Цас (роман)
Цас (2002) нь Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн өөрийнх нь тодорхойлсноор амьдралдаа бичсэн цорын ганц "улс төрийн" роман. Олон улсын уншигчдын гарт хүрмэгцээ маш олон тооны хэлэлцүүлэг, яриа, маргаан мэтгэлцээний бай болсон уг романд даяаршлын эрин зуунд хөл нийлүүлэн хөгжихийн сацуу дангаар шинжээ хадгалж үлдэх гэсэн жижиг улсуудын туулж буй бэрхшээлүүд, үзэл санааны хуваагдал, үнэт зүйлсийн зөрчилдөөнийг тусган харуулахын ялдамд ерөөс үндэстнийг үндэстэн болгож байдаг язгуур үнэт зүйлс рүү уншигчдаа ултайхан бодолд хөтлөх учиг холбоосыг зангидаж өгчээ.
Ка хэмээх цөлөгдсөн яруу найрагч Түрэгт эргэн ирээд Карс гээч алсын бөглүү хотыг зорино. Чингэхдээ шашиндаа үнэн сүсэгтэйн учир гэзэг үсээ алчуураар халхалж явдаг охидын гэнэтийн их амиа хорлолтыг сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаар түрий барьжээ. Гэвч Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийнх нь гэрэл гэгээ л тийш ховсдон дуудсан юмсанж.
Тасралтгүй орох их цас, алдалгүй мөшгөх хардлага сэрдлэгийн дундуур туучин явахдаа Ка нэг л мэдэхнээ Ипекийн хуучин нөхрөөс эхлээд ихээхэн харизматик алан хядагч хүртэл олон хүний онцгой эрх ашгийн төв болчихсон яваагаа сүүлд ухаарна. Дарагдаж удсан авьяас билиг гэнэтийн их баяр хөөртэй хамт сэргэн ирнэ. Театрын үдэшлэг аллага хядлага болохдоо тулна. Бурхныг оллоо гэтэл төлөөсөнд нь бүх зүйлээ алдаж таарна. Ерөөс сэтгэл уярам, егөөтэй, оюун санааны түгшүүр зовнилоор нөр цуурайлсан, Цас роман нь бидний бүгдийнх нь эдүгээ ахуйтай асар их хамаатай зохиол юм.
Зохиолч яруу найрагч орчуулагч Батсуурийн Баясгалангийн бие даасан гуравдахь орчуулгын бүтээл (2015 он).