Цахим сэтгүүл зүй

Интернэтийн сүлжээнд суурилсан сэтгүүл зүйг цахим сэтгүүл зүй ба дижитал сэтгүүл зүй гэдэг. Цахим орчинд бичвэр, дуу бичлэг, хөгжим, дүрс, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэгийг дижитал технологи ашиглаж түгээхийг цахим сэтгүүл зүй гэнэ. Цахим сэтгүүл зүй нь өнөөгийн нөхцөлд хоёр үндсэн үүрэг гүйцэтгэж байна. Нэгдүгээрт уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэлэх хэрэгсэл, хоёрдугаарт, иргэний сэтгүүл зүйн мэдээллийн хязгааргүй сэтгэлгээ, чөлөөт индэр болж байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүйн салбарт урьд өмнө байгаагүй их өөрчлөлт хийж байна. Интернэтийн сүлжээ дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болсон цагаас хойш түүний хэвлэл мэдээлэлд гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна. Радио, телевиз хэзээ нэгэн цагт буй болж, хэвлэл мэдээллийн ертөнцөд хувьсгалт эргэлт хийж байсны нэгэн адил Интернэт өнөөдөр шив шинэ үеийг нээж байна. Энэ нь харьцангуй хямд үнээр мэдээллийг үй түмэн хүнд нэгэн зэрэг цаг алдалгүй хүргэх боломж, интерактив харьцаа, хязгааргүй орон зайг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон жирийн иргэдэд олгож байна.

Сүүлийн 20 гаруй жилийн дотор том хотоос эхлээд зах хязгаарын бөглүү тосгоныг хүртэл холбосон компьютерийн сүлжээ буй болсон нь асар их боломжийг нээсэн юм. Энэхүү сүлжээгээр дамжуулан дурын хүн жирийн текстнээс эхлээд кино, зураг үзэж, дуу сонсох бүрэн боломжоор хангагдаж байна. Интернэтийг өнөөдөр хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл (new media) гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.

Интернэт, веб нь дан ганцаараа хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болоод зогсохгүй хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүдийг хооронд нь холбон нэгтгэх их үйл явц явагдаж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр улажлалт цаасан сонингийн нийтлэл мэдээ Интернэтийн веб хуудсанд байрлаад зогсохгүй үүн дээр нэмэгдэж, радио телевизийн мэдээлэл ч мөн хамт нэг дор байрлах нь гайхмаар зүйл биш болжээ.

Парис хотод амьдрагч эмэгтэй цахим рекламуудыг харж суунгаа насан туршийн мөрөөдөл болж байсан төгөлдөр хуураа Шведийн цахим сонины зарлалын хэсгээс олж авчээ. Нью-Йоркийн салхитай орой гэр орноо санагалзан сууж байсан Аргентин залуу компьютерийнхээ дэлгэцнээс Буэнос-Айросын гудамжинд мөхөөлдөс идэж буй бяцхан охины зургийг үзэж сэтгэлээ баясгажээ. Шведийн Гутенберг Пост сонин, Аргентины Кларин сонинууд энэ боломжийг олгожээ. Энэ бол зөвхөн гадаадынханд тохиолдсон зүйл бус. Монголчууд бид ч гэсэн Интернэтийн ачаар мэдээллийг улам бүр түргэн шуурхай солилцох боломжтой болоод байна.

Мэдээллийн шинэ хэрэгсэл[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн шинэ хэрэгсэл буюу Интернэтийн өмнөх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ялгагдах гол онцлог нь мэдээллийг тоожуулсан хэлбэрт (digitalization) оруулж буйтай холбоотой юм. Тоон технологийн ачаар текст, дуу, зураг ямар ч мэдээлэл хоёртын тооллын системд шилжиж, ингэснээрээ мэдээллийг үйлдвэрлэх, түгээх, хадгалахад их хялбар болж буй юм. Шинэ хэвлэл мэдээллийн өөр нэг чухал шинж нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хооронд нь мэдээллийг зохион байгуулах, түгээх, хүлээн авах, зохицуулах үүднээс уусган нийлүүлж байгаа явц (convergence) юм. Электрон мэдээлэл нь одоо байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг орлох бус харин түүн дээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гарах бүрт уламжлалт мэдээллийн хэрэгслүүд их болгоомжилдог нь түүхийн явцад олон удаа давтагдаж байжээ.

