Чойжин буух
Чойжин буух- Бурханы шашныг сахин хамгаалахаар үйлддэг ёс, зан үйл юм.
Бурханы шашин нь Азийн улс орнуудад түгэн дэлгэрэхдээ тэдгээр орнуудын эртнээс улбаатай уугуул шүтлэгийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Тэдгээр саад бэрхшээлийг гэтлэхийн тулд чойжин сахиуснуудыг бүтээн залсан бөгөөд “чой” гэдэг нь “ном”, “жин” гэдэг нь “сахин хамгаалагч” гэсэн утгыг тус тус илэрхийлнэ. Чойжин сахиуснууд бурханы шашныг сахин хамгаалах ам тангараг өргөсөн байдаг.
Чойжин болох хүн өөрөө аяндаа тодорч илрэх буюу эрдэмт лам нар тусгай шалгуураар тодруулан, дараа нь нарийн дэг жаягаар удирдан чойжин болгодог. Догшин сахиус биенд нь оршсон хүн л тодрон илэрч, тусгай нууц тарнийн ид шидийн дэг сургуулийг дамжин жинхэнэ чойжин болдог. Чойжин лам нь эдгээр догшин сахиусыг дуудан, урин залж, зарлиг тааллыг нь сонсон, амьтан бүхэнд туслан, шашныг сахин хамгаалж, түүнд саад тотгор болсон бүхнийг тонилгон үгүй хийж, аюул зовлонгоос ангижруулдаг ер бусын ид шидтэй лам ажээ. Сахиус нь өөрийн гэсэн орон тив, орд харш, хөлөг унаа, нөхөд сэлттэй байдаг.
Чойжин ламын “сахиус залах зан үйл” нь Энэтхэг, Төвдийн шашин шүтлэгийн уламжлал, бөө мөргөлийн дом шившлэг, тайлга тахилгын арга ухаанд тулгуурласан байдаг тул бөө мөргөлийн дэг ёстой нийтлэг зүйл их байдаг. Түүний эдлэл хэрэглэл ердийн лам нарын хувцас хэрэглэлээс өвөрмөц, чимэг зүүлт ихтэй, догшин ширүүн шинж чанарыг илүү тодотгон харуулсан байдаг. Эхлээд “солхо” хэмээх тусгай ном уншиж, бясалгал үйлдэн сахиусаа урин залдаг. Сахиус залран ирснээр чойжингийн биед ер бусын хүч чадал оршиж, хүний оюун ухаан мөн чанараас ангижирч, бурханы билэг оюун орж ирдэг.
Чойжин буух үед амаа ангайн, шүдээ ярзайлган, нүдээ бүлтийлгэж, ам хамраас нь шүлс хөөс сахран, хөдөлгөөн нь ширүүсэж, илд муруйлган мушгих, халуун төмөр долоох зэрэг ид шидийг үзүүлдэг байна. Нум сум, илд, жад, ташуур зэргийг хэрэглэн төр шашинд тэрсэлж, хор хүргэсэн ад зэтгэр, шулмасыг даран устгах, сүсэгтэн олныг ташуураар ороолгон биед нь шүглэсэн муу муухайг хөөн зайлуулдаг байна. Чойжин буух ёслолын дараа тосон авах биерхүү хоёр лам бэлэн байх ба чойжин лам өөрөө ухаан алдсан байх юмуу, юу болсон юу ярьснаа санаж мэддэггүй ажээ.