Эх оронч үзэл
Эх оронч үзэл (Англи: Patriotism) буюу бидний Монголчуудын хэлж заншсан “Эх оронч үзэл” гэдэг нь өөрийн төрөлх нутгаа хайрлан дээдлэх үзэл юм. Үгийн уг гарал нь patris гэсэн грек үгээс үүсэлтэй бөгөөд Эцэг гэсэн утгатай. Монголчууд ахуй амьдралдаа "тэнгэр эцэг, газар ээж" гэж сэтгэж үздэг байсантай холбоотойгоор төрөлх нутгаа “эх орон” хэмээсэн байж болох юм. Улс үндэстэн бүр соёл, шашин шүтлэг талаар олон нь сүлжээний үлэг, сэтгэлгээний арга нь өөр өөр байдагтай нэгэн адил тэд “патриотизм”гэж ярихдаа дэндүү өөр өөр утга санаа агуулдаг байна.
Заримдаа патриотизмыг үндэсний үзэлтэй утга дүйцүүлэн хэрэглэх явдал байдаг ч үндэсний үзэл нь эх оронч үзлээс өөр юм. Эртний грекүүд эх оронч үзлийг үндэстэн-улс гэхээсээ илүүтэй хэл, шашин шүтлэгтэй холбон авч үздэг байжээ. Хиндү хэл дээр гарсан эртний Рамаяна туульд Janani Janma Bhoomischa Swargadapi Gariyasi гэж хэлснийг монголчилбол "Эх, Эх орон нь тэнгэрээс аугаа" гэсэн утгатай юм. Хиндү үндэстний хувьд энэ нь эх оронч үзлийн суурь дэвсгэр болдог. 18 дугаар зууны Сэргэн мандалтын үед эх оронч үзлийг үндэсний үзлээс тусдаа ер нь хүмүүн төрөлхтөнд буян үйлдэх үзэл гэж тайлбарлаж байсан. 19 дүгээр зуунд үндэсний үзлийн нөлөөн дор эх оронч үзэл нь бусдын өмнө хариуцлага хүлээх зарим нэг хувирсан агуулгатай болсон байдаг. Энэ утгаараа эх оронч гэх үзэл нь космополитанизмд дөхүү ч үзэл мэт болж хувирсан.
Зарим шашин өөрийн шашны үнэлэмжийг эх оронч үзлээс дээгүүр гэж ойлгох явдал бий. Үүний хамгийн том жишээ нь Энэтхэг, Израйль юм. Өөр бусад орнуудад ч тухайлбал, АНУ-д амьдарч байгаа еврей, католиг, ислам шашин шүтэгчид үндэстэн гэхээсээ шашиндаа үнэнч байдаг. Америк, Английн католиг шашинтнууд өөрийн үндэстэн гэхээсээ илүү Ватиканд үнэнч байдаг. Тэдний хувьд шашиндаа үнэнч байх нь нэг ёсны “эх оронч үзэл” юм. Шашны үнэлэмж хийгээд эх оронч үзлийн талаарх ойлголтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг Бушийн нэгэн сэтгүүлчтэй хийсэн ярилцлага их сонирхолтой юм. Сэтгүүлч Шерман эцэг Бушд түүний сонгуулийн сунгаанд өрсөлдөх явцад дараах асуулт тавьж хариулт авчээ. Асуулт: Та америкийн атеистүүд (шашингүй хүмүүс)-ийн саналыг авахын тулд юу хийх вэ? Хариулт: Би шашингүй хүмүүстэй хэрхэхээ сайн мэдэхгүй байна. Миний хувьд Бурханд итгэнэ гэдэг бол чухал асуудал юм. Асуулт: Та шашингүй америкчүүдийн эх оронч үзэл, тэдний иргэн байх тэгш эрхийг мэдээж хүлээн зөвшөөрнө биз дээ? Хариулт: Үгүй ээ, Шашингүй хүмүүсийг эх оронч байтугай, иргэн гэж үзэх ёстой гэдгийг би мэдэхгүй юм байна. Энэ үндэстэн нэг л бурханы дор амьдарч байгаа. Эцэг Бушийн дээрх ярилцлагын дараа шашингүй америкчүүд ихэд уурссан байдаг. Энд шашинтай байх, шашингүй байх тухай асуудал нь төдийлөн сонин биш юм. Хамгийн гол нь эх оронч үзлийг шашны үнэлэмжээр тодорхойлж байгаа нь сонин юм.
Та шашиндаа үнэнч биш л бол эх оронч биш л гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл эх оронч үзлийг америкчүүд шашны үнэлэмжээс салгахгүй байна. Үүнтэй нэгэн адил хуучин социалист гэгдэж байсан орнуудад эх оронч үзлийн тухай ярихдаа шашны биш юмаа гэхэд үндэсний үзлийг биш социалист үзлийг, “пролетарийн интернационализм”-ын үзлийг агуулдаг байжээ. Социализмын тугийг даян дэлхийд мандуулах тийм л хүн жинхэнэ эх оронч гэж үнэлэгддэг байлаа. Үүний хамгийн тод жишээ бол хүний нутагт зэвсэгт тэмцэл өрнүүлж явсан эх оронч Че Гевара юм. Түүний хувьд эх оронч үзэл гэдэг бол социалист хувьсгалыг бусад орнуудад түгээх явдал байсан юм. Эх оронч үзэл дайн, тэмцэл тулалдааны үед хамгийн их оргилж тайван цагт унтаа байдалтай болдог зүй тогтлыг эрдэмтэд ажигласан байна. Магадгүй үүнтэй холбоотойгоор монголчууд “эх оронч үзэл”-ийн тухай ярихдаа цэрэг, эх оронч үзэл гэж тодотгол өгдөг нь санамсаргүй зүйл биш бололтой.