Юндэндорж
Юндэндорж бол Халхын зүүн гарын Түшээт хаан Гомбодоржийн хөвгүүн Шидишир баатар бэйлийн гуч Санжайдоржийн хөвгүүн бөгөөд XVIII зууны сүүл XIX зууны эхэн үед Манж Чин улсын засаг захиргаа Халхад бэхжих явцад голчлон оролцжээ. Манж Чин улсын дунд үеийн Монголын улс төр, цэргийн зүтгэлтэн.
Юндэндорж хамгийн удаан буюу 44 жил Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын албан тушаалыг хашсан байна. 1783 онд Юндэндорж Хүрээнд сууж сурч хэрэг шийтгэгч сайдын оронд тоонд томилогдсоноор тэр төрд алба хааж эхэлжээ. 1784 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Юндэндоржийг Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын албан тушаалд томилжээ. Юндэндорж 40 гаруй жил Хүрээний сайдын өндөр албан тушаалыг гүйцэтгэсэн бөгөөд Тэнгэрийн тэтгэсэн, Сайшаалт ерөөлт, Төр гэрэлт хэмээх Чин улсын гурван хаанд зүтгэсэн нэр хүндтэй, туршлагатай сайд байв. Манжийн төрийн засаг захиргааны дор Юндэндорж Халхын ноёд язгууртнууд, хутагт хувилгаад, лам, хар ардын эрх ашгийг хамгаалсан бодлого урт удаан хугацаанд хэрэгжүүлж байв. 1799 онд тэр харуулд зүтгэсэн тайж, ардад цалин шагнуулахаар айлтгаад зэмлэгдэж байв. 1802 онд Юндэндорж хошуу шавийн нутагт хольцолдон сууж, тариа тарих хятад иргэдийн дур зоригоор газар хагалан тариа тарих, монгол эхнэр авах явдлыг хориглож, хятад иргэдийг тоолж бүртгэн, түр оршин суух зөвшөөрөл олгож байхаар Манжийн хаанд айлтгаж зөвшөөрүүлжээ. Ингэснээр хятад иргэд монгол газарт оршин суух, монголчуудтай харилцах харилцаааг зохицуулсан хууль батлагдаж, Гадаад монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт нэмэгджээ. 1802 онд Юндэндорж Хүрээний сайдын тушаалд хэрэглэх тамга олгох шаардлагатайг айлтгаж, сайдын газрын орон тоо, санхүү, хэрэглэлийг төлөвлөн тогтоож, манжийн төрөөр зөвшөөрүүлж чаджээ. 1805 онд Бээжинд хүрч Манжийн хаанд бараалхах даалгавартай Москвагаас мордсон Оросын элч, сенатор гүн Головкин Хүрээнд ирэхэд сөгдөж мөргөхийг шаарджээ. Сенатор, гүн Головкин татгалзсан учраас нутагт нь буцаасан байна. 1810 онд Эрхүүгийн губернатор А.С.Трескин Юндэндорж ванг, хөвгүүний хамт Троицкосавскт урьж, Головкины алдааг тайлбарлан хэлэлцжээ. 1819 онд Юндэндорж Хэнтий хан уулыг дархан цаазтай болгож, Хан уул, Хэнтий хан ууланд ан гөрөө хийх, мод огтлохыг хориглох хууль тогтоож Манжийн хаанаар зөвшөөрүүлсэн байна. Мөн өөрийн хувиас хөрөнгө гаргаж Хан уулын орой дахь Цэцээ гүн оргилын овоог засуулжээ. 1819 оны намар Манжийн хаан Юндэндорж Халхын дөрвөн аймгийн хэргийг хамтатган захирахыг оролдож байгаа нь зүйд нийцэхгүй хэмээн буруутгаж, цалин хассан байна. 1827 оны намар Юндэндорж нас барахад Манжийн хаан гашуудлын ёсоор түүний ар гэрт мөнгө шагнаж, цогцосыг нь Бээжинд хүргүүлэн оршуулжээ.