Цэргийн тактик
Цэргийн тактик гэж дайн байлдааны үйл ажиллаааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай бодлого бөгөөд цэргийн номлолын үүднээс юм. Цэргийн тактик нь байлдааныг удирдах, байлдаан хийх арга ухаан бөгөөд тактикийн бэлтгэл гэж цэргийн салбар анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн, удирдлагын байгууллагыг байлдаанд бэлтгэж, байлдахад сургах бэлтгэл сургуулийг хэлдэг байна. Байлдааны тактик гэж байлдааны үйл ажиллагааг амжилттай явуулах тухай тулааны бодлого юм. Давшилтын тактик нь дайн тулааны үед цэргийн анги нэгтгэл урагш давших төлөвлөгөө юм. Ухрах тактик нь хохирол багатай, зөв зүйтэй ухран дараагийн давшилтад хүрэх байлдааны бодлого юм. Эзлэх тактик нь эсрэг этгээдийн байрлалыг эзлэн авах төлөвлөгөө юм.
Цэргийн тактикийг тулалдаан хийж байгаа орчин нөхцлөөс хамааруулж үздэг. Тухайлбал хот доторх тулалдааны тактик- энэ нь байлдааны ажиллагаа нь тактикийн хувьд маш хүнд байлдааны ажиллагааны тоонд ордог юм байна. Давшиж буй анги нэгтгэлүүд ил байрлаж, орон нутгийн газар зүйн байрлалын тухай мэдээлэлгүйгээр, тухайн орон нутгийн газар зүйн байрлалыг сайтар мэддэг эсрэг талын сайтар өнгөлөн далдалсан галын цэг, бэхлэлтийн эсрэг явагдана. Шахуу байрласан барилга, байгууламжууд нь ажиглалт хийх секторыг багасгаж, гал нээх алслалтыг бууруулна. Мөн шатаж буй барилгын утаа, нурсан барилгын тоос шорооноос болж алслалт нь 200 метр дотор үйлчилнэ. Хот суурин газруудад агаараас бөмбөгдөх болон артиллерийн галын дэмжлэг үр дүн муутайгаас гадна энгийн номхон ард иргэдийг хохироож улс төрийн шинжтэй хүндрэл үүсгэдэг. Одоогийн байдлаар хамгийн үр дүнтэй нь нисдэг тэрэг байгаа юм байна. Хот доторхи байлдааны үндсэн тактик бол барилга, байгууламжуудыг ээлж дараалан эзлэх юм.
Орчин үеийн цэргийн тактик
[засварлах | кодоор засварлах]Орчин үед цэргийн том бага ямарч анги нэгтгэлийн галын хүч галын бүсэд байгаа сөргөлдөх талын бүх зүйлийг устгах чадвартай болсон. Тиймээс өөрийн анги нэгтгэлүүдийг дайсны галаас хамгаалах нь тулалдааны талбар дахь үндсэн үйл ажиллагаа болж байна. Иймд өрсөлдөж буй талын тагнуулын үйл ажиллагаанд боломжит бүхий л саад тотгор хийх, урьдчилан сэргийлэх, айлын анги нэгтгэлийг ажиглах, тэдгээрийн харилцаа холбоог хянах, Анги нэгтгэлээ нэвтэрч үл болох, ядаж үл үзэгдэх саад тотгорыг хийх замаар хамгаалах, өөрийн галт зэвсгээр дайсны үр дүнтэй байгаа галыг дарахыг эрмэлзэх нь чухал болоод байна.
Орчин үеийн зэвсэгт хүчинд янз бүрийн төрлийн цэргүүд багтдаг бөгөөд тус бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг. Тэдгээрийг цогцоор нь уялдаатай ашиглах нь тус бүрийн дутагдлыг харилцан нөхдөг сайн талтай.
Өнөө үеийн дайн байлдаан алсын тусгалын галт зэвсгийг (нисэх, пуужин) ашиглан дайсныхаа ар талд гүн цохилт өгч "шууд контактгүй тулалдах" боломж ихтэй болсон. Энэ нь фронтын шугам, ар тал хоёрын ялгааг бараг үгүй болгож байгаа юм. Үүний зэрэгцээ дайсны бүлгүүдийг бүхэлд шат дараалан устгахын оронд түүний гол байгууламжуудыг устгах, ар талын хангамжийг дэмжих системийг устгахыг эрмэлздэг болоод байна. Орос, Украины дайны явц үүнийг бэлхнээ тод харуулж байна.
Гэсэн хэдий ч далавчит пуужин, "агаар-газар" ангиллын пуужин болон бусад нарийвчлалтай байгаа ондог зэвсгийн чадварыг хэт үнэлж болохгүй. Нэгдүгээрт, ийм зэвсгийг ашиглах нь энгийн олон иргэдийг хохирооход хүргэдэг. Хоёрдугаарт, ийм зэвсгийн нэгж бүрийн үнэ маш өндөр байдаг. Гуравдугаарт, дайсан ийм зэвсгээс хамгаалахын тулд янз бүрийн төрлийн агаарт агаарт төөрөлдүүлэх, устгах электрон хэрэгсэл ашиглаж байдаг. Дөрөвдүгээрт, ийм зэвсэг нь жижиг, байнгын хөдөлгөөнтэй ажиллаж буй дайсны бүлгүүдийн эсрэг үр дүнгүй байдаг. Үүний зэрэгцээ, одоогийн байдлаар зэвсэгт мөргөлдөөний зонхилох төрөл бол партизаны хэлбэрийн дайн үр дүнтэй байгаа юм. Тиймээс зөвхөн жижиг зэвсэг ашигладаг явган цэргийн ангиудын тактик нь өнөө хүртэл үр дүнтэй хэвээр байна.