Jump to content

Эр хүний гоёл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол эрчүүдийн гоёл : Монгол эрчүүдийн бүснээсээ зүүж явдаг гоёл бол хэт хутга, аяганы уут, даалин юм. Хэтэн дээр дүрсэлдэг хээ нь цэцэг, булан, эвэр угалз, тохомтой угалз зэрэг юм. Энэ бүгдийг мөнгөөр хийдэг. Хутганы хажууд хос савх хатгаастай байдаг. Хутгаа ар нуруундаа бүсэндээ хавчуулан зүүгээд айлд орохдоо сугалан унжуулдаг байна.

Монгол эрэгтэйчүүд өөрийн аягаа зориулалтын уутанд хийн бүсэндээ хавчуулан явдаг. Голдуу мөнгөн аяга авч явах ба тухайн хүний бэл бэнчингээс шалтгаалан модон тагш ч авч явах нь бий. Айлд ороод гэрийн эзэнтэй мэндэлж тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Аяганы уут, хөөрөгний даалин зэргийг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг зүү ороон, саа самнан хатгаж чимэглэсэн байдаг.

Нэгэн төрлийн тамхины хэрэгсэл бол гаанс юм. Гаансыг соёо хэлбэртэй сэтгүүр, хагас дугуй хэлбэртэй цохилбортой хамт хэрэглэж, гаансыг гутлын түрийндээ шургуулан хийж явдаг. Гаанс нь толгой, их бие, соруул зэргээс бүрдэнэ. Гаансны толгойг ган, гууль зэргээр, их биеийг модоор хийх бөгөөд заримдаа бүхэлд нь ясаар хийх нь буй. Гаансны аманд зуух хэсгийг соруул гэх бөгөөд хамгийн үнэтэй нь цагаан өнгөтэй, уртавтар хаш соруул болно. Сэтгүүр, цохиурыг мөнгөн гинжээр тамхины савтай холбодог. Гаанс ихэвчлэн 30-40 сантиметр урттай байх бөгөөд зөвхөн соруулын урт нь 10 сантиметр хүртэл урт байх нь бий.

Хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эвэрний яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлж хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Хөөргийг эрэгтэй эмэгтэй хүнийх гэж ялгадаг бол бэл чинээтэй өндөр албан тушаалтнууд хавтганы, ямбаны, ширээний хөөрөг гэж хэд хэдэн хөөрөг хэрэглэдэг байв.


Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.


Эрчүүд хөөргөө тохируулан урласан даалинд хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг бөс даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр хийж түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин бол эхнэр хүнийг хэр зэрэг уран шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд хэр зэрэг уран болохыг шалгадаг шалгуур байжээ. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд түүнийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв.


XYII зууны үед Европод орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд орж ирсэн гэдэг. Хамрын тамхи татах зуршил Манж, Түвдээс Монголд нэвтэрсэн бөгөөд хөөрөг ч мөн адил хятадаас гаралтай ажээ. Хятад хөөрөгт нас, хээ угалз, хэн хийсэн гэдэг нь чухал байдаг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаад хэрэглэж байсан бол их үнэ цэнэтэйд тооцогддог. Монголд ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байгаад хожим сүм хийдээс татгалзах үед үнэ цэнээ алдаж хэрэглээ нь багасчээ.


Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, түвд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй ажээ. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг ажээ. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнэтэйд тооцогддог байна. Хаш чулуу 7 төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийг бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна. Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар хэрэглэдэг ажээ. Ой тогтоолтыг сайжруулах, аянга цахилгаанаас хамгаалах, шарх сорвийг эдгээх, хоолойны өвчинд тустай гэж үздэг. Номин хөөргийг байнга биедээ авч явбал элдэв яр шарх, идээт үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, мэдрэлийн ядаргаа, цус багадалт зэрэг өвчинд өртөхгүй хэмээн үздэг байна. Сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна. Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудагч гэнэ.