1960-аад оны эхээр дэлхий даяар алдар нэрийг хүртсэн Канадын эрдэмтэн Маршал Маклуян электрон хэвлэлийн талаар гүнзгий ойлгож, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн харилцаа, соёлд нөлөөлөх тухай онол дэвшүүлжээ. Маклуян 1964 онд бичсэн “Мэдээллийн хэрэгслийг ойлгох нь” хэмээх алдарт номондоо шинээр гарч ирж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дамжуулж буй мэдээллээсээ илүүтэйгээр өөрөө их мэдээллийг агуулна гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, шинэ мэдээллийн хэрэгсэл дамжуулж буй мэдээллээсээ илүүтэйгээр нийгэм, соёлд өөрчлөлт оруулах ач холбогдолтой гэдэг нь түүний санаа юм. Маклуян анх удаа global village буюу даяарчилсан тосгон гэдэг хэллэгийг шинжлэх ухаанд оруулж ирсэн бөгөөд энэ нь өнөөгийн дэлхий дахины нийгмийн харилцаа, мэдээллийн харилцааг тодорхойлох түлхүүр үгсийн нэг болоод байна. Маклуяны хувьд даяарчилсан тосгон гэдэг нь электрон хэвлэл гарч ирснээр дэлхий даяар нийгэм, улс төр, соёлын нэгдсэн нэг системд шилжинэ гэсэн үг байв. Өнөөдөр та бид глобалчлалын үед амьдарч байгаа нь үүний нэг тод илрэл байж болох юм. Маклуян Интернэт, веб технологийн талаар сураг ч үгүй байсан үед өөрийн онолоо дэвшүүлж байсан нь олон хүний гайхлыг төрүүлдэг байна.

Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж юу вэ?[засварлах | кодоор засварлах]

Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг тодорхойлох гэсэн оролдлого олонтаа гарч байсан боловч одоогоор тогтсон тодорхойлолт алга байна. Энэ нь эрдэмтэд, судлаачид, олон нийтийн хувьд нэлээд маргаантай байгаа асуудлын нэг юм.

Интернэт хэмээх асар том өлгийд өлгийдүүлсэн цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нэгдсэн тодорхойлолт гаргахад хүндрэл учруулж байгаа юм.

Интернэтийг уншигч хэрэглэгчдийн үүднээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж тодорхойлох оролдлогыг Моррис, Оган нарын эрдэмтэд 1996 онд хийжээ. Интернэтийн өөрөө нэгдсэн төвгүй сарниж тархаж байрласан байдал, түүнчлэн Интернэтээр дамжуулан харилцах олон тооны хэлбэрүүд нь нэгдсэн тодорхойлолт гаргахад хүндрэл учруулжээ. Интернэт нь уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй салшгүй холбоотой, түүнээс ил тод ялгарах онцлогийг тодорхойлоход бэрх зэрэг нь тодорхойлолт гаргахад хүндрэл гаргаж буй өөр нэгэн шалтгаан болжээ.

1998 онд Линдлоф, Шатзер нар Интернэт хэрэглэгчид, тэдгээрийн харилцааны онцлог дээр тулгуурласан тодорхойлолт гаргахаар оролджээ. Ньюсгрупп, мэйлинг лист, веб сайт гэх мэт компьютераар дамжуулан харилцах харилцаа нь уламжлалт мэдээллийн хэрэгслийнхээс огт өөр гэж тэд үзсэн байна. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу Интернэт нь эцсийн хэрэглэгчид мэдээллийг удирдах илүү их эрх мэдэл олгож байна гэж тэд үзсэн байна. Линдлоф, Шатзер нарын үзэж буйгаар Интернэт газар нутгийн хол ойроос үл хамааран бие биеэсээ суралцах, соёлын болон нийгмийн шинэ орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ садар самуун, хүчирхийлэл, хов жив, архи тамхийг хүүхэд залуучуудад сурталчлах боломж олгож байгаа юм.

Цахим мэдээллийн хэрэгслийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Судлаач доктор Я.Борчулуун 2001 онд цахим мэдээллийн хэрэгслийн онцлогийн тодорхойлж 1.Зохиогчдын хувьд, 2.Хэвлэн нийтлэгчдийн хувьд, 3.Мэдээлэл үйлдвэрлэх, түгээх, 4.Мэдээллийг хувь хүнд зориулж тараахад ямар онцлог байгааг доорх байдлаар гаргажээ.

