Jump to content

Цогдоржийн Бавуудорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цогдоржийн Бавуудорж нь шүлэг, найраглал, дуурийн цомнол, жүжиг, эсээ, өгүүллэг, тууж, романы төрлөөр бичиж туурвидаг, Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч юм.

Ц.Бавуудорж нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. Завхан аймгийн Шилүүстэй сумын 8 жилийн дунд сургуулийн Ж.Дагва багштай 1А ангид элсэж, тус сургуулийн уран зохиолын багш Ё.Бөөрөнхийн удирдаж байсан Уран зохиолын дугуйланд элсэн орсон. Бага наснаасаа шүлэг, яруу найрагт дуртай байсан тэрээр өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлэн 1984 оноос Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүнээр элсэн суралцсан. 1987 онд Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2-р сургуулийг төгссөн. Ардын армийн 137-р ангид хоёр жил хугацаат цэргийн алба хааж, тус ангийн Шүхэр десантын албанд ажиллаж, шүхрийн спортын 2-р зэрэг биелүүлсэн.

Боловсрол, ажлын гараа

[засварлах | кодоор засварлах]

1990-1992 онуудад Завхан аймгийн “Туяа” сонинд сурвалжлагчаар ажилласан.

1992-1996 онуудад Кино Урлаг, Радио Телевизийн “Бэрс” дээд сургуулийн Радио сэтгүүлчийн ангийг дүүргэж, 1994-1995 онуудад МСЭ-ийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курст суралцсан.

1994-1996 онуудад Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын “Урлан”-д суралцсан.

1997-2020 он хүртэл Монголын радиогийн “Шинэ эрин” редакцад редактор, ерөнхий редактораар ажилласан. Энэ хугацаандаа “Нийгмийн радио”, ”Эмч радио”, “Малчны лавлах”, “Үйлдвэрлэгчийн цаг” зэрэг шууд нэвтрүүлгүүд “Нийгмийн радио сэтгүүл”,”Аялал жуулчлалын радио сэтгүүл”,  “Монголоороо аялахуй”, “Өв сан”, “Эгшиглэнт байгаль” зэрэг олон нэвтрүүлэг санаачилсан. Мөн “Ургийн бичиг ухаалаг шастир”, “Шинэчлэлт-Сэргэн мандлын үндэс” зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлгүүд, “Өв сан”, “Ногоон зөрөг” зэрэг цуврал радио жүжгүүд бичихийн зэрэгцээ, олон шилдэг радио хөрөг, радио нийтлэл, радио эсээ, радио зохиомж бичиж нэвтрүүлж, “Шинэ эрин”-ий номын сан цуврал, “Төвөргөөн” уран бүтээлийн цувралд оролцож бүтээлцсэн.  Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагналыг сэргээж шинэчлэн тогтмолжуулсны зэрэгцээ “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг олон жил мөн чанараар нь зохион байгуулан үр бүтээлтэй ажиллажээ.

Тэрээр 1990–ээд оноос уран бүтээлээ эхэлж ”Бүгээн анир” /1991 он/, ”Гүмүда” /1993 он/ , ”Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлог шүхэрлэнэ” /1999 он/, ”Сарны шүлгүүд” /2006/, ”А very big white elephant” /2007 он/ , ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/, ”East and West“ /2010 он/, ”Монголын их амар амгалан” I боть /2015 он/, ”Дорно зүгт өвс болно” II боть /2015 он/ ”Нар сар, сар нар” III боть /2015 он/ зэрэг шүлэг, дууль, найраглалын номууд, "Шувууг сулла" /2019 он/ эсээ, өгүүллэг, тууж, "Зүрхэн чанадаас"/2019 он/эсээ, өгүүллэгийн номууд хэвлүүлсэн.

2010 онд Тайванд зохион байгуулагдсан Дэлхийн яруу найргийн 30 дахь удаагийн чуулганы үеэр “А very big white elephent” /орчуулагч Ш.Цог, Ж.Гэндэндарам, Саймон Викхам Смит (Simon Wickham-Smith), “When humans become grass” /орчуулагч Саймон Викхам Смит (Simon Wickham-Smith)/, испани хэл дээр орчуулагдсан “Un ojo en la palma de mi mano” /орчуулагч Ивонне Мартин / зэрэг номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн “For poetic excellent” шагнал хүртсэн.

