Jump to content

Хүний наймаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хүний наймаа (англи. Human trafficking) - хүнийг худалдан авах, худалдан өгөх, түүнтэй холбоотой хууль бусаар хил нэвтрүүлэх, хүн хулгайлах, залилан мэхлэх замаар тэдгээр хүмүүсийг тээвэрлэх, шилжүүлэх, нуух, орогнуулах зэрэг нь эрүүгийн хүнд гэмт хэрэг юм. Хүн худалдаалах гэмт хэрэг буюу хүний наймаа гэж хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, биеийг нь үнэлүүлэх, эрхтнийг нь худалдах зэрэг зорилгоор буюу ерөнхийдөө эдийн засгийн хувьд ашиг олох зорилгоор бусдыг хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар дотоодод эсвэл гадаад улс орнуудад аваачин хууль бусаар худалдаалахыг хэлнэ.

Товчоор хүний наймаа нь хүний бие махбодийн болон ёс суртахууны мөлжлөгийг хамарсан аливаа үйл ажиллагааг хэлнэ.

Нөхцөл байдал[засварлах | кодоор засварлах]

Олон улсын холбогдох байгууллагаас гаргасан статистик мэдээнд дурдсанаар, дэлхийн хэмжээнд жилд дунджаар 1 сая орчим хүн хүний наймааны золиос болдог бөгөөд тэдний 80 орчим хувь нь охид эмэгтэйчүүд, 50 хувь нь хүүхдүүд байна.  Арга залинд хууртагдах нь амархан, биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүний наймаачид томчуудаас илүүтэйгээр хүүхэд багачуудыг “онилдог” аж.

Хүний наймааны хохирогчид сэтгэл санаа болоод бие махбодын асар их хохирол амсаж байхад хүний наймаачид жилд ойролцоогоор 150 тэрбум ам.долларын ашиг хонжоо олдог байна.

Хүний наймааны хохирогч болсон хүүхдүүдийн тоо жилд дунджаар 20-27 хувиар нэмэгдэж байна. Хүний наймааны золиос болсон 3 хүүхэд тутмын 2 нь эмэгтэй хүүхэд байна.

Хүний наймаанд өртөгсдийнхөө тоогоор Африк тив нэгдүгээрт, Ази-Номхон далайн бүс нутаг хоёрдугаарт бичигдэж байгаа бол Европ гуравдугаарт бичигдэж байна. Хүний наймааг олон улсын конвенцид хүний эрхийг зөрчиж байна гэж буруушаадаг ч дэлхийн хэмжээнд хууль эрх зүйн хамгаалалт харилцан адилгүй байдаг. Энэхүү практик нь дэлхий даяар олон сая хохирогчтой байдаг.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь дэлхийд мансууруулах бодисын наймаа болон галт зэвсгийн хууль бус худалдааны дараа буюу гуравдугаарт ордог байна.

Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх аргууд[засварлах | кодоор засварлах]

  1. Мэдээ, мэдээлийг бодит эсэхийг сайтар нягтлан шалгах (Тухайн байгууллага бодитоор байдаг эсэхийг олон сувагаар шалгах)
  2. Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр өгсөн зараар хүнтэй аль болох уулзахгүй байх.
  3. Гэр бүлийн хүмүүс, найз нөхөдтэй зөвлөлдөх.
  4. Гадаад хэлний мэдлэгтэй байх.
  5. Өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспортыг мэдээллийг бусдад өгөхгүй байх.
  6. Урьдчилан гэрээ хэлцэл байгуулж баталгаажуулах.
  7. Хүнээс далд уулзалт зохион байгулахгүй байх зэрэг юм.