Ян Сибелиус

Ян Сибелиус. 1912 он

Ян Сибелиус (фин., швед. Jean Sibelius, төрөх үед нь шведээр Johan Julius Christian Sibelius; Ю́хан Ю́лиус Христиа́н Сибе́лиус) нь 1865 оны 12-р сарын 8-нд Оросын Хаант Улсын харьяа Финландын Их Вант Улсын Хямеэнлиннад төрж, 1957 оны 9-р сарын 20-нд Финляндийн Ярвенпяяад нас барсан Финландын хөгжмийн зохиолч юм.

Сибелиусын уран бүтээл Баруун Европын романтик хөгжмийн нөлөөн дор бий болсон ба зарим нэг хөгжмийн бүтээлүүд нь импрессионизмын шинж төрхийг илэрхийлж байдаг. Уран бүтээлийн дийлэнх хэсэг нь симфони найрал хөгжимд зориулсан байдаг (7 симфони, симфони найраглал, чуулбар). Тэдгээрээс хийл, найрал хөгжмийн концерт, найрал хөгжимд зориулсан "Гуниглангуй вальс" (А. Ярнефельтын "Үхэл" хэмээх эмгэнэлт жүжигт зориулсан хөгжим), найрал дуунд зориулсан "Финландын сүлд дуулал" зэрэг бүтээл нь алдаршжээ. Я. Сибелиусын ихэнх бүтээл нь шууд болон шууд бус утгаараа фин үндэстний сэдэв агуулгатай холбогдож байдаг. Я. Сибелиус бол 1880-1910-д оны үеийн Финийн урлагийн "алтан үе"-ийн томоохон төлөөлөгч юм.