Цахим технологи мэдээллийг зөвхөн текст, зургаар зогсохгүй аудио, видео мэдээллээр баяжуулан мултимедиа хэлбэрээр дэлхий даяар түгээх боломж олгож байгаа билээ. Интернэтийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд үзүүлж байгаа нөлөө асар их юм. Зөвхөн зарим нэгээс нь цухас дурдахад:

1.Зохиогчдын (authors) хувьд[засварлах | кодоор засварлах]

Интернэт, цахим мэдээллийн хэрэгсэл нь хүмүүст өөрсдийн бүтээлээ нийтлүүлж, зохиогч болох өргөн боломж олгож байна. Гэвч зохиолч болон сэтгүүлчийн бүтээл ямар амжилтад хүрэх нь ямар веб хуудсан дээр ямар бүлэг хүмүүст зориулж гарсан бэ гэдгээс ихээхэн байдлаар хамаарч байна. Монгол зохиолчид Интернэтэд веб хуудсаа нээж, зохиол бүтээлээ байрлуулж байгаагийн жишээ нь Баабар, Цэнддоо нарын веб сайтууд юм.

2. Хэвлэн нийтлэгчдийн (publishers) хувьд[засварлах | кодоор засварлах]

Өнөөг хүртэл хэвлэн нийтлэлийн байгууллага нь барууны орнуудад ихэвчлэн бизнесийн байгууллага буюу эсвэл ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагын байдалтай явж иржээ. Шинэ хэвлэл мэдээллийн байгууллага нь уламжлалт хэвлэн нийтлэлийн байгууллагад өөр нэгэн альтернативыг нээж өгч байна.

3.Мэдээлэл үйлдвэрлэх, түгээхэд[засварлах | кодоор засварлах]

Мэдээлэл үйлдвэрлэх, түгээх процесс нь шинэ технологийн нөлөөгөөр хурдацтай өөрчлөгдөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсдүүдийн дотор явагдаж буй нийлэх (convergence) процессийн нөлөөгөөр завсрын олон дамжлага ажил үйлчилгээ хэрэггүй болж байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд газар нутгийн хол зайг туулан асар их хэмжээний мэдээллийг цаг алдалгүй хэрэглэгчдэд нэгэн зэрэг дамжуулах ихээхэн бэрхшээлтэй ажил байсаар ирлээ. Олон нийтийн мэдээллийн харилцаанд gatekeeping буюу мэдээллийг завсраас нь шүүх гэсэн онол байдаг. Энэ нь сэтгүүлч, редактораас эхлээд сонин хэвлэлийн газрууд нийгэм дэх мэдээллтйн урсгалаас өөрсдийн шалгуураар зохих хэмжээгээр шүүлт явуулсны эцэст уншигчдад зөвхөн зарим мэдээллийг хүргэдэг. Gatekeeping цахим мэдээллийн хувьд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг харьцуулахад харьцангуй бага явагддаг. Учир нь хүмүүс төрөл бүрий мэдээллийн эх сурвалжид заавал хэвлэл мэдэллийн байгууллагуудаар дамжилгүйгээр хандах боломж их юм. Нөгөө талаар бие дааж цахим мэдээлэл түгээж байгаа хүмүүсийн хувьд цензурт автахгүй байх боломж их. Хэдийгээр Интернэтийн мэдээллийг хянах, зарим веб сайтыг хаах, веб сайтуудын агуулгыг үнэлэх систем тогтоох зэргээр дэлхий янз бүрийн орнуудад шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг цензурдэх ажил эхэлж байгаа хэдий ч хүмүүс өөрийн санаа бодлыг илэрхийлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрх Интернэт дээр харьцангуй чөлөөтэй байгаа юм.

4. Персонализашн буюу мэдээллийг хувь хүн бүрт зориулж тараах[засварлах | кодоор засварлах]

Интернэтийн технологи нь мэдээллийг хувь хүний сонирхолд нийцүүлэн бэлтгэж, түгээх боломж олгож байна. Ийм үйлчилгээг Yahoo, Netscape зэрэг олон веб сайтууд хийж байгаа бөгөөд уншигч өөрийн сонирхсон мэдээллээ захиалснаар броузер программыг нээх бүрт зөвхөн тэр төрлийн мэдээлэл автоматаар гарч ирдэг. Зарим вебүүд ийм захиалгат мэдээллийг и-мэйлээр тараадаг. Ийм захиалгат үйлчилгээ нь уншигчдын хэрэгцээт мэдээллийг үйлдвэрлэхээс бус хэвлэл мэдээллийн газар уншигчид, хэрэглэгчдэд мэдээлэл тулгах явдлыг багасгах юм.

Захиалгат үйлчилгээ явуулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн том мэдээллийн сан байгуулж, үүнээсээ заримыг нь сонинд хэвлэж, заримыг нь веб сайтад байрлуулан, заримыг нь захиалгат үйлчилгээнд хэрэглэх юм.

