Чингис хааны сургаал

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ СУРГААЛ бол Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны үлдээсэн сургаал юм. Эзэн Богд Чингис хаан үр хөвгүүд, жанжин баатарууд, анд нөхөддөө хандаж дор дурдсан сургаал айлдав.

Чингис хаан өгүүлрүүн: “Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож байгааг нь олж мэд. Юу бодож, юуг хүсэж буйг мэдэхгүйгээр тэднийг дагуулна гэж үгүй.” “Дэлхий дахин нэгэн гэр бүл болж төв түвшин, энх амгалан болбоос сая миний сэтгэл баясах хэрэг. Бидний эргэн тойрон ёс журамгүй, эзэрхэг харгис, шунахай хаад олон байна.Тэд эрх дураар аашлан ард иргэдээ зовоон үргэлж цэрэглэн байлдаж хүний үхэх элс хийсэхтэй адил болжээ. Иймээс бид тэднийг энх түвшин болгох бодолтой байна. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа,доод амьтанд өршөөл болно”. “Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ.”

“Эрдэмт өршөөлт сайн хаан улсын эрдэнэ, Эрхэм ухаант мэргэн түшмэл төрийн эрдэнэ, Эевэргүү сэтгэлт эм гэрийн эрдэнэ, Элбэрэл тахимдуу хөвгүүн үүрдийн эрдэнэ”. “Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх”. “Саруул ухаанаас илүү сайн нөхөр хүнд байхгүй Мунхаг хилэнгээс илүү муу дайсан хүнд байхгүй”. Чингис хаан Уйгарын Идүүд хаанд охиноо хатан болгож өгөхдөө хэлсэн үг: ”Хатан хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр. Удаах эр нь ариун нэр. Дараах эр нь авсан эр болой. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр буй болно.Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл одно”.

“Цэргийн хүнд байлдах цагт гурван эх буй. Анхны эх нь гартаа барьсан зэвсэг. Удаах эх нь унасан хөлөг морь. Гуравдах эх нь оршсон газар. Энэ гурван эхээсээ салаагүй цагт цэрэг хүн амьд байж чадна”

Чингис хаан архины талаар өгүүлрүүн: “Архи дарс уудаг хүн согтохдоо юу ч харж чадахгүй нүдэн балай болмой. Дуудахад дуулахгүй чихэн дүлий болмой. Хэлэхэд хариулахгүй хэл нь хөшүүн болмой. Хүн согтохдоо амьд байвч үхсэн мэт болъюу. Цэх сууж ч чадахгүй, толгойгоо сүхдүүлсэн мэт ухаан мэдрэлгүй, үлгэн салган болъюу. Хүмүүний оюун санаа,эрдэм мэдлэг,сайн чанар сайхан аальд ч архины тус гэж огт үгүй, харин согтуу хүн зодоон хийж, хүн алж, хүрээ талж, олсон зөөснөө үгүйрүүлж, сурсан мэдсэнээ мартдаг болмой. Хүн нэгийг гээж байхад тэр хоёрыг хаядаг бус уу. Архинд орсон хаан ямар ч үйл бүтээж мэргэн айлдал хийж чадахгүй, Архинд шунаг ноён мянгат, зуут, аравтаа засаж чадахгүй, эхэлсэн ажлаа дуусгаж үл чадмой. Архинд орсон харц ард малаа барж эд хөрөнгөө үгүйрүүлж гуйлгачин болмой. Согтуу хүн гараар юм өргөе гэхэд даахгүй, урлан бүтээе гэхэд чадваргүй болон сульдаж хөлөөр явъя гэхэд хөл нь зөөгдөхгүй, хөдлөе гэхэд бие нь даагдахгүй сульдаж, оюунаар сэтгэе гэхэд сэтгэхгүй болон балайртаж сэрдэг мэдэрдэг бүх эрхтнийг сандаадаг буюу. Архи огт уухгүй байваас түүнээс сайн юм гэж хаа байхав. Тийм хүн олдвоос хүндлэн дээдлүүштэй.”

Чингис хаан олныг хэрхэн удирдахуйн тухай сургаж өгүүлрүүн: Омог хүчээ дараад Онол билгээ хичээн Бүрэн улсаа эрхэндээ авсан тул Олны эзэн болмуй за Арга билиг хоёрыг хослон мэдвээс Аливаа хүчтэнийг эрхэндээ оруулна Арга билгийг эс ухваас Алгандаа бичсэнийг тогтоохуйяа бэрх Бие бөх бөгөөс ганцыг ялмуй Билэг хурц бөгөөс олныг ялмуй Ману дотор ижилдвээс баатар болюу Мэргэд лүгээ ханилваас сэцэн болмуй Аливаа хэрэг олон хүмүнээс Асар мэргэн цөөн хүмүн дээр Түм түмэн эгэл хүмүн олноос Төр ёсоныг мэдэгч хүмүн үлэмж чухаг Эдээр биеэ чимэхийг урьтал болгосноос Эрдмээр оюун билгээ гийгүүлвэл эрхэм сайн Давшгүйг зорин давбаас оройд нь гарюу Гэтлэшгүй мөрнийг зориглон гэтлэх аваас тэртээд гарюу” гэв

Чингис хаан айлдруун: “Нэгэн өдрийн ажлыг мянган жилийн тэртээ юу болох буй хэмээн сэтгэж хийвэл сая ажил тань нэн бүтэмжтэй болно”. “Эр хүмүний есөн эрдэм аль буй хэмээвээс: Тэргүүн дор:-Бусдын зовлонг бие дор эргэцүүлэх Хоёр дор:- Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах Гурав дор:- Булт хүмүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх Дөрөв дор:- Бодох,шинжих бодлого дор ухааныг нарийвчлах Тав дор:- Буцах булгихыг үхэвч үл үйлдэх Зургаа дор:- Бузар ужид дор согтууран үл живэх Долоо дор :- Бусдын эд хөрөнгө дор ховдоглон үл горилох Найм дор:- Буруу гэмээ эгүүлэн ичих эмээхийг мэдэх Ес дор:- Бусармагийг засахуй дор зориг үл шантрах Эл есөн эрдэм есүүлийг магад бүрдүүлэн чадваас түүнийг сая ачлалт сайн хөвгүүн, эрдэмт баатар эр хэмээмой” гэв.

