Jump to content

Шонх Таван Толгойн хүн чулуун хөшөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шонх Таван Толгойн хүн чулуу

Дорнод аймгийн Халхгол сумын төвийн өмнө 7 км зайтай Шонх Таван Толгой нэртэй газарт хоёр хүн чулуу байсан бөгөөд нэг нь Монголын Үндэсний Музейд үзмэрт хадгалагдаж байгаад одоо Чингис Хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна. Цагаан өнгийн гантиг чулуугаар хийсэн түшлэгтэй исэр сандалд заларч буй эр хүний дүрсийг тун уран чадварлаг цоолборлон урласан, эвдэрч хэмхэрсэн зүйл бараг үгүй бүтэн сайнаараа байгаа нь тун онцлог юм. Зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж баруун гараа сандлын тохойвч дээр тавин суужээ. Шанаархаг өргөн нүүр, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй бөгөөд бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ.

Дээлийнхээ гадуур богино ханцуйтай урт хормойтой, хоёр ташаандаа оноо бүхий хувцас давхарлан өмссөн нь ганц өргөн эмжээртэй, зөв ташуу энгэртэй ба үүний хормой дотуур өмссөн дээлийнхээс арай богино болохыг тун бодитой илэр¬хийлжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөл¬жин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана. Хөлдөө шовгордуу хоншоортой, нимгэвтэр ултай гутал өмссөн нь хормойн дороос цухуйж сандлын дорхи тавцанд гишгэсэн байна. Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзвар дээр нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Анх бүтэн байхдаа дээл хувцасны цээжин хэсгээр битүү хээ угалзтай байсны бүдэг ором мэдэгдэх ба ерөөс энэ хөрөг хүний зүс царай, бие бялдрын хэмжээ харьцааг нарийн сайн илэрхийлж уран чадварлаг дүрслэгдсэнээрээ нэн онцгой. Энд дүрсэлсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь ХIII - ХIV зууны дурсгал болохыг гэрчилнэ.