Өвөгт тогоруу
Өвөгт тогоруу (Grus virgo) нь Хар тэнгисээс Монгол, Хятадын зүүн хойд хэсэг хүртэлх Евросибирийн төв хэсэгт тархсан тогорууны төрөл зүйл юм. Мөн Турк улсад үржлийн цөөн тооны тоо толгой байдаг. Эдгээр тогоруунууд нь нүүдлийн шувууд юм. Баруун Евразийн шувууд Африкт өвөлжих бол Ази, Монгол, Хятадын шувууд Энэтхэгийн хойгт өвөлжнө.
Гадаад шинж
[засварлах | кодоор засварлах]Өвөгт тогоруу нь 85–100 см (33.5–39.5 инч) урт, 76 см (30 инч) өндөр, 155–180 см (61–71 инч) далавчтай. Жин нь 2-3 кг (4.4-6.6 фунт). Тэд бол тогоруу шувуудын төрлийн хамгийн жижиг биетэй төрөл юм. Толгой, хүзүү хар, нүдний араас багц цагаан өд доош унжсан. Биеийн бусад хэсэг үнсэн саарал. Бусад тогоруутай харьцуулбал бие жижиг. Толгойн орой саарал. Нүд улаан. Хүзүү дагаж цээж хүрсэн хар өдтэй. Тэр нь зогдор мэт харагдана. Гуравдугаар зэргийн дэвүүр урт, унжиж сүүл мэт харагдана. Хүзүүний доогуур түүнийг голлосон хар судалтайгаараа хархираа тогоруунаас ялгарна. Залуу шувууны биеийн зүс бүхэлдээ саарал ч нуруу, далавч, сүүлэнд бор шаргал толбо, өнгөртэй.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Шавж түүний авгалдай (царцаа, голио мэт), нялцгай биетэн, ихэвчлэн ургамлын үр, үндсээр хооллоно. Тариалангийн талбайгаар хаварт сүрэг сүргээрээ цуглардаг өвөгт тогоруу нь утсан өт, цох хорхойн авгалдай мэтийн тариалангийн хортон шавжийн тоо толгойг үлэмж хэмжээгээр хорогдуулна.