2021 онд "Уянгын шүлгүүд", 2023 онд "Дилова хутагт", 2024 онд "Цогт Нароба" түүхэн романы бүтээл нь олны хүртээл болсон. Ц.Бавуудоржийн шүлгүүд нь англи, испани, япон, солонгос, хятад, герман хэлнээ орчуулагдаж бусад улс орнуудын яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд хэвлэгдсэн.

Мөн "Орчлонг хайрлаарай", "Ээжтэй орчлон", "Тэнгэрийн бүсгүй", "Гүрэн Монгол чинь хүлээнэ", "Алтан нөхөд", "Хүний сайхан орчлон" зэрэг түүний олон шүлэг, яруу найраг нь дуун бүтээл болж олны хүртээл болсон.

1996 онд “Бүгээн анир”, “Гүмүда” номуудаараа Г.Сэр-Одын нэрэмжит шагнал

2000 онд “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлог шүхэрлэнэ” номоороо МЗЭ-ийн шагнал

2001 онд “Хүрэл чоно” шүлгээрээ “Болор цом” наадмын тэргүүн шагнал

2006 онд "Сарны шүлгүүд" номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал

2018 онд "Өндөр Гэгээн" жүжгээрээ Б.Явуухулангийн нэрэмжит шагнал

2010 онд ”А very big white elephant” /2007 он/, ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/ номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн “For Poetic Excellence” шагнал

2012 онд “Монголын их амар амгалан”, ”Дорно”, "Хүрэл чоно" шүлгүүд, “Агай”, “Хүннү туульс” найраглалын бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол

2020 онд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн тэмдгээр шагнагдсан.

Антологи, яруу найргийн сэтгүүл

[засварлах | кодоор засварлах]
  1. “Дорно зүгт өвс болно” англи хэлээр /Екайка-раса сэтгүүл, №67, 32-р тал, Тайван, 2008/
  2. “Харсаар байтал..”, ”Бурхадын гуниг” англи хэлээр  /“Дэлхийн шүлгүүд” сэтгүүл, 24-р тал, АНУ Илиной/
  3. “Монголын их амар амгалан”, ”Их хайрын дууль” англи хэлээр  /“Сарны гэрэл” сэтгүүл, 18-р тал 2006, Солонгос/
  4. “Бурхдын дууль”, ” Нэг их том цагаан заан” англи хэлээр / Гуну сэтгүүл, 20-р тал 2006/
  5. “Амгалан хоосон”, ”Сарны гэрэлд” англи хэлээр / Гуну сэтгүүл, 24-р тал 2007/
  6. “Энэтхэг минь хонгор минь”, ” Ай миний залуу нас” англи хэлээр / Гуну сэтгүүл, 16-р тал 2008/
  7. “Алга урвахын шүлэг”, ”Миний хөрөг”, ”Сарны гэрэлд”, ”Чиний дэргэдээс” англи, япон, испани хэлээр / Гуну сэтгүүл  24-25 –р тал 2008/
  8. “Нэг их том цагаан заан” англи хэлээр / Харвардын сэтгүүл, 68-69 –р тал 2008/
  9. “Нэг их том цагаан заан”, ”Харсаар байтал...” англи хэлээр / ... антологи 22-р тал 2008 /
  10. “Бурхдын дууль” англи хэлээр / ХХҮI - World congress of poets, 21-р тал 2006/
  11. “Гуниг”, ”Би”, ”Сарны гэрэлд” англи хэлээр / ХХҮII-  World congress of poets, 18-р тал Энэтхэг, Мадрас, 2007/
  12. “Зочин”, ”Амгалан хоосон “, ”Асуулт” англи хэлээр / ХХҮIII -World congress of poets, 29-р тал 2008, Мексик, Акапулько хот /
  13. “Алга урвахын шүлэг”, ”Асар тэнгэрийн хаалган дээр” англи хэлээр / ХХIХ- World congress of poets, 22-р тал 2009, Унгар Будапешт хот /
  14. “Сарны гэрэлд”  япон, англи хэлээр / Солонгон гүүр сэтгүүл, 12-р тал,  Япон ,Токио 2010/
  15. “Сарны гэрэлд”, ”Дорно зүгт өвс болно” япон, испани, англи хэлээр / ХХХ -World congress of poets, 30-р тал, Тайван Тайпай хот 2010/
  16. “Дорнын цаг”, ”Өөрөөсөө зугтахуй”, ”Цэцэг үнэртсэн үдэш” англи хэлээр “Two Lines, an international anthology in English” / Америк 2011/
  • ”Бүгээн анир” /1991/
  • ”Гүмүда” /1993/
  • ”Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлог шүхэрлэнэ” /1999/
  • ”Сарны шүлгүүд” /2006/
  • ”Хүннү туульс” /2011/
  • ”Хулан хатан” /2012/
  • “Монголын их амар амгалан” /2020/
  • “Дорно зүгт өвс болно” /2020/
  • “Уянгын шүлгүүд” /2021/
  • Тарнийн цагаан цэцэг /2022/
  • Дилова Хутагт /2023/
  • Цогт Нароба /2024/

