Jump to content

Хөрс, газрын хэвлийд үзүүлэх нөлөөлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөрс нь уурхайн үйл ажиллагаанд эн тэргүүнд өртөх орчин билээ. Ашигт малтмалын олборлолт явуулах, хүдэр баяжуулах, боловсруулах, хурдас чулуулгийн овоолго байгуулах, уурхайн барилга байгууламжийг барих явцад хөрс өртөгдөн элэгдэж, эвдэрч сүйтгэгдддэг.

Хөрсний элэгдэл, эвдрэл: Элэгдэл эвдрэл гэж хөрсний үржил шимт үе давхарга ба цаашилбал дэвсгэр эх чулуулаг идэгдэж устах, уугуул байрнаасаа зөөгдөж шинж чанараа алдан өөр газарт тархаж хуримтлагдах үйл явцыг хэлнэ. Хөрсний элэгдэл эвдрэлийг түүнд үйлчилж буй хүчээр усных, салхиных, техникийн гэсэн үндсэн хэсэгт хувааж үздэг.

Уул уурхайн үйл ажиллагаагаар хөрс техникийн хүчээр хурдас чулуулагтаа хүртэл эвдэрч үгүй болж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй уурхайн ухшаас гарсан хурдас чулуулагт дарагдах, үржил шимтэй хөрсний овоолгоос болон машин техникийн нөлөөгөөр суларсан хөрс салхинд хийсэх, уусанд урсах зэргээр элэгдэж эвдрэн үржил шимт хэсэг нь алдагдана.

Хөрс техникийн үйлчлэлээр элэгдэж чухамдаа бүрэн устаж, эсвэл ихээхэн хүчтэй доройтолд орно. Техникийн үйлчлэлээр хөрс төдийгүй газрын гадаргын хэв шинж бүхэлдээ өөрчлөгдөх нь цөөнгүй.

Ил уурхайн явцад газрын гадаргад үүссэн эзэлхүүн томтой ухаш, хонголыг эдийн засгийн хувьд үр ашиггүй нөхцөл байдлыг үүсгэдэг тул дэлхий даяр нөхөн сэргээлгүй орхих нь олонтой гардаг байна.