Jump to content

Хүн амын шилжих хөдөлгөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хүн амын шилжилт хөдөлгөөн гэдэг бол хүмүүс зохистой аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршлын хувьд орлогын эх үүсвэр болсон обьектоо солих, эсвэл социал буюу оюун санааны хэрэгцээгээ хангах үүднээс нийгмийн орчноо цаг хугацааны сонголттойгоор солих үйл явц юм.

Хүн амын шилжилт хөдөлгөөнийг дотоодын болон олон улсын гэж ангилж болох бөгөөд олон улсын шилжилт хөдөлгөөнийг Олон улсын эрх зүйн эх сурвалжуудад тодорхойлохдоо "хууль ёсны шилжилт хөдөлгөөн" (lawful/legal migration) болон "хэвийн бус шилжилт хөдөлгөөн" (irregular migration) гэсэн үндсэн хоёр ангилалд хувааcан байна. Хэвийн бус шилжилт хөдөлгөөн гэдэг нь гадаадын иргэн эсвэл харьяалалгүй хүн тухайн улсын хууль тогтоомжийг ямар нэгэн шалтгаанаар зөрчин улсын хилээр нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх үйлдэл юм.

Олон улсын конвенцын хүрээнд Хүний эрхийн суурь зарчмуудыг баримтлан "хууль бус шилжигч" (illegal migrant) гэх нэр томьёог хэрэглэхээс зайлсхийж, оронд нь "хэвийн бус шилжигч" (irregular migrant) эсвэл "баримт бичиггүй шилжигч" (undocumented migrant) гэх нэр томьёог ашиглахыг зөвлөдөг. Учир нь "хууль бус" (illegal) гэх ойлголтыг хүнтэй холбох нь зохисгүй гэж үздэг. Хүн өөрөө хууль бус байх боломжгүй бөгөөд зөвхөн түүний үйлдэл нь тухайн улсын хуулийн хүрээнд зөрчилтэй байж болно хэмээн тайлбарладаг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оны Аюулгүй, эмх цэгцтэй, зөрчилгүй шилжилт хөдөлгөөний тухай дэлхийн компакт гэрээ (Global Compact for Safe, Orderly and Regular Migration)-нд “хууль бус шилжигч гэх ойлголтоос татгалзаж, үүний оронд хэвийн бус нөхцөл байдалтай шилжигч (migrants in an irregular situation) гэх нэр томьёог хэрэглэх”-ийг зөвлөсөн байдаг.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар (OHCHR) зэрэг байгууллагууд “хууль бус (Illegal)” гэх нэр томьёог хэрэглэхийн оронд “хэвийн бус (irregular)” гэсэн ойлголтыг хэрэглэдэг бол Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) зэрэг байгууллагууд нь "баримт бичиггүй шилжигч" (undocumented migrant) гэх нэр томьёог ашиглаж байна.

Дээр дурдсан олон улсын байгууллагуудын зөвлөмж нь хүний эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримталж, цагаачлалын талаар илүү зөв ойлголтыг түгээхэд чиглэгддэг. "Хэвийн бус шилжигч" (irregular migrant) гэх ойлголт нь зөвхөн хууль бусаар хил нэвтрэхээс гадна, тухайн хүний оршин суух статустай холбоотой олон нөхцөл байдлыг хамарч, илүү өргөн хүрээтэй ойлголт болохыг харуулж байна.

Тухайлбал:

  • Тухайн улсын хилээр хууль, журмын дагуу нэвтэрсэн боловч оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, сунгалт хийх боломжгүй болсон;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажил, хөдөлмөр эрхэлсэн;
  • Оршин сууж буй улсын хууль тогтоомжийн өөрчлөлт нь цагаачлалын бодлого, эрх зүйн зохицуулалтад нөлөөлж, өмнө нь хууль ёсны байсан оршин суугчдын статусаа алдахад хүрсэн;
  • Бичиг баримтаа алдах, бүрдүүлэлттэй холбоотой алдаа гаргах зэрэг шалтгааныг харгалзаж байна.