Өмнөд Солонгосын боловсрол
Өмнөд Солонгосын боловсрол (англи. Education in South Korea) - Бүгд Найрамдах Солонгос Улсын боловсролын тогтолцоо. Боловсрол эзэмших нь маш чухал байдаг тул солонгосчууд нэр хүндтэй боловсролын байгууллагад сурхыг эрмэлздэг байна. Өмнөд Солонгост боловсролыг улсын болон хувийн сургуулиудад олгодог тогтолцоотой. Эдгээр улсын болон хувийн сургуулиуд төрөөс санхүүжилт авдаг боловч хэмжээний хувьд улсын сургуулиуд илүү авдаг байна. 2016 онд Өмнөд Солонгос ДНБ-ийхээ 5.4 хувийг бүх шатны боловсролд зарцуулсан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа Хөгжлийн байгууллагын (англи. The Organisation for Economic Co-operation and Development) орнуудаас дунджаас 0.4 пунктээр илүү байгаа юм. Боловсролд оруулсан ихээхэн хөрөнгө оруулалт, дайчин хандлага, иргэдийн сурлагын өндөр амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл нь Солонгосын дайны дараах 70 жилийн хугацаанд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэхэд маш том дэмжлэг болсон байна.
Солонгосын төрийн захиргааны байгууллагууд хүүхдийн бага наснаас эхлэн ахлах сургуулийн сүүлийн жил хүртэлх бүх боловсролын үйл явцыг тодорхой зохион байгуулж, хянадаг. Өмнөд Солонгосын боловсролын тогтолцоонд математик, солонгос, англи хэл, шинжлэх ухаан, нийгмийн ухааны хичээлүүдийг илүүд үздэг байна.
Өмнөд Солонгос нь бага сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэлх бүх боловсролын байгууллагуудыг өндөр хурдны интернетээр хангасан анхны орон гэдгээрээ онцлог юм.
Хичээлийн жилийг хоёр семестрт хуваадаг. Эхнийх нь 3-р сард эхэлж, 7-р сарын дундуур дуусдаг бол хоёр дахь нь 8-р сарын сүүлээр эхэлж, 2-р сарын дундуур дуусдаг байна. Зуны амралт нь 7-р сарын сүүлээс 8-р сарын сүүл хүртэл, өвлийн амралт нь 12-р сарын сүүлээс 2-р сарын эх хүртэл үргэлжилдэг бол 2-р сарын дундаас 2-р сарын сүүл хүртэл богино амралт байдаг байна. Сургалтын хөтөлбөр нь хатуу системчлэгдээгүй бөгөөд нэг боловсролын байгууллага бүх өөр өөр байж болдог байна.
Боловсролын тогтолцооны бүтэц
[засварлах | кодоор засварлах]Шатлал | Сургалтын хугацаа | Албадан сурах | нас |
---|---|---|---|
Анхан шатны сургууль | 6 жил | тийм | 7-13 |
Хоёрдахь шатны сургууль | 3 жил | тийм | 12-15 |
Ахлах сургууль | 3 жил | үгүй | 15-18 |
Коллеж | 2 жил | үгүй | 18-20 |
Их сургууль | 4 жил | үгүй | 20- |
Сургуулийн өмнөх боловсрол
[засварлах | кодоор засварлах]Солонгосын сургуулийн өмнөх боловсролын байгуулллагууд нь ерөнхий боловсролын удирдлагын хөтөлбөрт хамрагддаггүй. Цэцэрлэгт солонгос хэлээр хичээл заадаг, олонх нь англи хэлээр хичээллэдэг, зарим нь англи хэл үндсэн хэлтэй байдаг. Цэцэрлэгт 3-5 насны хүүхдүүд хамрагддаг боловч ихэнх хүүхдүүд "Сургуулийн өмнөх" сургалтанд хамрагддаггүй гэрийн хүмүүжилтэй байдаг. Хүүхдүүд зургаан нас хүрээд ихэвчлэн бага сургуульд ордог байна.
1980-аад оноос цэцэрлэг буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хамрагдах түвшин огцом өссөн. 1980-аад онд 901 ийм байгууллагад 66,434 хүүхэд хамрагдаж байсан бол 1987 онд 7,792 байгууллагад 397,020 хүүхэд сурч байжээ. Мөн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын багш, багш нарын тоо 3339-аас 11920 болж өссөний дийлэнх нь буюу 92 хувь нь эмэгтэйчүүд байв. Энэ нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй:
- Боловсролын яамны дэмжлэх, тусламж;
- Хөдөлмөрийн зах зээлд гарч буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн;
- өндөр настай эцэг эх нь байхгүйн улмаас хүүхдээ асрах боломжгүй байсан гэр бүлийн тоо нэмэгдсэн;
- цэцэрлэг нь хожим суралцахад хялбар байх болно гэдгийг ухамсарласан.
