Цусны цагаан эс
Цусны цагаан эс нь өнгөгүй бөөмтэй эс юм. Цагаан эсийн тоо нь улаан эсийн тооноос 1000 дахин бага байдаг. Хүний цусны цагаан эс нь вирус болон паразитын халдварын эсрэг үүрэгтэй. Цагаан эсийг лейкоцит гэж нэрлэдэг. Цусан дахь лейкоцитын тоо ихсэхийг лейкоцитоз, багасхыг лейкопени гэнэ.лейкоцит нь маш жижиг бичил биет юм.
Цусны цагаан эсийн ангилал
[засварлах | кодоор засварлах]Цагаан эсийг сийвэнд агуулагдах мөхлөгийн байдлаас нь хамааран:
- Мөхлөгтэй
- Мөхлөггүй гэж хоёр ангилдаг.
Мөхлөгтэй цагаан эс нь сийвэндээ олон тооны мөхлөг агуулах ба энэ бүлэгт:
- Базофил
- Нейтрофил
- Эозинофил хамаарна.
Мөхлөггүй цагаан эсэд:
- Лимфоцит
- Моноцит хамаарна.
Цагаан эсийн хэлбэр ба үүрэг
[засварлах | кодоор засварлах]Цагаан эсийн ихэнх (70% орчим) хувийг нейтрофил буюу микрофаг эзэлнэ. Өсөлтийг нь харгалзан миэлоцит, залуу, савхан бөөмт, тасархай бөөмт гэж ангилна.
Нейтрофил
[засварлах | кодоор засварлах]Цусанд зарим нь цусны судсаар чөлөөтэй эргэлдэж байдаг бол зарим нь судасны захаар явж байгаад цусны судаснаас гарч үрэвслийн голомтод очно. Нейтрофил нянг залгиурдах үүрэгтэй. Нейтрофилийн сийвэн дэх мөхлөгөөс лизоцим ялгарна. Энэ нь нянгийн бүрхүүлийг задлах ба нянгийн амьсгалалт ба өсөлтийг өөрчилдөг катионин уураг, саармаг протеаза, хүчиллэг гидролаза зэргийг агуулна. Нян залгиурдах үйл нь диапедез, эерэг хемотаксис, залгиурдалт гэсэн 3 үе шатаар хэрэгжинэ. Залгиурдах обьект нь бүх төрлийн нян, цусны гэмтсэн ба мөхсөн эс, гадны уураг, янз бүрийн будаг, гадны биет зэрэг байна.Ферментүүдийн тусламжтай хялгасан судасны ханыг хайлуулж эдийн шингэн рүү эсийн нэвтрэн орох үйлийг диапедез гэнэ.
Судаснаас нэгэнт гарсан цагаан эс буцаж цусны судсанд ордоггүй. Эдгээр эсүүд эд эсийн завсраар амёб маягийн хөдөлгөөнөөр гэмтсэн голомт руу хөдөлнө. Ингэж гэмтсэн голомт руу чиглэлээ өөрчлөхгүй ойртож очих үзэгдлийг эерэг хемотаксис гэнэ. Үрэвслийн голомт руу цагаан эсийн хөдлөх үйлийг идэвхжүүлэгч бодисуудыг хемотрактанууд гэнэ. Ийм бодисуудад холбогч эдийн задралын бүтээгдхүүнүүд, иммуноглобулин, цус бүлэгнүүлэх ба фибринолизийн зарим хүчин зүйлүүд, простогландин зэрэг хамаарна. Базофил нь нийт цагаан эсийн 1% -ийг эзэлдэг. Ижил биш мөхлөгүүдийг агуулсан байдаг. Үүнд: гепарин, гепаринсульфат, гистамин, тетрапептид зэрэг бодис хамаарна.
Базофил
[засварлах | кодоор засварлах]Базофил нь цусны хялгасан судсанд цусны урсгалыг сайжруулах, эд эсийг тэжээлийн бодисоор хангах нөхцлийг бий болгох, цусны цагаан эсийн судаснаас эд рүү шилжих ба шинээр хялгасан судас үүсэх үйлийг идэвхижүүлэхэд оролцоно.
