Jump to content

Шүүхийн шийдвэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Court decision буюу шүүхийн шийдвэр гэдэг нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж гаргасан баримт бичгийг хэлнэ.

Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гарах бөгөөд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяат болон харьяалалгүй хүн бүх төрлийн хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.

Шүүхийн шийдвэр нь ерөнхий утгаараа нэг удаагийн үйлчлэлтэй, төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн эрх бүхий байгууллагын баримт бичгийн хэлбэртэй байх ба хууль зүйн нэгдмэл үйл ажиллагааны эцсийн бүрэлдэхүүн хэсэг болдгийн хувьд тодорхой хууль зүйн үр дагавар үүсгэдэг. Мөн эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтаар тодорхой этгээдүүдийн зохих хэмжээ хязгаарыг тодорхойлдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны таалар хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүх буюу шүүгч хууль ёсны шаардлага хангасан шийдвэр гаргахыг үүрэг болгон хуульчлан заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Мөн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.

Шүүхийн шийдвэрийн чухал зүйл нь тодорхой ойлгомжтой, эргэлзээгүй байх юм. Ямар нэг сул үг хэрэглээгүй, хоёрдмол утгагүй, хууль зүйн нэр томьёо болон бусад үг хэллэгийг зөв хэрэглэсэн байхаас гадна ямар ч хүн уншсан ойлгомжтой байхыг шаардана.

Шүүхийн шийдвэр нь өөрийн гэсэн төрөл, бүтэц, агуулгатай байна. Үүнээс дурдвал, Шүүхийн шийдвэрийн төрөлд:

Иргэний болон захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй эрх зүйн актыг шийдвэр;

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэн гаргаж буй эрх зүйн актыг шийтгэх эсхүл цагаатгах тогтоол;

Давж заалдах шатны шүүхээс магадлал,

Хяналтын шатны шүүхээс тогтоол.

Бүтэц агуулгын хувьд: удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Удиртгал хэсэгт: Шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шийдвэр гаргаж буй шүүхийн нэр , шүүх бүрэлдэхүүн, шүүгчийн нэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид, маргааны зүйл болон шаардлага, хэлэлцэгдэж буй эрүүгийн хэргийн зүйлчлэлийг зааж тусгасан байна. (Тодруулбал, шийдвэрийн удиртгал хэсэгт хэзээ, хаана, хэн ямар асуудлыг хэлэлцэж байгааг товч тодорхой илэрхийлсэн байх ёстой бөгөөд эдгээр асуудлуудыг эргэлзээтэй, буруу, тодорхой бус байдлаар шийдвэрт тусгасан тохиолдолд уг шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй болно.)

Тодорхойлох хэсэгт: Эрх зүйн маргааны болон эрүүгийн хэргийн талаар тусгана. Иргэний хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэрт- нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын талаар нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн татгалзал, татгалзлын талаар хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан тайлбар, гуравдагч этгээдийн тайлбарын агуулгыг шийдвэрт тусгана. (Анхаарах зүйл: Шаардлага, татгалзал, тайлбаруудад дурдагдаагүй зүйлийг шийдвэрт нэмж бичих болон тэдгээрийн агуулгыг зөв тодорхойлоогүй нь шүүхийн алдаа болж тооцогдоно.) Мөн шүүх хуралдаанд оролцоогүй боловч өөрийн шаардлага, татгалзал бүхий тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн хэргийн оролцогчийн шүүх хуралдаанаас өмнө гаргасан тайлбарын агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгана.

-Эрүүгийн хэргийн талаар гаргасан шийтгэх болон цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгыг тусгасан хэсэг, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрийн талаарх шүүхийн дүгнэлт гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгыг тусгахдаа шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, газар, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээ, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг зааж өгнө. Ингэснээр эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний тодорхойлолтыг гаргаж болох юм. Яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх байдлын талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан шинжлэн судалсны эцэст шүүх тэдгээрийг хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийснээ, энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээнд тулгуурлаж байгаа талаар тогтоолын тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй, тодорхой заасан байна.

-Захиргааны хэргийн талаар гарч буй шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, прокурорын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт тусгагдсан байна. Үүнээс харахад иргэний хэргийн талаар гарч буй шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгтэй төстэй байдал ажиглагдаж байгаа. Гэвч захиргааны хэргийн шийдвэрийн тодорхойлох хэсэг нь иргэний хэргийн шийдвэрээс ялгаатай байдаг. Мөн захиргааны хэргийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрчийн мэдүүлгийг тусгахаар заасан байдаг.

Үндэслэх хэсэгт: Тухайн хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн, яаж үнэлсэн талаар заана. Тухайлбал, шүүхээр хэлэлцэгдэж байгаа эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг тул чухал ач холбогдолтой юм.

Тогтоох хэсэгт: Тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг тодорхой тусгаж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар зааж өгөх бөгөөд үүний сацуу улсын тэмдэгтийн хураамж, эд мөрийн баримтыг хэрхэх талаар заавал тусгана. Мөн тухайн шүүхийн шийдвэрээр хэргийн оролцогч бүр ямар эрх эдэлж үүрэг хүлээхийг тусгаж өгнө. Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байна.

Шүүх хуульд заасан бусад асуудлыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгахдаа тухайн шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй байхад онцгой анхаарна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрийг биелүүлэх арга, журам, хугацааг шаардлагатай тохиолдолд тусгана.