Эзэн богд Чингис хаан төр улсын мандан буурахын ёс, сайн эрийн тухай өгүүлрүүн: Дэлхий дахины түмэн бодисыг түмэн өөрөөр шинжих буюу Галыг/хэт цахиур/ бие дор авч явах хялбар бөгөөтөл Усыг/борив туламтай ус/ бие дор авч явахуй дор бэрх буй за Нүднээ үзэгдэх ил бодитойг харван унахуй дор нум сум эрхэм Сэтгэл дор бодогдох ирээдүйн цаг төрийг засахуй дор Сэцэн билигт ,чин шударгуу бичгийн мэргэд эрхэм Ил далдыг онох, номхотгох, засахуй дор Тус тусын эрдэм чадал,хичээл зүтгэл нэн эрхэм Ертөнцийн түмэн бодис,хүмүний явдал үйлийг шинжин Гүн ,гүехэн ойр хол бээр хэлэлцэн ончийг олвоос эрхэм сайн буюу. Улс Монголын сүр хүч ихээр мандан бадарч Даян дэлхийг цочоон сэрээж чадсаны учир юун хэмээвээс Суу билиг сайт,эрдэм чадалт хүмүнийг сонгон хэрэглээд Мэргэн ухаан,уран дэмийг ямагт олсонд оршмуй. Хожим засгийн эрхийг явуулах хийгээд Цэргийг засан хэрэглэхдээ эрдэмтэн мэргэдийг сонгон дэвшүүлж Тэдний ухаан,уран арга чадлыг ухан хэрэглэвээс Хаант гүрэн их улсын мандал бадрал Магад баттай агаад олон үе үргэлжилмүй Улсын их хаан эзний ор суурийг Миний удам төрөл дотроо дэвшүүлэхдээ Хэн хамгаас сэцэн билигтэн агаад голч шударгуу Эрдэм ухаан,арга билиг төгөлдөрийг сонгон залгуулагтун Эл ёсыг үеийн үед үүрд бүү мартагтун. Эр хүмүн нэгэн сэтгэлт болвоос эрдэнэ Хоёр сэтгэлт болох аваас эм лүгээ адил Эм хүмүн ганц сэтгэлт бөгөөс эр хүмүн лүгээ адил Хоёр сэтгэлт бөгөөс адгуус лугаа адил болой Өөрийн гэмийг бусдаас асуун мэдтүгэй Төр ёсны ослыг сэцдээс асууж суртугай Сумны мөс хэдүй шулуун боловч Онь нүднээс ангид харваж үл болюу Хүмүн хэдийгээр сэцэн төрөвч Суралцахаас ангид мэргэн үл болмуй Сэцэн мэргэн түшмэл улсын эрдэнэ Хэрэг үйлс хэдүй өчүүхэн боловч Хичээл оролдлого цалгардваас үл бүтюү Хүндлүүлэх хийгээд хөнгөлүүлэх ину Хөвчин өөрийн авираас төрмүй. Өндөр уулын хөтөл зорь Өргөн далайн олом зорь Хол хэмээн бүү цөх Явбаас хүрьюү Хүнд хэмээн бүү цөх Өргөвөөс даагдъюу Мах идэх шүд аманд аж Хүн идэх шүд сэтгэлд аж Бие бөх бөгөөс ганцыг ялъюу Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу” хэмээв

Чингис хаан найр цэнгэл,тансаглал ихэдвээс юу болохыг сэргийлж өгүүлрүүн: “Хээнцэр гоёл чимэг,алт мөнгөн сааны гялбаа хэтийдэв Хэхэртлээ цатгалдах элдэв зоог,бор дарс савнаас халив Дээл ихэдвээс өмссөн хүмүний биед тээр хэмээмүй Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд халгаатай Эрхэмсэг хэтэрвээс алив хүмүүний сэтгэл осолдох бус уу Элдэв гувчуур хэтэрвээс эгэл дордост зовлон болох бус уу Гялбалзах чимэг,хоосон сүр,хуурмаг маягийн хэрэг юун Газраас тасарсан Сүн улсын ноёдын ужид цэнгэлийн уршгийг сана Жир иргэдээс улсын эзэн ангижран жаргалдаа живэн мунхарваас Зусарч зальхай сайд,түшмэлүүд завсрын завшааныг олмуй” хэмээв...

Чингис хаан ноёд жанжин нартаа хандан өгүүлрүүн: ”Энгийн тайван цагт ардынхаа дунд нялх тугал мэт номхон байхтун, дайтан тулах бэрх цагт болжмор хөөсөн өлөн шонхор мэт шунган дайрахтун”хэмээв.

Чингис хаан төр улсаа мөнх оршихыг бэлгэдэж өгүүлрүүн: “Алтан бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү самтартугай ”хэмээн алтан сургаалаа айлджээ. / Хуульч, сэтгүүлч, нийтлэлч Доржийн Сүхбаатарын 2013 онд хэвлэгдсэн “Гэгээрэл” номноос хэсэгчлэн авав /