Цахим сонинуудын түүхээс[засварлах | кодоор засварлах]

Хамгийн анх ямар сонин цахим хэлбэрээр хэвлэгдэж эхэлсэн бэ гэдгийг тодорхойлох нь төвөгтэй. Үүнийг тодорхойлохын тулд зөвхөн хэвлэл мэдээллийг салбараар хязгаарлагдахгүй шинжлэх ухаан техник, компьютерийн салбарын хөгжил рүү зайлшгүй орох шаардлага тулгардаг байна. цахим гэдэг үгийн тодорхойлолт ч сүүлийн хэдэн жилийн дотор өөрчлөгджээ.

1970-аад онд цахим гэдэг үгийн дор телефон утасны шугамаар дамжин нэвтэрч буй аудио, видео мэдээллийг хэлдэг байсан байна. 1980-1990 онуудын үед энэ нь Prodigy, CompuServe, America Online зэрэг компаниудаар дамжуулагдан явагддаг байсан мэдээллийн үйлчилгээг нэрлэдэг байжээ. Сонингууд янз бүрийн байдлаар электрон хэлбэр рүү шилжих процесс явагдсан бөгөөд 1990-ээд оны дунд үеэс эхлэн компьютерийн технологит үсрэлийн үе эхэлж, дараахан нь Бүх Дэлхийн Сүлжээ буюу World Wide Web хурдацтай хөгжсөн нь шинэ үеийг авчирсан юм. Тим Бернерс Ли вебийн технологи, гипертекст дамжуулах аргыг нээсэн нь Интернэтийн технологит шинэ эрин үеийг авчирсан юм. Флоридагийн Их Сургуулийн Интэрактив Хэвлэлийн төвийг үндэслэгч Дэвид Карлсоны үзэж байгаагаар хамгийн анхны цахим сонин Охайо мужийн Колумбус Диспач сонин байжээ. Энэ сонин 1980 онд Compuserve-ээр дамжуулан электрон хувилбараа түгээж эхэлсэн бөгөөд захиалагчдын тоо дөнгөж 3600 байсан байна. Энэ үед персональ компьютер ч гараагүй байсан учраас цахим сониныг авахын тулд захиалагчид тусгай дэлгэц хэрэглэдэг байсан байна. Жижигхэн мэдээг татаж авахад хүртэл их хугацаа шаардагддаг байсан бөгөөд унишигчдын хүрээ маш хязгаарлагдмал байсан байна.

1982 он гэхэд Америкийн 11 сонин электрон хэлбэрээр сонингоо түгээдэг байсан бөгөөд тэдгээрийн тоонд Атланта Журнал & Конститьюшн, Лос Анжелес Таймс, Вашингтон Пост, Сан Франциско Экзамайнер, Сан Франциско Хроникль, Миннеаполис Стар Трибьюн сонинууд орж байжээ. Эдгээр сонингууд Колумбус Диспач сонины нэгэн адил олон хүнд хүрч чадахгүй байсны шалтгаан нь холболтын үнэ өндөр, хурд удаан байсантай холбоотой юм. Compuserve рүү холбогдох нэг цагийн үнэ 5 доллар байсан бөгөөд хэдхэн мэдээ татж авахын тулд хэрэглэгч 30 доллар төлөхөд хүрдэг байсан байна. Үүний оронд цаасан сонинг худалдаж авбал ердөө л 25 центийн үнэтэй байжээ.

1986 онд АНУ-ын сонины томоохон компани Найт Риддер видеотект систем буюу электрон сонин хөгжүүлэхэд 55 сая доллар зарцуулсныхаа дараа цахим руу шилжих бүх ородлогоо зогсоожээ.

1980-аад оны эцсээр сонинууд өндөр үнэ, удаан олболтоос залхаж, цахим хэлбэр рүү орох бүх ородлогоо мөн адил эцэслэсэн байна.