Анхан шатны сургууль
[засварлах | кодоор засварлах]Анхан шатны сургуульд («чходын хаккё», солонг. 초등학교, 初等學校) 6/7 наснаас 13 насны хүүхдүүд сурдаг. Сургалт нь 6 жил үргэлжилж дараах хичээлүүд ордо байна. Үүнд:
- солонгос хэл;
- математик;
- нарийн шинжлэх ухаан;
- Нийгмийн шинжлэх ухаан;
- гадаад хэл;
- уран зураг;
- хөгжим.
Ихэвчлэн эдгээр бүх хичээлийг ангийн нэг л багш заадаг боловч зарим биеийн тамир, гадаад хэл зэргийн хичээлүүдийг өөр багш нар зааж болдог байна. Бага ангиас дараагийн боловсролын тогтолцооны шат ахихад шалгалтын үр дүнгээс бус сурагчийн наснаас хамаардаг байна.
Солонгост улсын бага сургуулиас гадна хувийн хэвшлийн анхан шатны сургуулиуд байдаг. Ийм сургуулиудын сургалтын хөтөлбөр нь улсынхтай нийцдэг боловч арай илүү өндөр түвшинд хэрэгжүүлдэг байна. Цөөн сурагчдад олон багш ноогддог бөгөөд нэмэлт хичээлүүд орж боловсролын арай өндөр стандартыг бий болгодог. Гэсэн хэдий ч хувмйн сургуулийн зардал нэлээд өндөр байдаг юм.
Хоёрдахь шатны сургууль
[засварлах | кодоор засварлах]Хоёрдахь шатны сургуулийг «чунхаккё» (중학교, 中學校), гэдэг. Үгчлэн орчуулбал «дунд сургууль» гэсэн үг юм.
Солонгосын хоёрдугаар шатны сургууль 3 шатны ангитай байдаг. Ихэнх сурагчид 12 настайдаа элсэж, 15 настайдаа төгсдөг юм. Бага сургуультай харьцуулахад хоёрдугаар шатлалын сургуулиуд сурагчиддаа илүү өндөр шаардлага тавьдаг. Хувцаслалтын дүрэм, үс засалт зэрэг нь сурагчийн амьдралын бусад олон талуудын адил хатуу зохицуулалттай байдаг. Бага ангийн нэгэн адил сурагчид өдрийн ихэнх цагийг ангийнхантайгаа нэг анги танхимд өнгөрөөдөг ч хичээл бүрийг өөр өөр багш заадаг байна. Зарим “тусгай” хичээл заадаг цөөхөн багш нарын өөрийн гэсэн анги танхим руу сурагчид өөрсдөө очиж хичээлд нь суудаг. Ангийн багш нар (담임선생님, Tamim Seongsaengnim) солонгосын сурагчдын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэд ихээхэн нэр хүндтэй байдаг.
Энэ шатлалын ангиудын хичээлүүд даваа гаригаас баасан гариг хүртэл ордог бөгөөд нэг хичээл нь 45 минут үргэлжилдэг байна. Бямба гаригт хүүхдүүд хичээлээс гадна нэмэлт ямар нэгэн дугуйланд явдаг ажээ.
Бага сургуулийн нэгэн адил сурагчид дүн авалгүй дараах анги руу шилждэг бөгөөд үүний үр дүнд нэг ангид өөр өөр түвшний бэлтгэлтэй сурагчид байдаг байна. Сурагчидад тодорхой их сургуульд элсэн орох боломжид нөлөөлдөг тул мэргэжлийн техникийн мэргэжлээр бус шинжлэх ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийн хувьд төгсөлтийн жилдээ дүн маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Ахлах сургууль
[засварлах | кодоор засварлах]Ахлах сургуулийг солонгосоор «кодынхаккё» (고등학교, 高等學校) гэдэг байна. Өмнөд Солонгосын ахлах сургуулиудад нэгдүгээр ангиас (15-17 нас) гуравдугаар анги (17-19 нас) хүртэл гурван жил суралцдаг. Сургуулиудыг сурагчдын сонирхол, ажил мэргэжлийн чиг хандлагад тохирсон төрөлжсөн ангиудад хувааж болно. Тухайлбал, “шинжлэх ухааны” дунд сургууль, гадаад хэлний сургууль, урлагийн сургууль гэх жишээтэй. Тэд бүгд элсэхийн тулд нэлээд хэцүү хүнд шалгалт өгөх шаардлагатай байдаг ажээ. Ахлах сургуулиуд нь мөн төрийн болон хувийн гэж хуваагддаг.
