Хөдөлмөрийн нам (Умард Солонгос)
Солонгосын Хөдөлмөрийн нам (товч. СХН, солонгос. 조선로동당?, 朝鮮勞動黨?: Joseon Rodongdang) — Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсан цагаас хойш эрх барьж байгаа улс төрийн нам. 1949-1994 онд Ким Ду Бон, Ким Ил Сон, 1994-2011 онд Ким Чен Ир нар удирдаж байсан. 2012 оноос хойш намыг Ким Жон Ун тэргүүлж байна. СХН-ын үзэл суртал "Чуче" үзэл санаан дээр суурилдаг.
Солонгосын Хөдөлмөрийн намыг 1945 оны 10-р сарын 10-нд байгуулагдсан гэж үздэг. Энэ өдөр Солонгосын коммунистууд Солонгосын Коммунист намыг дахин сэргээн байгуулсан байна. Энэ өдөр Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсан БНАСАУ-ын үндэсний баярын өдөр юм.
Намын сүлд
[засварлах | кодоор засварлах]Намын сүлд нь хадуур, алх, бийр гурвын бариулын огтолцол бөгөөд Хойд Солонгосын нийгмийн анги доторх бүтээлч бүлгүүд болох тариачид, ажилчид, сэхээтнүүдийн эв нэгдлийг илэрхийлдэг байна.
Ким Ир Сений зөвлөснөөр дэлхийн ажилчин намуудын дунд уламжлал болсон алх, хадуур дээр сэхээтний төлөөлөл болгож бийр нэмж оруулсан байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1946 оны 7-р сарын 29-нд Шинэ Ардын Нам, Умард Солонгосын Коммунист намын хамтарсан бүгд хурлаар хоёр нам нэгдэж буй тухай албан ёсоор зарлаж, холбогдох мэдэгдлийг батласан байна. Дараа сарын турш аймаг, дүүрэг, хотын намын байгууллагуудыг нэгтгэх ажлыг хийж дуусжээ. 1946 оны 8-р сарын 28-аас 30-ны хооронд Умард Солонгосын Хөдөлмөрийн Нам (УСХН)-ын Анхдугаар Их хурал Пёньянд болов. Намын даргаар Ким Ду Бон сонгогдож 170 мянган гишүүнтэй байжээ. 1947 оны 1-р сарын 1-нд тус нам 562 мянган гишүүнтэй болж намын гишүүдийн тоо хурдацтай нэмэгдэж 1948 оны 7-р сарын 1-нд 738,913 гишүүнтэй болсон байна. 1948 оны 3-р сарын 27-30-ны өдрүүдэд Пёньян хотод Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын II Их хурал болсон байна.
1946 оны 11-р сарын 23-нд Өмнөд Солонгосын Коммунист болон Шинэ Ардын Нам (1946 оны 3-р сарын 1-нд Сөүл хотод байгуулсан) нэгдэж Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн нам (남조선로동당) (ӨСХН) байгуулагдсан. Пак Хонг Ён намын дарга болсон байна. Тус нам хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан ч Өмнөд Солонгос даяар салбар үүрийн сүлжээ байгуулж чадсан байна. Намын гишүүдийн тоо 360 мянгад хүрчээ.
Америкийн цэргийн эрх баригчид 1946 оны 9-р сарын 7-нд уг намын удирдагчдыг баривчлах тушаал буулгасаны дараа намын удирдлагын ихэнх хэсэг 1946-1947 онд Умард руу нүүжээ.
1949 онд Хойд болон Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн намууд нэгдэж шинээр байгуулагдсан Солонгосын Хөдөлмөрийн намын даргаар Ким Ир Сен болсон түүхтэй юм.
1950-1953 оны Солонгосын дайны үеэр Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн намын байгууллагууд үгүй болж, үйл ажиллагаагаа зогсоосон. Умард Солонгост Пан Хак Се тэргүүтэй төрийн аюулгүй байдлынхан нам дотроо хатуу цэвэрлэгээ хийж, өрсөлдөгч фракцуудыг устгаж, Ким Ир Сений бүрэн дарангуйлал тогтсон байна.
1956 оны 4-р сарын 23-29-ний хооронд болсон СХН-ын III их хурал социализмын үндэс суурийг бий болгох, хөдөө аж ахуйн хамтралын үйл ажиллагааг дуусгах, хувийн аж үйлдвэр, худалдаанд социалист болгох өөрчлөлтийг хийх намын чиглэлийг баталсан.
СХН-ын IV их хурал 1961 оны 9-р сарын 4-нөөс 11-ний хооронд болж БНАСАУ-ын үндэсний эдийн засгийг хөгжүүлэх 1961-1967 оны долоон жилийн төлөвлөгөөний зорилтыг баталж, түүний үндсэн зорилт болох социализмын материал техникийн бааз бий болгохыг тодорхойлсон.
СХН-ын V их хурал 1970 оны 11-р сарын 2-оос 13-ны хооронд болж Бүгд найрамдах улсын эдийн засгийн хөгжил, социалист аж үйлдвэржсэн улс болгон хувиргах үр дүнг дүгнэж, үндэсний хөгжлийн 1971-1976 онуудын эдийн засгийн зургаан жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.
СХН-ын VI их хурал 1980 оны 10-р сарын 10-14-ний хооронд болж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг дүгнэж, социализмын материал-техникийн баазыг бэхжүүлэх зорилтуудыг дэвшүүлж, хоёр дахь долоон жилийн төлөвлөгөөг дэвшүүлэв. БНАСАУ-ын үндэсний эдийн засгийг хөгжүүлэх (1978-1984) нь чухал үе шат гэж зарлав. Дараа нь хүү Ким Чен Ирийг хайрт удирдагч Ким Ир Сений залгамжлагч хэмээн ард түмэнд анх танилцуулсан. 2010 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан жишгээр Солонгосын Хөдөлмөрийн намын Их хурлыг таван жил тутамд хийх ёстой байсан ч 2015 оны 10-р сарын 30-ны өдөр л СХН-ын VII их хурлыг 2016 оны 5-р сард хуралдах тухай зарласан юм.
СХН-ын VII их хурал 2016 оны 5-р сарын 6-9-ний хооронд 36 жилийн дараа болсон анхны Их хурал байв. Тус намын чуулга уулзалтад шийдвэрлэх саналтай 3467, зөвлөх саналтай 200 орчим төлөөлөгч оролцож, гадаадын хэвлэлд хаалттай хуралдсан байна. Их хурлаар намын дээд байгууллагуудын нэрэнд зарим өөрчлөлт оруулсан: Нарийн бичгийн дарга нарын газрын оронд намын дарга (Ким Жон Ун сонгогдсон), түүний есөн орлогчтой болжээ.
СХН-ын VIII их хурал 2021 оны 1-р сарын 5-аас-12-ны хооронд болсон. Их хуралд 5000 хүн оролцсоноос 4750 нь шийдвэрлэх, 250 нь зөвлөх саналтай байсан юм. Чуулганд мөн 2000 хүн ажиглагчаар оролцов. Их хурлаар намын Дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан бөгөөд үүний дагуу, тухайлбал дараагийн их хурлыг таван жил тутамд хуралдуулахаар болсон. Түүнчлэн их хурлын шийдвэрээр СХН-ын Төв Хорооны Улс төрийн Гүйцэтгэх зөвлөлийг Хэрэг эрхлэх газар болгон өөрчилж, Ким Чен Уныг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байна.