Ци Бай Ши

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хятадын алдарт зураач, каллиграфын нэрт мастер Ци Байшийн нөлөөгөөр хятад болон дэлхийн уран зураг дахин нэг алхмаар урагшилсан гэж урлаг судлаачид үздэг. Тэрээр өөрийн гэсэн уран зургийн хэллэгийг бий болгосон юм. Ци Бай-ши “Хэрвээ надаас зургийн гоо сайхан юунд орших вэ гэж асуувал, зураг хэдий чинээ нимгэхэн байна төдий чинээ сайн гэж хариулах байсан” хэмээн хэлж байжээ. Ци Бай-Ши 1863 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Хунань тосгоны Сянтань мужид маш ядуу гэр бүлд төржээ. Өвөө, аав хоёр нь гишүү бургас түүн зарж амьдралаа залгуулдаг байв. Түүний анхны багш бол өвөө нь байсан гэдэг. Өвөө нь Ци Байшиг гуравхан настай байхад нь саваа модоор газар нэрийг нь бичүүлэн үсэг заадаг байсан байжээ. Улмаар зургаан нас хүрэхдээ маш сайн бичихээс гадна зурдаг ч болсон байв. Ингээд найман настайдаа бага сургуульд оржээ.Ци бай Ши нэг л өдөр хичээлээсээ ирээд бийр бэх гарган зурж эхэлсэн

байна. Аянга цахилгааны бурханг зурсан нь яг л марзан тотьтой адилхан харагдаж байсан ч шантралгүй зураад л байдаг байв. Загасчид, амьтад, цэцэг, ургамал, морьд, шувууд нүдэнд тааралдсан бүхнээ л зурдаг байсан гэдэг. Харин энэ тухайгаа Ци Байши яаж ч хичээгээд нэг л болж өгдөггүй байсан тухай хожим өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Ядуугийн улмаас Ци Байши олон жил сургуульд сурч чадсангүй. Тэр үеийн ёс заншлаар хүүхдүүдээ эрт гэрлүүлдэг байсан тул Ци Байши 12 настайдаа Чунь-цзюнь гэдэг охинтой гэрлэж, 15 настайдаа мужааны туслахаар ажилд оржээ. Гэсэн хэдий ч тэрээр оройдоо лааны гэрэлд шөнө дунд хүртэл зургаа зурдаг байв. Нэгэн өдөр мод зүсэгч хүмүүс хэрхэн ажиллаж байгааг олж хараад нимгэн чимхлүүр зүйлсүүд хийж болох тухай бодож олжээ. Ингээд Чжоу Чжи-мэю гэдэг мод зүсэгч мастерт шавь орж таван жил мод зүсэгчээр ажиллав. 1889 онд Ци Байшид хятадын алдартай зураач Ху Цинь-юаньтай уулзах хувь тохиожээ. Ху Цинь-юань залуугийн зургуудыг хараад гайхан биширч, өөртөө шавь орохыг санал болгожээ. Ци Байши Ху Цинь-Юаний уран зургийн арга барилд шамдан суралцахаас гадна сонгодог уран зураг, уран зохиол судалж байв. Хожим нь Ци Байши шүлэг бичдэг болсон байна. Тэрээр зурсан зургийнхаа буланд өөрийн зохиосон шүлэгний мөртүүдийг бичдэг байснаараа бусдаас ялгардаг байв. 1890-ээд оноос цэцэг шувууд зурж эхэлсний дээр Хэн шан уулын арван хоёр байгалийн зургийг зуржээ. Шинэ зууны эхээс Ци Байши алдарт зураач Ван Сян Цигийн урилгаар Сианаас Бээжин хуртэл эх орноороо аялан үндэсний онцлог байгалийг харуулсан тавь гаруй алдарт зургаа бүтээсэн байна. Түүний зургууд шинэлэг өнгө төрх, хурц тод илэрхийллээрээ ялгарч хөх саарал, ногоон саарал болон хурц тод өнгийг сонгодгоороо чөлөөт композицээр ялгарч байв. Ци Бай-шийн зургууд дундаас “Ургах наран” зураг нь их алдаршжээ. Түүний бүтээлүүд цэцэн ухаан хүүхдийн гэнэн дүрслэлийг хослуулснаараа гайхамшигтай байлаа. Зураач натурализмыг шүүмжлэн хэлэхдээ “Амьдралыг би яг тэр чигээр нь хуулбарлахгүй, хуулах нь бүдүүлэг мөн адил бус байх нь ч хууран мэхлэл” гэж үздэг байсны дээр дүрслэлийн гол зүйлийг анхаарч зурдаг байжээ. 1946 оноос зургийн академид багшлах болж улмаар уг академиа удирдах болжээ. Ци Бай-ши 90 гаруй наслахдаа хэдэн зуун зураг зуржээ. Мөн 1955 онд олон улсын шагнал хүртсэн байна. Алдарт зураач Ци Байши 1957 оны есдүгээр сарын 16-нд нас баржээ.