Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам
Шударга Иргэдийн Нэгдсэн Нам (Шинэ нам, ШИНЭН) нь 2019 оны 6 сарын 6-нд байгуулагдаж, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 9 сарын 12-ны хуралдааны 18-р тогтоолоор улсын бүртгэлд бүртгэгдсэн, Монголын улс төрийн нам юм. 2019 оны 9 сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Монголын хамгийн олон иргэний хөдөлгөөн, ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн хүчин юм. МАНАН дэглэмийг эсэргүүцсэн иргэд олон нийтийн байгууллагын нэгдсэн тэмцэл, цуглаанаас энэхүү нам мэндэлсэн гэдгээрээ онцлог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]2004 онд Ж.Батзандан тэргүүтэй залуус төр засгийн явуулж буй бурангуй, дарангуй бодлогыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулснаар “Эрүүл нийгэм, Иргэний хөдөлгөөн” ТББ байгуулагдсан билээ. Энэхүү хөдөлгөөн нь өргөжсөөр 2007 онд “Иргэний хөдөлгөөний нам” болон зохион байгуулагдаж, албан ёсоор улс төрийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. 2008 оны сонгуульд өөрсдийн саналыг луйвардуулсан гэж үзсэн Иргэний хөдөлгөөний нам болон бусад намууд Монгол Ардын Намын байрны гадна жагсаал цуглаан зохион байгуулсан нь ихээхэн хүрээгээ тэлж, олон мянган иргэдийн эсэргүүцэл, тэмцэл болон хувирч, улмаар ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарлаж, 5 залуугийн амь нас үрэгдэхэд хүргэсэн билээ. Энэхүү үйл явдлын дараа Иргэний хөдөлгөөний намыг татан буулгах, үйл ажиллагааг нь хязгаарлах далд бодлого хэрэгжүүлснээр, уг нам туйлын унтаа байдалд орсон түүхтэй. Харин Ж.Батзандан тэргүүтэй залуус 2018 оноос эхлэн улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам буюу Шинэ Намыг байгуулсан нь тэдний байгуулж байгаа 2 дахь нам болсон юм.
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд суудал авч чадаагүй тус намын удирдлагууд нэгдэн нийлж, “Шинэ Хувьсгал” ном бичсэнээр уг намын үйл ажиллагаа дахин сэргэжээ. 2021 оны 12 сарын 20 болсон ээлжит II Их хурлаар “Шинэ Хувьсгал” номыг Шинэ Намын манифесто хэмээн тунхаглажээ. Тус Их Хурлаар Ж.Батзанданг намын даргаас чөлөөлж, Цэндсүрэнгийн Гантулгыг намын даргаар сонгосон.
Шинэ Намын манифесто
[засварлах | кодоор засварлах]Шинэ намын манифесто буюу Шинэ Хувьсгал ном нь дотроо 18 хувьсгал агуулсан бөгөөд хувьсгал тус бүр нь нэг бүлэг байдлаар бичигдсэн ном юм. Энэхүү номоор цоо шинэ Үндсэн хуулийг санал болгож байгаа бөгөөд Монгол Улсын нэрийг “Их Монгол Улс” хэмээн сольж, шинэ Үндсэн хуульдаа “Их Засаг” хэмээх оноосон нэрийг өгсөн юм.