- Гепарин цус бүлэгнэлтийг саатуулж цусны урсгалыг сайжруулна. Гепарины нөлөөгөөр цусны хиломикроны триглицеридийн эфирийн холбоо салдаг байна.
- Гистамин үрэвсэл болсон газрын цусны судсыг өргөсгөнө. Цусны бүлэн үүсэх үйл явцыг түргэсгэнэ. Өөрөөр хэлбэл гепарины эсрэг үйлдэл хийнэ.Базофилийн мембран дээр байх Ig E-тэй холбогдох өвөрмөц авуур байх бөгөөд энэ авуур идэвхжихэд гистамин базофилийн мөхлөгөөс чөлөөлөгдөнө. Гистамин цагаан эсийн залгиурдах үйлийг идэвхжүүлж үрэвслийн эсрэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн фагоцитозод оролцоно. Базофилийн хөдөлгөөнийг лимфоцитээс ялгарах лимфокин чиглүүлдэг. Эозинофил 2-4%-ийг эзэлнэ. Эозинофил нь сийвэндээ тoм ба жижиг мөхлөгийг агуулдаг.
Эозинофил
[засварлах | кодоор засварлах]Том мөхлөгүүд нь өвөрмөц суурилаг уураг ба глюкоринадаза, рибонуклеиза, фосфолипаза, гистаминаза зэрэг ферментүүдийг нийлэгжүүлнэ. Фосфолипаза фермент базофилээс ялгарах цусны ялтсыг идэвхжүүлэгч хүчин зүйлийг идэвхгүй болгож судсанд цусны ялтсын бөөгнөрөл үүсэхээс хамгаална. Гистаминаза фермент нь илүүдэл гистаминыг саармагжуулна.
Жижиг мөхлөг нь хүчиллэг фосфотаза, арильсулфатаза ферментийг агуулдаг.
Эозинофил нь паразит өвчнөөс хамгаалдаг төдийгүй харшил өвчний үед үүсэх биологийн идэвхит бодисыг багасгадаг.
Моноцит
[засварлах | кодоор засварлах]Моноцит 2–8%-ийг эзэлдэг. Нилээд том эс. Сийвэндээ мөхлөг агуулддаггүй. Нян, үхсэн цагаан эс ба биеийн гэмтсэн эсийг залгиурдах, үрэвслийн голомтыг цэвэршүүлэхэд чухал үүрэгтэй.
Чөмгөнд үүсэж цусны судсанд 2-3 хоноод цусны судаснаас нэвчин гарч эдэд орж хөдөлгөөнгүй макрофаг эс болно. Аль эдэд байрлаж байгаагаас хамааран янз бүрээр нэрлэнэ. Тухайлбал элэгний эдэд байвал купферийн эс, ясны эдэд байвал остеокластын, мэдрэлийн тогтолцоонд байвал микроглин гэх мэтээр нэрлэдэг. Залгиурдах идэвхээрээ бусад цагаан эсээ сайн байх бөгөөд нэгэн зэрэг хэд хэдэн эсийг залгиурдах чадвартай. Макрофагийн мембран дээр нян, гэмтсэн эс, үрэвслийн медиатор, даавар болон лимфокин зэргийг таних өвөрмөц аваарууд байх тул тэдгээр нь лигандыг таниснаар макрофаг идэвхжинэ. Залгиурдах үйлээс гадна өвөрмөц дархлааны процесст оролуоно.Мөн цус төлжилтийн урьдал эсүүдийг идэвхжүүлэгч болон эдгээр эсийн хуваагдлыг эрчимжүүлэгч хүчин зүйлийг ялгаруулна.\
Лимфоцит
[засварлах | кодоор засварлах]Лимфоцит 20-30 хувийг эзэлнэ. Лимфоцит эс нь чөмгөнд үүсэх боловч хөгжил нь тунгалагийн зангилаа, гүйлсэн булчирхай, сэрээ булчирхай, фабрицын уутанцар (шувуунд) зэрэг эрхтнүүдэд хөгжил нь гүйцдэг. Лимфоцитээс бусад хэлбэрийн цагаан эс зөвхөн өвөрмөц бус хамгаалах урвалд оролцдог бол лимфоцит өвөрмөц хамгаалах урвалд оролцоно.