1990-ээд оны эхээр Альбьюкьюркью Трибьюн сонин персонал компьютерийн хөгжил дээр тулгуурлан Электрон Триб нэртэй цахим сонин гаргаж эхэлжээ. Энэхүү электрон сониныг гаргахын тулд 286 компьютер, утасны 4 шугам авч ердөө л 5000 доллар зарцуулжээ. Өмнөх цахим сонингуудыг уншихын тулд тусгай дэлгэц хэрэгтэй байсан бол энэхүү сонинг уншихад персонал компьютер, утасны шугам хоёр л хангалттай байсан байна. Уг электрон сониныг хариуцаж гаргасан хүний ярьснаар сонины эзэн эхний сардаа 400 захиалагч олж байвал хангалттай гэж хэлжээ. Гэтэл энэ сонин эхний хоногтоо л 400 захиалагчтай болж чадсан байна. Өсөн нэмэгдэж буй захиалагчдынхаа хэрэгцээтэй уялдуулан сонины газар утасны шугамаа удахгүй нэмсэн байна. Электрон Триб сонины амжилт богино хугацаанд олны анхаарлыг ихэд татжээ. Найт Риддер компани өмнө алдсан их алдагдал нь техникийн өөр нөхцөлд явагдсанд эргэн дүгнэлт хийсэн байна. Нөгөөтэйгүүр компьютерийн хэрэглээ 1989-ээс 1995 онд 13-58 хувь болтлоо өсөх таамаглал тооцоо гарсан нь цахим сонин дахин гаргах шийдвэрт нөлөөлсөн байна. Ингээд одоогийн ойлголтоор анхны цахим сониныг 1993 оны 5 сарын 10-нд АНУ-ын Калифорниа мужийн Сан Хосе Меркурий (www.mercurycenter.com) гаргажээ. Меркурий сонины араас бусад томоохон сонингууд дагалдаж цахим үйлчилгээ эхэлсэн байна. Нью Йорк Таймс, Атланта Журнал, Вашингтон Пост, ЮЭсЭй Түдэй сонингууд цахим хувилбараа гаргаж эхэлжээ. 1994 оны эцэс гэхэд АНУ-ын 20 сонин цахим хэлбэрээр гарч байсан бол өнөөдөр энэ тоо хэдэн зуугаар тоологдож байна.

1998 онд гарсан Моника Левинскийн хэрэг цахим хэвлэл Америкийн нийгэмд ямар байр эзэлсний тод томруун илрэл болсон гэж хэвлэлийн ажиглагчид үздэг байна. Моника Левинскийн тухай мэдээ анх гарсан долоо хоногт Вашингтон Пост сонины веб хуудсанд 33 сая хүн зочилжээ. Үүний өмнөх сард веб сайтад 25 сая хүн орж байсан бол Моникагийн хэрэг гарсны дараагийн сар буюу 4 сард веб сайтад 40 сая хүн орж сонирхжээ. Энэ хэргийн тухай сүүлийн Starr Report дүгнэлт оны эцэст гарахад веб сайтад 70 сая хүн зочилсон байна. Online Journalism Review сэтгүүлийн сурвалжлагч Жим Беннинг “Ийм инээдтэй үйл явдал цахим хэвлэл Америкийн нийгэмд, хүмүүсийн хэв заншилд ямар их өөрчлөлт оруулсныг харуулсан нь сонин юм. Энэ нь хүмүүс Интернэтээс зөвхөн мэдээлэл уншаад зогсохгүй мэдээний дагуу харилцан ярилцах сонирхолтой болсныг харууллаа. Хүмүүс Starr Report-ыг Интернэтээс татаж аваад зогсохгүй сэтгүүлчдэд үй түмэн и-мэйл бичиж, мэдээллийн самбаруудыг дүүргэж байлаа. Энэ бүхэн Интернэт ердийн хэвлэлд байхгүй интерактив боломж өгсний тод илрэл юм” гэжээ.

Интернэт дээр веб хувилбараа нээсэн сонингуудын тоо маш хурдацтай өсч байна. Стив Аутингийн үзэж буйгаар цахим сонингуудын өдөр тутам хоёроор нэмэгдэж байна. Newslink-ийн судалгаагаар 1994 онд 20 цахим сонин байсан бол энэ тоо 1994 онд 78, 1995 онд 855, 1996 онд 1920, 1997 онд 3622 болтлоо өсчээ. Editor & Publisher сэтгүүлийн газар цаасан болон цахим сонингуудын талаарх мэдээллийг жил тутам шинэчлэн гаргаж, жилийн ном болгон хэвлүүлдэг. Энэ сэтгүүлийн үзэж байгаагаар 2000 оны 4 сарын байдлаар дэлхий даяар 4400 сонин цахим хувилбартай байгаагаас 3161 нь Хойд Америкт, 634 нь Европт, 269 нь Өмнөд Америкт, 214 нь Азид байна. Өнөөдөр дэлхий даяар цахим хэвлэл орон бүрт харилцан адилгүй хөгжиж байна.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Ц.Мөнхбаатар: "Цахим сэтгүүл зүй бол энэ зууны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг[permanent dead link]" гэжээ.

2017 онд Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум болов.

2018 онд Цахим сэтгүүл зүйн II форум болов.

2019 онд Цахим сэтгүүл зүйн III форум боллоо.