Jump to content

Шолойн Цэвэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шолойн Цэвэг нь Монголын анхны геологичдын нэг бөгөөд Германд боловсрол эзэмшсэн анхны монголчуудын нэг юм. Монгол-Герман хэлний толь бичиг зохиогч, геологич Ш.Цэвэг Германы Летцлинген хотын Чөлөөт сургалт-Хөдөлмөрийн нэгтгэл сургуульд суралцсан дөрвөн сурагчийн нэг бөгөөд 1930 онд нөхдийн хамт татагдсан. ЗХУ-д суух Бүрэн Эрхт төлөөлөгч Г.Гүрсэд Гадаад яамнаа ирүүлсэн тайландаа: “Сурагч Цэвэгийг уурхайн инженер болгохоор төлөвлөсөн” гэж бичжээ. Ш.Цэвэг нь 1931 онд Ардыг Гэгээрүүлэх яамны харьяа, Хараа дахь ХАА-н техникумд тооны багшаар ажиллаж байгаад тухайн ондоо Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар шилжин ирж, 1932 онд СССР-ийн ШУА-д суралцахаар явсан.

Ш.Цэвэгийг 1938 онд “Герман тагнуулын хэргээр” ДЯЯ-наас баривчилсан боловч 1939 оны тавдугаар сард цагаатган суллав. Үүнээс хойш геологи хайгуулын чиглэлээр ажиллажээ. 1941 оны 8-р сард дээрх хэргээр ДЯЯ-наас дахин баривчилж, 1943 оны 12-р сар хүртэл мөрдөнд суулгасны эцэст холбогдолгүй хэмээн суллажээ. “Анхны Монгол-герман толь бичиг зохиогоод Монголдоо хэвлүүлж чадахгүй, Германы монголч эрдэмтэн Шубертийн тусламжтайгаар Германд хэвлүүлсэн. Улсад 30 жил хөдөлмөрлөхдөө Судар бичгийн хүрээлэнгээс ШУА нэртэй болтол энэ байгууллагад эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийсэн.

"Тухайн үед Ардчилсан Герман улсаас докторын зэрэг хамгаалах урилга ирж байсан боловч ДЯЯ-ны зөвшөөрөлгүйгээр Монголын хилээр гарах эрхгүй. Аав минь энэ болгонд цөхрөн гомдовч Монголын ард түмэндээ хэзээ ч гомдож байгаагүй” хэмээн хүү Ц.Батхишиг нь дурсан өгүүлжээ. Ш.Цэвэг нь Монгол-Герман толь бичгийг анх зохиосон бөгөөд Германы доктор, профессор Ж.Шубертийн нягталснаар 1961 онд БНМАУ-д анх хэвлэгдэж, 1976 онд дахин хэвлэгджээ. Мөн Орос-Монгол толь, Герман-Монгол толь, геологийн нэр томьёоны толь зэргийг зохиосон.

1944-1968 онд БНМАУ-ын бараг бүх сумаар явж, алт, зэс, хар ба цагаан тугалга, рашаан ус, эртний амьтдын үлдэгдэл яс, давс, шүү, нүүрс, бал чулуу, эрдэнийн чулуу, манган, хромит, уран, вольфрамит, хайлуур жонш, шаазангийн шавар зэрэг ашигт малтмал олж илрүүлэхэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй, Польшийн палеонтологийн экспедиц, Газар хөдлөлтийг судлах экспедицтэй хамтран ажиллаж байсан геологич, эрдэмтэн байжээ.