Энэ шатны сургуулиуд ямар нэгэн мэргэжил олгодоггүй, үндсэндээ сурагчдаа их, дээд сургуульд элсэхэд бэлтгэдэг байна. Ямар нэгэн шалтгаанаар их дээд сургуульд суралцахыг хүсэхгүй байгаа сурагчид техник технологи, хөдөө аж ахуй, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн сургуулиуд үргэлжлүүлэн сурах боломж байдаг. Ордог үндсэн хичээлүүд: солонгос, англи хэл, математик, нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны төрөл бүрийн хичээл орно. Энэхүү шатны боловсролын байгууллагуудын мэргэшлээс хамааран тодорхой хичээлүүд, тэдгээрийн заах түвшин нь сургууль бүр өөр өөр байж болохыг анхаарах нь чухал юм. Ахлах сургуулийн сурагчид эрчимтэй "бие даан суралцах" хичээлийн дараа шөнө дундын дараа гэртээ харих нь хэвийн гэж үздэг.
Бага, дунд сургуулиас ялгаатай нь ахлах сургууль заавал орох албагүй боловч Өмнөд солонгосын сурагчдын 97% гаруй нь ахлах сургуульд орж сурдаг байна.
Дээд боловсрол
[засварлах | кодоор засварлах]Ахлах сургууль төгсөгчдийн ихэнх нь оны эцэст их дээд сургуульд элсэн ордог. Сурагчид suneung (수능) гэж нэрлэгддэг улсын стандартын шалгалт өгөх шаардлагатай байдаг. Ихэнх сургуулийн сургалтын хөтөлбөрийг энэхүү шалгалтын дагуу боловсруулдаг юм. Suneung Солонгос хэл, математик, англи хэл гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Тэдгээрээс гадна та нийгмийн болон байгалийн хэд хэдэн хичээлийг сонгож болдог ажээ. Suneung-ийг жилд нэг л удаа авдаг тул нухацтай бэлтгэл шаарддаг бөгөөд ийм шалгалт өгөхийн тул сурагчид цэцэрлэгийн наснаас эхлэн бэлдэж эхэлдэг байна. Үүний зэрэгцээ солонгосчууд нэр хүндтэй дээд сургуульд орохыг ихэд эрмэлздэг байна.
Дээд боловсролын байгууллагуудад дөрвөн жилийн хугацаатай Их сургууль, хоёр жилийн хугацаатай мэргэжлийн Коллеж, дөрвөн жилийн багшийн Коллеж, Аспирантур зэрэг ордог байна. Гол дутагдалтай тал нь их дээд сургууль төгсөгчид ямар нэгэн байдлаар нийгэмд манлайлагч болох мэргэжлээр ажиллахыг хүсдэг ч тэрхүү орон тоо хүрэлцдэггүйд гол шалтгаан байдаг юм. Үүнд уламжлалт хүйсийн ялгаварлан гадуурхах байдал амбицтай эмэгтэйчүүдийн хувьд нэн хэцүү байдаг ажээ.
Хувь хүний амжилтыг тодорхойлох хүчин зүйл болдог бусад орноос ялгаатай нь Өмнөд Солонгост тэдний төгссөн их сургуулийн нэр хүнд байдаг. Ихэнхдээ ийм их сургуулийн диплом нь амжилттай ажил мэргэжил, санхүүгийн сайн сайхан байдалд хүргэхийг илэрхийлдэг. Гэсэн хэдий ч зарим солонгосчууд дээд боловсролгүй ч нийгэмд тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн тохиолдлууд их байдаг байна.
Өмнөд Солонгосын эдийн засаг, технологийн амжилт нь “хүний нөөц”-д ихээхэн хөрөнгө оруулалт хийсний үр дүн гэдэгтэй ихэнх нь санал нийлдэг. Күнзийн үеэс хадгалагдан ирсэн боловсролтой хүнийг хүндэтгэх уламжлал өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд өнөөдөр үүнийг эрдэмтэд, техникийн янз бүрийн мэргэжлээр ажилладаг хүмүүс хүртэж байна. Эдийн засгийн хөгжилд гарсан ахиц дэвшлийг бараг бүхэлд нь 1960-аад оноос хойш улс орныг удирдах боломжтой болсон өндөр боловсролтой технократууд, эдийн засагчидтай холбон тайлбарлаж болно. Шинжлэх ухааны мэргэжлийг 1980-аад оноос хойш Өмнөд Солонгост хамгийн нэр хүндтэйд тооцож ирсэн байна.
Өмнөд Солонгосын үндэсний боловсролын хөтөлбөрийн амжилтыг статистик байдлаар батлан харуулж байна. 1945 онд иргэдийн 22% нь бичиг үсэг тайлагдсан; 1970 он гэхэд - 87.6%, 1980-аад оны сүүлээр - 93% хүрсэн байна. Өмнөд Солонгосын оюутнууд математик, байгалийн шинжлэх ухааны олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог байна.