Эр хүний гоёлын нэг чухал зүйл бөгөөд бүсэнд зүүх оосор хэмээх бэл, гал ноцоох хэтийн хамт хэрэглэнэ. Бэлийг төмөр, мөнгө, гуулиар хийхдээ дээд хэсгийг үүлэн хээ, эрвээхэй, эвэр хээ хэлбэртэйгээр хийдэг. Ган төмөр, болд гэх мэт металлыг давтаж сэнж хадаад, булигаар ширээр улавч тавьж хийсэн гал ноцоох үүрэгтэй хэрэгслийг хэт гэнэ. Хэтэнд төмөр, мөнгө, сувдаар хээ угалз тавин чимнэ. Бүсэнд тээглүүлэхийн тулд хаш, мөнгө, ган тээглүүр хэрэглэдэг. Хутганы ишийг яс, үйс, сум мод шахаж алаглуулан хийх нь элбэг. Хутганы хуй, иш, ирний ховилыг хээлдэг бөгөөд хээ угалзыг алтаар шарах юмуу, мөнгөөр хөөлгөж хийх нь түгээмэл байдаг. Хутганы хажууд хос савх хатгах бөгөөд ар нуруун талд бүсэндээ хавчуулж явдаг. Айлд орохдоо хутгаа бүснээсээ сугалан доош унжуулна. Эр хүний гоёлын тухай нэгэн домог бий. Эрт цагт нутаг усандаа нэр хүндтэй, эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь үзэсгэлэнтэй нэгэн байсан тул нутгийн өөр нэг залуу дурлаж хос хоёрыг салгах арга бодож хошуу ноёнтойгоо хуйвалдан нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулжээ. Эр нөхрөө хэзээ ирэхийг мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорчээ. Хорон санаат залуу “нөхрөө авчрахыг хүсвэл надтай суу, үгүй бол ембүү өг” хэмээн зовоосоор хамаг хөрөнгийг нь баржээ. Нөхөр нь 9 жилийн дараа гэртээ харьж иртэл хайртай эхнэр нь өвчний улмаас нас барж, гэр орон нь үгээгүй ядуу болсон байв. Харин гал голомтыг нь ээжтэйгээ жигтэйхэн адилхан охин нь сахин сууж байв. Охинтойгоо уулзан учир явдлыг сонсож, эхнэрийнхээ үлдээсэн зүйлийг үзтэл маш чамин хээ угалзтай хутга, гал ноцоох хэт, гаанс, даалин зэрэг зүйлүүд байжээ. Эхнэр нь эцсийн малаа зарж тэдгээр зүйлийг хийлгээд “эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” хэмээн охиндоо хэлж үлдээжээ. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж ирсэн тэр цагаас хойш хэт хутга, гаанс, даалин зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.


Монгол эрчүүд дээл хувцаснаас гадна эмээл хазаар, сайн модоор хийж яс, мөнгө зэргээр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга бугуйлаар гоёдог. Уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш манан соруултай гаанс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт мөнгөн бөгж тэргүүтнийг хэрэглэдэг.


Эрчүүдийн гоёл үүссэн тухай домог: Эрт урьд цагт удам угсаа сайтай, айл саахалтдаа нэр хүндтэй эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Тэр нутгийн бас нэгэн залуу эхнэрт дурлаж тэр хоёрыг салгах арга хайгаад хошуу ноёнтойгоо ярилцаж байгаад нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулчихжээ. Ингээд эр нөхрөө хэзээ ирэхийг ч мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорчээ. Нөхөр нь 9 жилийн дараа эргэн иртэл гэр орон нь маш ихээр туйлдаж нутгийн хамгийн ядуу айл болсон байв. Хайртай эхнэр нь өвчний улмаас нас бараад харин ээжийгээ яг дуурайсан охин орон гэрээ харан амь зууж байжээ. Охинтойгоо уулзан учир явдлыг тайлтал хорон санаат залуу нөхрөө авчрахыг хүсвэл ембүү өг, эсвэл надтай суу хэмээн зовоосоор бүх хөрөнгийг нь баржээ. Харин охин нь аавдаа маш чамин хээ угалзтай зүйлсийг бэлэглээд ээж үүнийг эцсийн малаа зарж хийлгэсэн юм. “Эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” гэж хэлсэн билээ гэжээ. Тэр нь аян дайнд яваа эр хүнд тохирох гал гаргах хэрэгсэл хэт хутга, гаанс, даалин зэрэг байжээ. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж иржээ. Тэр цагаас хойш хэт хутга, даалин, гаанс зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.