Элсний цулхир
Элсний цулхир - (Англи: Agriophyllum arenarium), (Орос: Кумарчик песчаный)
30-40см өндөр ургадаг нэг наст өвслөг ургамал юм. Үзүүр тийшээ нарийсаж өргөс болсон шугаман зэв хэлбэрт навчтай. Цэцэглэлтээс өмнө ерөнхийдөө шүүслэг зөөлөн байж байгаад цэцэглэснээс хойш хурдан хатуурч өргөстэй хатуу болно. Өргөс болж хувирсан дагавар бүхий цэцгүүд навчны өвөрт бэтгэнцэр баг цэцгийг бүрдүүлнэ. Хавтгай зуувандуу үртэй. Бороо хуртай үед сайн ургаж, бороогүй бол намхан ургахаас гадна үр нь боловсордоггүй. Өвөл бүхлээр хагдран ойчиж, хамхуулын нэгэн адил салхинд туугдан хотгор, гуу жалгаар бөөгнөрнө.
Сул элс бүхий нутгуудад дангаар буюу загтай холилдон их тархжээ.
Үрийг тээрэмдэн гурил хийх, эсвэл нүдэж зарам болгоод будаа маягтайгаар идэж болно. Үр нь шим тэжээлт чанараар сайн, хальстай үрийн химийн бүрэлдүүнд протеин - 21.25, эслэг - 3.4 хувь байдаг. Цулхирын үрийг түүж сул элстэй газар тариалан хүнс болон тэжээлд ашиглах бүрэн бололцоотой.
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 136