Хүүрнэл зохиол:

[засварлах | кодоор засварлах]
  • “Шувууг сулла” эссе, өгүүлэг, тууж /2018/
  • “Үзэсгэлэнт сараана” эссе, өгүүллэг, тууж /2020/
  • “Хүннү туульс” /2010/
  • “Хулан хатан” /2011/

"Монголын их амар амгалан" шүлэг

[засварлах | кодоор засварлах]

Мордож буй улаан дээлтэй өвгөн

Монголын их амар амгалан

Морины хөлөөс чөдөр уйдаж

Шөнийн талд гуних

Монголын их амар амгалан

Модон тэрэгний хөх дугуй

Шинэ өвсний солонго гишгэх

Монголын их амар амгалан

Молор саран

Монголын их амар амгалан

Өвс ногоо ганхах

Монголын их амар амгалан

Өндөр цагаан үүлс

Монголын их амар амгалан

Гэсэр Жангарын шарласан хуудас

Монголын их амар амгалан

Гэр дүүрэн хүүхэд

Монголын их амар амгалан,

Эрдэнийн сормуусаа униарт дүрж

Адуу унтах

Монголын их амар амгалан

Эр хүн ятгатай дуулах

Монголын их амар амгалан

Гол мөрөн урсах

Монголын их амар амгалан

Гоолингоо

Монголын их амар амгалан

Алтай, хангай

Монголын их амар амгалан

Арван тавны тэнгэр

Монголын их амар амгалан

Гучин гурван говь

Монголын их амар амгалан

Гучин гуравтай харцуул

Монголын их амар амгалан

Ганга агийн арвин тал

Монголын их амар амгалан

Ганган морьтой бүсгүйчүүд

Монголын их амар амгалан,

Хөх, хөх аргалын дөл

Монголын их амар амгалан

Хөсөг нүүдэл

Монголын их амар амгалан

Тооноор туссан наран дотор

Мөлхөх хүү

Монголын их амар амгалан

Тогоотой сүү

Монголын их амар амгалан

Амар болоочийг тээсэн

Цагаан тэмээ

Монголын их амар амгалан

Анирхан талын бүүвэй

Монголын их амар амгалан

Буурин дээр нялх ногоо цухуйх

Монголын их амар амгалан

Бурханы мэлмий

Монголын их амар амгалан

Богд шиг миний залбирсан

Наран саран

Тэнгэрийн их амар амгалан

Болор биеийг минь нууцлах

Газар шороо

Дорнын их амар амгалаан...

Ижийгээр минь бүүвэй аялуулж

Эцгээр минь үнэг эсгүүлсэн

Дэрлээд нойрсох

Миний хатан өвөр

Монголын их амар амгалан

Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх

Миний хаан үр

Монголын их амар амгалан