Эксперт систем

Эксперт систем (Англи: Expert system) буюу мэдлэгт суурилсан систем нь байгууллага, салбарын хүрээнд тавигдсан тодорхой асуудал, бодлогыг шийдвэрлэхэд мэргэжлийн шинжээч/экспертийн мэдлэгийг үр ашигтай хуримтлуулах, ашиглахад чиглэсэн систем, хиймэл оюуныжишээ юм. Ингэснээр асуудлыг шийдвэрлэхэд тодорхой салбарын шинжээч/ экспертийг биеэр байлцуулах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, асуудал буюу асуудлын тодорхой тохиолдлыг шийдвэрлэх оновчтой шийдлийг сонгоход тусалдаг. Уг системийн гол давуу тал нь тодорхой нэг салбарын олон тооны экспертын мэдлэгийг хуримтлуулан нэгтгэдэг явдал юм.

Эксперт систем нь тодорхойлогдсон тодорхой нөхцөл байдалд үйлчлэх дүрмүүдээр мэдлэгийн санд суурилан дүгнэлт хийдэг. Мэдлэгийн сан нь ХЭРЭВ... БОЛ буюу IF... THEN логик бүтцээр програмчлагддаг. Үүнийг хялбар жишээгээр тайлбарлавал, "ХЭРЭВ амьтан нь шувуу, тэр нь нисдэггүй, түүний далавч нь хар цагаан өнгөтэй БОЛ энэ нь оцон шувуу" болно. Өдгөө сансар судлал, байгаль орчны мониторинг ба шинжилгээ, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, газар зохион байгуулалт зэрэг олон талт асуудал байнга тавигддаг салбаруудаас гадна шатрын програм, эмнэлгийн төрөл бүрийн оношлогооны системүүд, өвчтөний онош ба өвчний шинж тэмдэгт тохируулан оновчтой эмийг сонгох зэрэг өдөр тутмын хэрэглээнд эксперт системийг түлхүү хэрэглэж байна. эксперт системийг дараах үндсэн төрлүүдэд ангилан үзэж болно. Үүнд:

  • Төлөвлөлт
  • Таамаглал, прогноз
  • Хяналт, мониторинг
  • Оношлогоо, эмчилгээ
  • Сургалт
  • Загварчлал

Эксперт системийн мэдлэгийн сан нь тухайн салбарын шинжээч мэргэжилтнүүдтэй харилцах үед баяжин нэмэгдэж, агуулгын цар хүрээний хувьд өргөжиж байдгаараа онцлогтой. Эксперт систем нь гол төлөв дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

  • Шийдвэрлэгч. Ажлын санах ойгоос үндсэн өгөгдлийг, мэдлэгийн сангаас мэдлэгийг ашиглан тавигдсан бодлогыг шийдэхэд ашиглах дүрэм, тэдгээрийн дарааллыг тодорхойлон гаргана.
  • Өгөгдлийн сан. Энэ нь тавигдсан асуудлыг тухайн үед шийдвэрлэх шаардлагатай үндсэн болон завсарын өгөгдлийг хадгалахад зориулагдсан.
  • Мэдлэгийн сан. Тодорхой салбарыг дүрслэх урт хугацааны өгөгдөл, тухайн салбарын өгөгдлийн өөрчлөлтийг тодорхойлох дүрмүүдийг хадгалахад зориулагдсан.
  • Мэдлэг бүтээх хэсэг. хэрэглэгч буюу шинжээчийн мэдлэгээр эксперт системийн мэдлэгийн санг баяжуулах үйл ажиллагааг удирдан зохицуулна.
  • Тайлбарлах хэсэг. Систем нь бодолтыг хүлээн авсан, эсвэл ямар учраас хүлээн аваагүй талаар болон ямар мэдлэгийг ашигласан талаар тайлбарлана. Энэ нь шинжээчид системийг туршин шалгах боломжийг олгож харин хэрэглэгчид гарсан үр дүнд итгэх итгэл үнэмшлийг дээшлүүлдэг.
  • Харилцах хэсэг. Тавигдсан асуудлыг шийдвэрлэх мэдлэг бүтээх, илүү найрсаг, илүү хялбар бөгөөд энгийн болгоход чиглэгдсэн.