731-р анги
731-р анги (япон. 731部隊 нана-сан-ичи бүтай; орос. Отряд 731, хятад.七三一部隊, пиньинь qīsānyi bùduì) Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд бактериологийн зэвсгийн туршилт хүн дээр явуулж байсан Японы Зэвсэгт хүчний хүчний тусгай анги юм.
731-р ангийн асуудал сүүлийн жилүүдэд гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татах болж, энэ чиглэлээр судалгаа, сурталчилгааны ажил багагүй хийгдэх болсон байна. Энэ нь хүн төрөлхтөнд дайн, алан хядлага, үй олноор хөнөөх зэвсгийн аюул заналхийлсээр байгаа өнөө үед өнгөрсөн дайны түүхийг нягтлан судалж, түүхэн сургамжийг хүн төрөлхтөнд ухааруулан сануулж, дэлхий ертөнцөд энх тайван байдлыг тогтоох, дайн, зэвсэглэлийн аюулыг зайлуулахад чухал ач холбогдолтой юм. Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн судлаачдын хамтран зохион байгуулж буй хурал ч чухам үүнд чиглэгдэж байгаа юм. Монгол Улсад өгүүлэн буй сэдэвт холбогдох эх сурвалж нэн ховор, судалгаа, сурталчилгааны ажил төдий л далайцтай өрнөөгүй байна.
1932 онд Токио дахь Японы армийн цэргийн эмнэлгийн сургуульд “Хижгээс сэргийлэх судалгааны тэнхим” байгуулж, цэргийн эмч хошууч Ишии Широгоор удирдуулснаар Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгааны ажил эхэлсэн байна. Улмаар 1933 онд Японы цэргийн эрхтнүүд Ишии Широгийн боловсруулсан зүүн хойд Хятадад нян судлах суурин газар байгуулах саналыг зөвшөөрч тус салбар ангийг нэн даруй байгуулан Ишиигээр удирдуулахаар шийдвэрлэжээ. Ишиигийн боловсруулсан үзэл баримтлалаар Япон Улс бактериологийн дайн хийснээр ялалтад хүрэх бөгөөд энэхүү бактериологийн зэвсгийг турших, үйлдвэрлэхэд нүсэр их зардал мөнгө, тоног төхөөрөмж шаардагдахгүй, түүнчлэн богино хугацаанд эсрэг этгээдийнхээ хүн ам, цэргийг олноор нь халдварлуулан амьд хүчний ихээхэн хохирлыг үзүүлж байлдах чадварыг нь алдагдуулах боломжтой, бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлан нууцлах боломжтой зэргээрээ давуу бөгөөд энэ чанараараа ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд хими, бактериологийн зэвсэг нь маш ашигтай хэмээн үзсэн байна.
1933 оны 8-р сард Харбин хотын Нань Гань тойрогт “Хижгээс сэргийлж ус түгээх Квантуны анги” гэгч нянгийн туршилтын ангийг түүний харьяа нянгийн туршилтын хэсгийг нууцаар байгуулжээ. 1936 онд Японы эзэн хааны зарлигаар зүүн хойд Хятадад Японы хуурай замын цэргийн бактериологийн зэвсгийг бэлтгэх болон дэлгэрүүлэх 2 нууц ангийг байгуулжээ. Үүний нэг нь Харбин хотод байгуулсан “Хижгээс сэргийлэх, ус хүргэх Квантуны цэргийн хэлтэс”, нөгөөх нь Чанчунь хотын “Малын хижгээс сэргийлэх Квантуны хэлтэс” юм. Эдгээр нь хэдийгээр хижгээс сэргийлэх”, “ус хүргэх” гэсэн аятайхан нэртэй боловч үнэн хэрэгтээ бактерийн зэвсгийн нууц туршилт явуулах онцгой объектууд байлаа. 1938 онд “Хижгээс хамгаалж ус түгээх анги”-ийг өргөтгөн 2000 хүн, 8 хэсэгтэй болгосон бөгөөд 1938 оны 6 дугаар ард Японы Квантуны армийн удирдлагын шийдвэрээр Харбинд цэргийн онцгой бүс байгуулж бактериологийн туршилтын төвийг тус хотоос 20 км зайтай газар шилжүүлэн байрлуулж, “Манжийн 659 дүгээр цэргийн анги” гэж нэрлэж байгаад 1941 оноос “Манжуурын 731-р цэргийн анги” гэсэн нууц нэр өгчээ.
Японы армийн хими, бактериологийн зэвсгийн судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн гол бааз болох “731-р анги” ингэж байгуулагдсан юм. Энд ойролцоогоор 3000 орчим хүн ажиллаж байсан бөгөөд энд Японы нян судлалын тэргүүлэх эрдэмтдийг татан авч ажиллуулж байсан юм. Энэ отряд нь дотроо бактери судлах, бактери турших, хижгээс сэргийлэх, ус хүргэх, бактери үйлдвэрлэх, сургалт хүмүүжлийн, зэвсэг хэрэглэлийн, эмчлэх зэрэг 8 хэлтэстэй байв. 1940 оны 12-р сарын 2-нд Японы эзэн хаан Хирохитогийн гаргасан зарлигийг үндэслэн 731-р ангийн харьяанд 4 салбар ангийг зүүн Хятадад байгуулжээ. Үүнд Хайлаарын 543 дугаар, Сун вуйн 673 дугаар, Лин Куагийн 162 дугаар, Муданжаны 643 дугаар салбар болно. Үүнээс гадна Зүүн хойд Хятадад байрлаж байсан Японы армийн анги салбарууд бүгд өөрийн гэсэн бактерийн судалгаа хийх хэсэгтэй байсан бөгөөд тэдгээр нь 731-р ангитай маш нууц харилцаатай, түүний шууд удирдлагаар ажилладаг байжээ. Түүнчлэн япончууд бактерийн зэвсэг үйлдвэрлэх томоохон бааз, заводыг Чанчунь, Бээжин, Нанжин, Гуанжоу хотуудад байгуулсан төдийгүй Сингапурт Алс Дорнодод бактериологийн дайн явуулах томоохон сүлжээг бий болгож чадсан байна. Ийнхүү Японы цэргийн эрхтнүүд дэлхийн II дайны жилүүдэд зүүн хойд Хятадад хими, бактериологийн зэвсгийн судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн систем байгуулан, томоохон хэмжээний бактерийн дайн явуулах бэлтгэлийг хангаж байв.
Японы армийн 731-р ангид хими, бактериологийн зэвсэг, түүний нянг судлах, өсгөн үржүүлэх, хадгалан нөөцлөх, эмчлэх туршилт судалгааг явуулж, бактерийн зэвсгийн гол түүхий эд болох халдварт өвчтэй нянг гарган авч дайны зорилгоор ашиглахаар их хэмжээгээр нөөцлөн бэлтгэж байжээ. Бактериологийн дайн явуулах даалгаврыг эмнэлгийн албаны дэслэгч генерал Ишии Широгийн удирдлага дор “731-р анги”-д оногдуулсан байна. Бактериологийн дайны цэргийн ач холбогдлын талаар генералын үгийг сийрүүлбэл: “бактериологийн зэвсэг хэрэглэснээр халдлага нь өндөр үр ашигтай. Артиллерын буудлагын үед энгийн металл нь тодорхой хэсэгт тодорхой объектыг л зөвхөн устгах бөгөөд шархдагсад түргэн илааршиж, эргэн жагсаалдаа орно. Харин амьд нян бол өөр хэрэг. Хүнээс хүнд, хөдөөнөөс хотод халдсанаар өсөн нэмэгдэж, байж болох бүх хохирлыг учруулна. Түүнээс гадна нян бол хүний бие эрхтэнд нэвтрэн шингэснээр удаан хугацаанд үйлчилж, үхлийн хувь нь өндөр байх болно. Нянгийн халдвар авсан хүн эдгэрэх нь ховор.
Мөн ашигт малтмалын нөөц хомс Япон улсын хувьд бактериологийн зэвсэг нэлээд ашигтай. Энэ зэвсэг бол томоохон цар хүрээтэй туршилт боловсруулах, үйлдвэрлэхэд нүсэр тоног төхөөрөмж шаардагдахгүй. Бүх ажлыг эмнэлгийн судалгаагаар халхавчлах боломжтой. Тиймээс зардал их гарахгүй”… “Артиллерын сумнаас бактериологийн зэвсгийн ялгаа нь амьд хүчийг эгшин зуур хөнөөх чадваргүй, гэхдээ энэ нян дүүргэсэн сум-“дэлбэрдэггүй бөмбөг” нь чимээ шуугиангүйгээр хүн амьтны бие бялдрыг удаанаар тарчлаан хөнөөж чадна. Сумыг заавал үйлдвэрлэх шаардлагагүй, зүгээр энгийн эд зүйлс болох хувцас хунар, гоо сайхны хэрэглэл, хүнсний зүйл ундаа, хүнсэнд хэрэглэх мал амьтдад халдвар тараах, түүнчлэн агаараас ч нян цацаж болно. Эхний довтолгоо заавал бөөгнөрүүлсэн байх шаардлагагүй, ялгаагүй дараа нь нян үржсэнээр зорилогодоо хүрэх болно.” хэмээн генерал Ишии санал болгож байжээ. 731 дүгээр ангийн лабораторид тахлаас гадна, хижиг, булчин задрах тахал, хамуу, цусан суулга, татран, боом, сүрьеэ зэрэг халдварт өвчний нянг үржүүлэн судалж байжээ.
