Эрүүл хооллолт
Сүүлийн үед дэлхий дахинд тулгамдах болсон асуудлуудын нэгт биеийн арьсан давхарганд өөх хуримтлагдах өвчин буюу таргалалт орж байна. Таргалалт нь ихэвчлэн хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ буюу буруу хооллолтоос үүсч байгааг эрдэмтэн судлаач нар батлаад байгаа юм.
Хоол хүнсээ зохисгүй хэрэглэвэл ходоодны өвчин, ууц нурууны өвчин, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх аюултай юм. Хүн бүрийн бие организм өөр учраас та өөрөө өөрийнхөө зөв хооллолтын хэм хэмжээг зохицуулах болно.
Эрүүл хооллож байна гэж юу ч идэхгүй, хэтэрхий туранхай байж, өөрийгөө зовоох хатуу дэглэм барь гэсэн үг биш юм. Ингэх нь өөр өвчин ханиадыг дагуулж болзошгүй. Иймээс өөрт тохирсон хоолоо өглөө, өдөр, орой гэсэн гурван цагуудад зөв хуваарилан хооллож “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдэг үгийг дагах хэрэгтэй. Мөн хоолоо хийхдээ давс, тос, өөх хэт их хийхгүй байхыг хичээгээрэй. Хоол идэх бүртээ араас нь цэвэр ус ууж хэвшвэл маш сайн.
Өдөр тутмын амьдралдаа зөв хооллож сурвал таргалахгүйгээс гадна олон янзын өвчинөөс сэргийлж чадах юм. Биеийн бүхий л эрхтэнүүд хоорондоо холбоотой учраас зөвхөн зөв хооллож байна гэж битгий бодоорой. Та бусад эд эрхтэнүүд, биеэ ч гэсэн хамгаалах юм.
Зохистой хооллолтыг хэдхэн өдөрт хийдэггүй тул та тууштай, тэвчээртэй, хичээх хэрэгтэй болно. Ингэснээр таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтворжино.