27 вагон самрын хэрэг
БНХАУ руу 27 вагон хуш модны цайруулсан самрыг удаа дараагийн үйлдлээр гаргасан хэрэг УМБГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд 2010[1] онд шалгагдсан. Зах зээлийн ханшаар 455 тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний самар хил давуулсан хэрэгт гааль, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, төмөр замын ажилтнууд нийлсэн 20 гаруй хүнийг сэжиглэн шалгаж буй.
Энэхүү самрыг Бор-Өндөрийн уурхайгаас олборлосон жонш хэмээн гаалийн бүрдүүлэлт хийлгэж, БНХАУ-ын хил давуулсан байдаг. Гэтэл Бор-Өндөрийн уурхайгаас олборлосон цайруулсан самар шиг жижиг ширхэгтэй жоншийг зөвхөн ОХУ руу, лабораторийн шинжилгээний зориулалтаар гаргадаг ажээ. Хятад руу бүхэл ширхэгтэй жоншийг задгай вагон дээр ачиж гаргадаг юм байна. Бор-Өндөрийн уурхайгаас ирсэн жонш Чойр дахь гаалиар дамжиж, хил давдаг юм байна. Харин байцаагч нар Улаанбаатар хотоос ачсан цайруулсан самрыг Чойр дээр хүлээн авч, гаалийн хяналт бүрдүүлэлтийн бичиг хийж, улмаар Замын-Үүдээр гаргаж байжээ. Ерөнхийдөө 27 вагон самар Улаанбаатар, Чойр, Сайншанд, Замын-Үүдээр дамжин Эрээ рүү орсон байна. Ийм нүсэр зохион байгуулалттай, мафийн шинжтэй самрын бизнесийг энгийн монгол, хятад ченж, танил талтайгаа нийлсэн гаалийн хэдэн байцаагч нар хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Тодруулбал, хэрэгт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Чойр дахь гаалийн салбарын эрхлэгч Б.Лхагвадорж, байцаагч Отгонбилэг, Ч.Уранчимэг, Замын-Үүдийн гаалийн байцаагч Эрдэнэбаатар, Өлзий-Аюуш нарыг хорьж, шалгаж байна. Харин Замын-Үүдийн гаалийн байцаагч Б.Жаргалсайханыг гадуур шалгаж байгаа бол байцаагч Баасанбатыг саяхан суллажээ. Байцаагч нар дээрх 27 вагон самрыг гурван хэсэгт хувааж хил давуулсан байдаг. Эхний 10 вагон самрыг өнгөрсөн оны 12 дугаар сард хил давуулсан бол дараагийн 17 вагон самрыг хоёр хэсэг хувааж арав вагон, долоон вагон болгон сар шинийн өмнөхөн буюу хоёрдугаар сард гаргасан аж. Ингэхдээ нэг вагонд ачсан самар тус бүрийг 25 кг-аар савласан байжээ.
Үүнээс болж Гаалийн Ерөнхий газрын удирдлагууд Чойр дахь гаалийн салбарын эхлэгч Б.Лхагвадорж, Ч.Уранчимэг нарыг ажлаас нь халж, Сайншанд дахь гаалийн газрын дарга Б.Жаргалсайханыг албан тушаал бууруулан Улаанбаатар хот дахь гаалийн байцаагч болгожээ.
Б.Жаргалсайханы оронд Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хот дахь гаалийн орлогч дарга болсон П.Сүхбаатарыг томилсон аж. Харин ГЕГ-ын дэд дарга бөгөөд Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгийг ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр мөн шалгаж байгаа юм. Д.Оюунчимэг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарын эхнэр юм.