Шийдвэр гаргах
Цэргийн алба хаагчийн байлдаанд бэлтгэх үеийн хамгийн хариуцлагатай шат нь шийдвэр гаргах явдал юм. Авсан үүргээ судлах, цагийн байдлыг тогтоох үед шийдвэрийн байж болох олон хувилбар төсөөлөгдөж болно. Тэдгээрээс хамгийн ашигтай нэг хувилбарыг сонгон авахыг шийдвэр гаргах гэж ойлгож болно. Цэргийн алба хаагч нь авсан үүргээ биелүүлэх шийдвэртээ дайсныг өрсөн хөнөөх арга, бусад галын хэрэгслэлийн үр дүнг ашиглах журам, өөрийн болон нөхдийнхөө аюулгүй байдлыг хангах нөхцөлийг харгалзан үзсэн байна. Цэргийн алба хаагч (галын хэрэгсэл)-ийн шийдвэр нь, ихэвчлэн, ямар дайсныг, хэдийд, ямар аргаар устгах, галын үүрэг биелүүлсний дараа ямар маневр хийх, аюулгүй байдлаа яаж хангах, нөхөдтэйгээ хэрхэн харилцан ажиллах журмаар хязгаарлана. Байлдааны явц дахь цагийн байдлын өрнөлтийн онцлогоос хамааран, галын үүрэг биелүүлэх бүрт цэргийн алба хаагч шинэ, шинэ шийдвэр гаргаж, санаачлагатай ажиллах ёстой. Харин цэргийн алба хаагчийн шийдвэр, ажиллагааны журам нь тасгийн захирагчийн ажиллагааны бодлогоос халих учиргүй.