Чөмөг
Чөмөг (Латин: medulla ossea, Англи: bone marrow) гэдэг нь ясны доторхи хөндий зайнуудад байдаг зөөлөн эд юм. Насанд хүрэгчдийн том ясан дахь чөмөгнүүд (чөмөг яс) цусны эсүүдийг төлжүүлж байдаг. Нас бие гүйцсэн хүний биеийн жингийн 4 хувь буюу ойролцоогоор 2.6 кг жин татдаг.
Анатоми
[засварлах | кодоор засварлах]Ясны чөмөгний төрлүүд
[засварлах | кодоор засварлах]Улаан чөмөг хийгээд шар чөмөг гэсэн хоёр төрлийн чөмөг байдаг. Цусны улаан эс болон тромбоцит эсүүд улаан чөмгөнд үүсч бий болдог бол цагаан эсний ихэнхи нь улаан чөмгөнд үүсэж, зарим хэсэг нь шар чөмгөнөөс үүсдэг байна. Чөмөгний хоёр төрөл хоёулаа олон тооны цусны судас болон торлог судлыг агуулна. Анх эхээс төрөхөд бүх чөмөг улаан чөмөг байдаг. Улмаар нас ахих тусам шар чөмөг болон хувирна. Улаан чөмөг ихэвчлэн дал, сүүж, өвчүү, хавирга, гавал, нурууны нугалам яс тэргүүтэн хавтгай яснуудад байдаг бол шар чөмөг нь урт чөмөг яснуудын дунд хэсгийн хөндий зайнуудад оршдог. Их хэмжээгээр цус алдсан нөхцөлд шар чөмөг цусны эсийг нөхөн төлжүүлэхийн тулд улаан чөмөг болон хувирдаг.
Холбогч эд
[засварлах | кодоор засварлах]Ясны чөмөгний бүх холбогч эдүүд гэдэг нь цусны төлжилтийн (haematopoiesis) анхан шатны үйл ажиллагаанд шууд оролцдоггүй эдүүд юм. Улаан чөмгөнд оршдог холбогч эсүүдээс гадна шар чөмөг үүнд хамаарагдах бөгөөд чөмөгний холбогч эдүүдийн ихэнхи хэсгийг бүрдүүлж байдаг.
Ясны чөмөгний холбогч эдийг бүрдүүлэгч эсүүд нь:
- фибробласт эсүүд (fibroblasts)
- макрофаг эсүүд (macrophages)
- адипоцит эсүүд (adipocytes)
- остиобласт эсүүд (osteoblasts)
- цусны судас (sinusoid)
Ялангуяа макрофаг эсүүд цусны улаан эсний төлжилтөд чухал үүрэг гүйцэтгэн гемоглобиныг бий болгох төмрийг зөөвөрлөнө.
Ясны чөмгийг зөөвөрлөгч
[засварлах | кодоор засварлах]Чөмгөнд бий болсон цусны эсүүдийг зөөвөрлөх үүргийг цусны судас гүйцэтгэнэ. Судас боловсорч гүйцээгүй эсүүдийг тогтоон зогсоож байдаг. Мембраны уураг агуулсан боловсорсон цусны эсүүд л цусны судасны эндотил эдтэй барьцалдан цааш дамжин явах боломжтой болдог.