үүсэлтэй ордод тохиолдох бөгөөд түүний урт, өргөн нь хэдэн зуун метрээс хэдэн километр,зузаан нь хэдэн сантиметрээс хэдэн метр хүртэл хэмжээтэй байна.
Давхарга ба давхарга маягийн биет нь тунамал, гидротермал-тунамал үүсэлтэй ордод зонхилон ажиглагдана.Эдгээр биетүүд нь энгийн ба нийлмэл тогтоцтой гэж ялгагдана. Нийлмэл тогтоцтой давхраас нь нүүрс ба хоосон чулуулгийн салаавчилсан үеүдээс тогтдог. Өөрөөр хэлбэл хэд хэдэн давхраасаас бүрдэнэ. Тийм биетийн геологийн нөхцөл байдал, хэмжээг тодорхойлогч үндсэн элемент нь түүний уналын ба суналын дагуух урт, зузаан юм.
Судал нь агуулагч чулуулгууд үүсэн тогтсоноос хойш тэдгээрийн ан цавыг дүүргэх маягаар үүсч бий болох ба суналынхаа дагуу хэдэн арван метрээс хэдэн километр хүртэл үргэлжлэх боловч зузаан нь хэдхэн метр хэмжээтэй байна.
Судлыг энгийн ба нийлмэл тогтоцтой гэж ялгадаг.
Энгийн судал нь ганц нэг ан цавыг дүүргэж тогтсон байхад нийлмэл судал нь олон салбарласан ан цав, бутралын бүсийг дүүргэж тогтсон салбарласан бүтэцтэй байна. Нийлмэл судлууд бүхий бүсийг судлын буюу эрдэсжилтийн бүс гэж нэрлэдэг. Судлыг хэлбэрээр нь энгийн , шаталсан , бүүрэг, ээрүүл, нийлмэл гэх мэтчилэн ангилна.
Шаталсан судал нь гүний дэл судлын биетийг хөндлөн чиглэлийн дагуу зүсч гарсан хагаралп, ан цавыг дүүргэх маягаар үүсдэг.
Бүүрэг хэлбэрийн судал нь атирааны нугасны хэсэгт ашигт эрдсүүд бөөгнөрсний үр дүнд үүснэ.
Өд маягийн судал нь солбил, шилжлийн төрлийн гол хагарал ба түүнээс салбарласан ан цавуудыг дүүргэж үүснэ.
Судал хэлбэрийн биет нь гидротермал үүсэлтэй ордуудад түгээмэл шинжтэй байдаг. Агуулагч чулуулагтай хиллэж байгаа судлын заагийн гадаргыг судлын хажуу (зальбанд)гэж нэрлэдэг.
Судлын хажуу орчмын агуулагч чулуулаг нь хувирч заримдаа эрдэсжсэн байдаг. Түүнийг судал орчмын хувирлын бүс гэнэ. Үндсэн судлаас салбарласан жижиг судлуудыг салбарц (апофиз) гэж нэрлэдэг. Судлын хэмжээнд ашигт эрдэс жигд бус тархалттай байдаг учраас заримдаа дан хүдрийн эрдсээс тогтсон хэсгүүд байх нь олонтой. Тийм хэсгийг геологчид хүдрийн багана гэж нэрлэж заншжээ. Судлын байрлалын нөхцөл, хэмжээг тодорхойлогч геологийн үндсэн элемент нь судлын суналын чиглэл ба суналын дагуух урт, уналын чиглэл, өнцөг, урт болон түүний зузаан юм.
Судлын урт нь хэдэн метрээс хэдэн арван километрийн хооронд хэлбэзэнэ. Судал ба давхарга нь босоо , налуу уналтай байдаг. Мэшил, мэшил маягийн хэлбэртэй биет нь изометрлэг, дугуй, мэшил хэлбэртэй байна. Энэ төрлийн биетэд яндан, хоолой, хоолой маягийн биетүүд хамрагдана. Биетүүдийн байрлал, хэлбэр нь биетийн шургалтын өнцөг, урт ба хөндлөн зүсэлтээр тодорхойлогдоно. Баганлаг биетийн шургалтын өнцөг нь биетийн гол тэнхлэг ба хэвтээ хавтгай хоорондын өнцөгтэй тэнцүү байдаг бөгөөд тэр нь 0-90 градусын хооронд хэлбэлзэнэ.
Дээрхи хэлбэрийн хүдрийн биетүүдээс гадна маш нийлмэл хэлбэртэй хүдрийн биет тохиолддог. Тухайлбал магмын үүсэлтэй ГХШЭ-н эрдэсжилттэй карбонатит нь шток ба түүнээс цацарсан янз бүрийн чиглэлтэй судал, мэшил болон нуман хэлбэрийн биетүүдийг үүсгэсэн байх нь цөөнгүй.
Хүдрийн биет ба агуулагч чулуулгийн байрлалын элементийг мэдснээр хүдрийн биетийн орон зай дахь чиглэлийг тодорхойлох боломжтой.
Хүдрийн биетийн байрлалыг тодорхойлогч сунал, унал, шургалт зэргийг биетийн байрлалын элемент гэдэг.
Хүдрийн биетийн төгсгөл нь унал, суналынхаа чиглэлд мохоо, ердийн эсвэл маш нийлмэл ээдрээтэй байж болно.
Ердийн төгсгөлтэй хүдрийн биетийн зузаан нь аажмаар багассаар шаантаг хэлбэрээр дуусдаг атал мохоо төгсгөлийн үед тэр нь гэнэт тасарч үгүй болно.
Ээдрээтэй шувтрагатай хүдрийн биет олон салаалсан шаантаг хэлбэрийн биетүүдээр төгсөх ба тийм шувтрага нь пегматитийн ордод элбэг үзэгдэхээс гадна магмын дараахи үеийн ордуудад ч тохиолдоно. Хүдрийн биетийн байрлалын элементийг геологийн луужингийн тусламжтайгаар тодорхойлдог.