Цагийн байдлыг тогтоох

Цагийн байдлыг тогтоох нь байлдааны явагдах орчны бүх талын нөлөөллийн хүрээнд, дайсны ба өөрийн байлдааны үүргээ биелүүлэх боломж, арга, хэлбэрийг үнэлэн тогтоож, тэдний давуу ба сул талыг илрүүлэх оюуны сэтгэн бодох, нэгтгэн дүгнэх үйл явц юм. Цагийн байдлыг тогтоох анхны үндсэн өгөгдөхүүн нь дайсан ба өөрийн цэргийн байрлал, байдал, байлдааны боломж (чадавхи) юм. Түүнийг байлдааны ажиллагаанд шууд ба дам нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нөлөөллийн дэвсгэр доор үнэлж үзнэ. Ийм хүчин зүйлсийн тоонд галын хэрэгсэл ба зэргэлдээх нөхрийн байлдааны үр дүн, газар орны байдал, улирал цаг уурын нөхцөл, радиац химийн цагын байдал, радио электроны цагийн байдал, байлдааны районы нийгэм эдийн засгийн нөхцөл зэрэг багтана. Эдгээрийг нийтэд нь байлдааны орчин гэж нэрлэдэг. Байлдааны явц, төгсгөлд түүний явагдах орчны үзүүлэх эерэг ба сөрөг нөөлөөлийг найрийвчлан тодорхойлохын тулд хэсэг тус бүрээр нь үнэлж болох юм. Гэвч энэ нь цаг хугацаа нэлээд шаардахаас гадна, асуудлыг тус бүр нь авч үзэснээс эцсийн нэгдсэн дүгнэлт хийхэд хүндрэл учруулдаг талтай. Цэргийн алба хаагч нь авсан байлдааны үүргээ судлаж, цагийн байдлыг тогтоосны үндсэн дээр дүгнэлт хийх бөгөөд тэр нь түүний авсан үүргээ биелүүлэх аргаа сонгох үндэслэл болдог. Дүгнэлтийн гол агуулга нь байлдааны орчны үзүүлэх эерэг нөлөөллийг хэрхэн дүүрэн ашиглах, сөрөг талыг хэрхэн эерэг тал болгон өөрчилөх, өөрийн байлдааны чадавхийг яаж дүүрэн ашиглах, дайсны давуу талыг ямар аргаар бууруулах, аюулгүй байдлыг хангахад байлдааны орчныг хэрхэн ашиглах, эрсдэлээс зайлан гарах арга замыг олоход чиглэнэ. Байлдааны талбар дээр, тухайн үед бий болсон цагийн байдалд ажиллаж болох маш олон хувилбар байдаг. Харин үүнээс зөв сонголт хийх нь урлаг юм.