Ялгуун баатар бэйсийн хошуу

Богд хааны зарлигаар байгуулагдсан цахар хошуу

Богд хааны зарлигаар умард хязгаарын Хиагт хотыг сэргийлэх цэргийн алба хааж байсан Ялгуун баатар Сумъяагийн цэрэг эрс, албат ардад Хиагтын баруун талын Хавтгай, Хар хужир, Цагаан-Ус гурван харуулын нутгийг олгон Түшээт хан аймагт хавсарган захируулжээ. Тус хошууны хүн амыг хүснэгтээр харуулбал:

он Хүн ам Өрхийн тоо Хүн амын тоо Хүн амын дотор
1 1918 85 246 136 109
2 1919 82 248
3 1922 45 243
4 1924 51 242 132 110
5 1925 50 238 127 111
6 1926 99 329 175 154

Тус хошууны хүн ам нь үндсэндээ цахарууд байсан бөгөөд цөөн тооны буриадууд багтаж байв. Тэд уламжлалт мал аж ахуйн зэрэгцээгээр газар тариалан, ан агнуурын ашиг шимээр амьдарч байжээ. Хошууны нутаг нь хойт талаараа Орос, зүүн талаараа Буур харуул, өмнө талаараа Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, баруун талаараа Жирэгтэй харуултай хиллэж байв.

Тус хошууны дайчин эрс 1913 оны Өвөр монголыг чөлөөлөх дайнд оролцсож, 1921 онд 54 хүн Ардын Журамт Цэрэгт элсэж, Хиагтыг чөлөөлөх байлдаан, баруун замын байлдаанд оролцож, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн тус хошуунаас Ялгуун баатар Сумъяа, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга Л.Дэмбэрэл, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга З.Шижээ нарын төр, цэргийн зүтгэлтнүүд төрөн гарсан байна.

Түшээт хан аймагт хавсаргасан Ялгуун баатрын хошуу нь 1923 оноос Богд хан уулын аймгийн Их Түшиг уулын хошуу болсон авч 1926 онд Зүүнбүрэн хан уулын хошуунд нийлүүлж, мөн хошууны нэг сум болгожээ. Ялгуун баатар Сумъяа Моностойд анхны бага сургууль байгуулж, 1924 оны 10 дугаар сард 10 сурагчтай хичээлээ эхлүүлжээ.

БНМАУ-ын засаг захиргааны зохион байгуулалтыг 1931 онд шинэчилж Газар тариалангийн /өнөөгийн Сэлэнгэ/ аймгийг 17 сумтай байгуулахад Түшиг сумыг Зүүнбүрэн хан уулын хошуунаас салгаж, биеэ даасан сум болгов.