Лимфоцит нь эсийн ба шингэний дархлаанд оролцоно. Өвөрмөц авуурынхаа тусламжтайгаар гадны зүйлийг ялган таних чадвар юм. Лимфоцит нь биед гаднаас орсон эсрэгтөрөгчийг оноох өвөрмөц биеийг үүсгэх, өөрийн хуучирч гэмтсэн болон хувисан өөрчлөгдсөн эсийг цаг ямагт устгаж хоргүйжүүлнэ.
Лимфоцит эсийг үүрэг, үйл ажиллагаагаар нь:
- Т-Лимфоцит
- В-Лимфоцит
- 0-Лимфоцит гэж ангилна.
Т лимфоцит ясны чөмгөнд үүсдэг хэдий боловч цаашдаа сэрээ булчирхайд хөгжил нь явагддаг тул ийнхүү нэрлэжээ. “Т” эс дотроо олон төрөлтэй бөгөөд тус бүртээ оногдсон үүрэгтэй.
“Т” лимфоцит эсрэгтөрөгчөөр идэвхижсэний дараа:
- Т эффектор \гүйцэтгэгч\ эс
Т санамжийн эс болж ялгаран хөгжинө. Т санамжийн эс удаан хугацаагаар амьдрах чадвартай байдаг. Т гүйцэтгэгч эсийг түүний гадаргууд нийлэгжих макромолекулын шинж чанараас хамааран Т4, T8 гэж ангилна. Т4 эсэд Т- туслагч эс хамаарна. Т8 гүйцэтгэгч эсүүдэд хордуулагч Т эс, Т-дарангуйлагч эсүүд хамаарна. Т-лимфоцитыг анх шувууны фабрицын уутанцарт боловсордог болохыг илрүүлсэн байна. Сүүн тэжээлтэнд ийм эрхтэн байдаггүй тул хөгжлийн эхний шатууд ясны чөмгөнд явагддаг байна.
В-лимфоцит-ын үндсэн үүрэг бол гадны эсрэг төрөгчийн эсрэг өвөрмөц бодисыг боловсруулан шингэний дархлаад оролцох явдал юм.
0-лимфоцит нь Т болон В-лимфоцитын гадаргуу дээр илрэх молекулуудын алийг нь ч агуулдаггүй учир ийнхүү нэрлэжээ. Сүүлийн үед тэдгээрийг байгалийн устгагч эс гэж нэрлэх болсон. Тэдгээр нь бусад лимфоцитын адил уураг задлагч цитолизин ферментийг агуулах бөгөөд харь төрлийн эсүүдийн мембраныг гэмтээх замаар задалж устгана. Гол үүрэг нь вирусээр. халдварлагдсан болон хавдрын эсийг устгах явдал юм.
В болон Т-лимфоцит нь эсрэг төрөгчийг таних өвөрмөц рецептортой бөгөөд В-лимфоцитын рецепторын тоо Т-лимфоцитынхоос бага.
В-лимфоцит нь иммуноглобулин нийлэгжүүлэгч эсэд хувиран гумораль хэлбэрийн иммуны хариуг явуулдаг бол Т-лимфоцит нь эсийн хэлбэрийн иммуны хариу, шилжүүлэн суулгалтын иммунет, хавдрын эсийг устгах, хэт мэдрэмтгий байдлын урвалд оролцох хариуцлагыг хүлээдэг. Мөн Т-лимфоцит нь тодорхой эсрэг төрөгчийн үйлчлэлтэй эсрэг биеийг нийлэгжүүлдэг, В-лимфоцит эрчимжүүлдэг.
В-лимфоцитын эсийн мембраны гадаргуу дээр тодорхой эсрэг төрөгчид үйлчилдэг өвөрмөц иммуноглобулин байрласан байдаг. Эсрэг төрөгч иммуноглобулинтой В-лимфоцитын мембран дээр холбогдоход эс хуваагдан эсийн колон үүсдэг. Эдгээр эсүүд нь иммуноглобулин нийлэгжүүлэгч эсүүд болох плазмын эсүүд болон хувирна. Плазмын эсүүд тодорхой эсрэг төрөгчид үйлчилдэг иммуноглобулиныг их хэмжээгээр нийлэгжүүлдэг. Энэ бол Бернетийн клоны сонголтын үндэс юм.