Jump to content

Хөдөлмөрийн зах зээл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөдөлмөрийн зах зээл (англи. Labour economics, буюу labor economics)- бол хөдөлмөрийн хөлсөөр ажиллах хүчийг (бараа мэт) худалдан авах онцлогтой эдийн засгийн цогц харилцаа юм. Ажилчид нь нийгэм, улс төрийн тогтолцооны нэг хэсэг байдаг тул хөдөлмөрийн зах зээл нь нийгэм, соёл, улс төрийн өөрчлөлтийг мөн харгалзан үзэх ёстой юм.

Хөдөлмөрийн зах зээл нь эрэлт (ажилчид), нийлүүлэлтийн (ажил олгогч) хоёрын харилцааг тодорхой заасан хугацаанд зохицуулах үйл ажиллагаа юм.

Хөдөлмөрийн зах зээлийн үүрэг

[засварлах | кодоор засварлах]

1. Ажиллах хүчийг бэлтгэх - нийгмийн эрэлт, захиалагчдын хүсэлтийг үндэслэн шаардлагатай ажил мэргэжлийн хүнийг олох, бэлтгэх, давтан сургах явдал юм. Гэхдээ хөдөлмөрийн нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгож байдаг.

2. Орлогын боломжийг бий болгох - олон хүний хувьд хөдөлмөрийн харилцаа нь орлогын цорын ганц эх сурвалж, аж төрөх баталгаагаа хангах ганцхан боломж юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээл нь олон хүний амь зуух явдлыг шийдэж байдаг.

3. Хөдөлмөрийн нийлүүлэлт ба хөдөлмөрийн эрэлтийг зохицуулах - хөдөлмөрийн зах зээл дээрх мэдээллийн болон зохицуулалтын боломжийг сайжруулахын тулд тодорхой байгууллага, зэмсэг, хэрэгслийг ашигладаг. Үүнд: - төрийн хөдөлмөрийн албад нь хөдөлмөрлөх боломж, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн талаар үнэ төлбөргүй мэдээлж байдаг, - мэргэжлийн хөдөлмөрийн бирж, - цагаар ажиллах газар, - мэргэжлийн болон аж ахуйн холбоодын мэдээлэл, - ажил хайх, ажил олгох тухай сонин сэтгүүлийн мэдээлэл, - үйлдвэрийн газрын дотоодод ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах гэх мэтээр хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулдаг.

Ажил эрхлэлт - хөдөлмөрийн чадвартай хүн ам ба ажил эрхлэгчдийн тоо хэмжээний хоорондын харьцаа, нийгмийн хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл дээрх байдлыг харуулна. Үүнээс гадна бүрэн ажил эрхлэлтийн тухай ярьдаг. Аль ч нийгэмд ажлын чадвартай бүх хүн ажлаар бүрэн хангагдаж байдаггүй. Тийм боломж ч байдаггүй. Харин нийт хүн амын бага хэсэг ажилгүй буюу ажилгүйдлийн ердийн түвшин байх нь жирийн, жам ёсны үзэгдэл байдаг ажээ. Судлаачид болон дэлхийн хөдөлмөрийн байгууллагын үзэж байгаагаар ажилгүйдлийн түвшин 1-3 хувь байх нь хэвийн, 5-6 хувь байвал ердийн, 7-аас дээш хувь байвал хэт ажилгүйдэлтэй гэж үздэг. Ажилгүйдэл ердийн түвшинд байхыг бүрэн ажил эрхлэлт гэдэг.

Хөдөлмөрийн зах зээлийн макро ба микро судлал

[засварлах | кодоор засварлах]

Хөдөлмөрийн эдийн засгийг ерөнхийд нь микро эдийн засаг болон макро эдийн засгийн аргаар судалдаг. Микро эдийн засгийн техникүүд нь хөдөлмөрийн зах зээл дэх хувь хүн болон хувь хүн пүүсүүдийн гүйцэтгэх үүргийг судалдаг. Макро эдийн засгийн аргууд нь хөдөлмөрийн зах зээл, барааны зах зээл, мөнгөний зах зээл, гадаад худалдааны зах зээлийн харилцан хамаарлыг хардаг. Эдгээр харилцан үйлчлэл нь ажил эрхлэлтийн түвшин, оролцооны түвшин, нийт орлого, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг макро хувьсагчдад хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.