Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Төв Сургууль

Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Төв Сургууль нь Одоогоос 40 гаруй жилийн тэртээ Монголын хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс “Идэр техникчдийн ордон” хэмээх барилга сүндэрлэн боссон.
Энэхүү барилгыг баригдаж байх үеэс нь эхлэн тухайн үеийн нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Филатова “Гэрлэх ёслолын ордон”, “Идэр техникчдийн ордон” хоёрыг ЗХУ-аас бэлгэнд авах санаачлага гаргах гэж ихээхэн зүтгэсэн байдаг. Тухайн үед манай улсын бүхий л салбарт бүтээн байгуулалтын төрөл бүрийн зориулалтын арван барилга баригдахын хэрээр ЗХУ-д эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нэмэгдэж байсан тул Филатова гуай уг барилгыг үнэ төлбөргүйгээр бэлгэнд авч Монголын хүүхэд, залуучуудын төлөө хийсэн буянтай үйлсийн нэг томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж чаджээ.
Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв /МХЗЭ/ хороонд Идэр техникчдийн ордон харъяалагдан, анхны жилийн нээлтийг 1975 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийснээр хүүхэд, залуусын шинийг сурч мэддэг байнгын ажиллагаатай ордон болжээ.
Он цагийн явцад барилгын нэр хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. 1990-ээд оны зах зээлийн хүндхэн үед МХЗЭ татан буугджээ. Техникт дур сонирхолтой хүүхдүүдийг цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийг хадгалан авч үлдэх үүднээс Монгол Улсын Ардын Боловсролын Яамны сайдын 1991 оны 7 сарын 16 өдрийн 280 тоот тушаалаар хүүхдийн техник сэтгэлгээ, зохион бүтээх авъяас сонирхлыг хөгжүүлэхэд техникийн төрөлжсөн сургалттай сургууль шаардлагатай байгааг харгалзан “Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Төв Сургууль” болгон өөрчилсөн байдаг. Ингэж тус ордон анх байгуулагдсан 1975 оноос 2002 он хүртэл 30 шахам жил тасралтгүй Монголын өсвөрийн залуу үеийн техник, зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж, суурь мэдлэг олгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна. Одоогийн Энэтхэг-Монголын хамтарсан сургуулийг БШУЯ-ны харъяа Өсвөрийн зохион бүтээгчдийн Ерөнхий боловсролын лаборатори ахлах сургууль болгожээ.