Энэ отрядад сард 300 кг тахлын, 500-600 кг хүртэл боомын, 800-900 кг хүртэл гэдэсний хижиг, цусан суулгын, 1 тонн хүртэл булчин задрах тахлын нян үйлдвэрлэж байсан баримт байна. Эдгээр нянг нохой бөөс зэрэг бичил биетнүүдэд халдварлуулан хадгалах, улмаар тэдгээрийг эсрэг этгээдийнхээ хүн ам, газар нутаг, цэргийн дунд хаях замаар халдварлуулахаар төлөвлөж байжээ. Зарим баримтад дурдсанаар тус ангил асар их нянг “хэрэглэхэд хэзээд бэлэн”-ээр хадгалж байсан бөгөөд 731-р ангид нян халдварлуулсан хархны тоог 3 саяд, нохой бөөсийг 300 кг-д хүргэх тушаалыг Японы армийн удирдлагаас өгч байжээ. Эдгээр нянг дайны үед артиллерын сум болон минийн дотор хийж буудан тараах, нян бүхий бөмбөг онгоцоор хаях, нянгийн халдварыг бэлчээр, булаг шанд, агаарт тараах зэрэг орнуудыг хэрэглэхээр төлөвлөж, мөн ийм арга замаар нянгаар халдварлуулах туршилтуудыг хийж байсан нь тогтоогдсон юм.
Японы армийн удирдлагын шийдвэрээр 731-р ангид үйлдэж байсан хамгийн том гэмт хэрэг бол амьд хүн дээр туршилт хийж байсан явдал юм. Тэд дайны олзлогдогсод, хоригдол, эзлэгдсэн орон нутгийн ард иргэдийг энэхүү туршилтдаа ашиглаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийг “банз” хэмээн нэрлэж, туршилтын материал болгон хэрэглэж байжээ. Тэд янз бүрийн хувилбараар амьд хүмүүс дээр туршилт хийж байсан бөгөөд тухайн хүн үхэн үхтэл нь нарийн судалж, тухайн нян хүний биед ямар хугацаанд хэрхэн нөлөөлж, ямар нянгаар халдварласан хүн хэдий хугацаанд хэрхэн үхэж буйг нарийвчлан судалдаг байжээ. Хэрэв тухайн хүн нянгаар халдварлуулахад үхэлгүй эдгэрвэл дахин туршилтад оруулах бөгөөд энэ отрядад туршилтад орсон хүн хэзээ ч амьд гарч байгаагүй тухай Токиогийн болон Хабаровскийн цэргийн шүүхийн материалуудад дурдагдсан байдаг.
Японы армийн 731-р ангид 1939-1945 он хүртэлх 6 жил орчмын хугацаанд 3000 гаруй хүн туршилтын “туулай” болон амь насаа алдсан гэсэн баримт байна. Энэхүү ангийн үйл ажиллагаа нь Японы арми дэлхий дахиныг байлдан эзлэх, юуны түрүүнд тухайн бүс нутгийн улс орнуудын эсрэг явуулах дайныг амжилттай дуусгахад чиглэгдэж байлаа. Квантуны армийн командлагч Ямада “731-р анги” гол нь ЗХУ, түүнчлэн БНМАУ, Хятад болон бусад улс орнуудын эсрэг явуулах бактериологийн дайнд бэлтгэх зорилгоор эмхлэн байгуулагдсан хэмээн Хабаровскийн шүүх хуралд мэдүүлсэн байна. Бактериологийн дайны стратегийн эн тэргүүний зорилт нь сөргөлдөгч талуудын цэрэг, зэвсэгт хүчин, хүн амыг устгаж, газар нутгийг нь эзэгнэн захирах хэрэгсэл болгоход оршиж байв. Энэ дайны овоо хараанд хамгийн түрүүнд өртсөн улс орны нэг нь БНМАУ байсан юм.
Японы Квантуны арми 1939 онд БНМАУ-ын зүүн хил хязгаараар халдан довтолж Халхын голын дайныг өдөөсөн билээ. Энэ дайны явцад Квантуны армийн удирдлага Монгол-Зөвлөлтийн армийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхийг санаархаж, энэ талаар тодорхой төлөвлөгөө боловсруулан, түүнийгээ гүйцэлдүүлэх оролдлого хийж байжээ. Энэ талаар БНХАУ-ын судлаач Жао Ийү Сяны бичсэн “Дундад улсыг түрэмгийлсэн Япон цэргийнхний Хөлөнбуйрт явуулсан хорт хийн дайн” хэмээх номд тодорхой өгүүлсэн байна. Тэрээр 2005 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны төв Амгаланбаатар хотод болсон Номунханы дайны асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан юм. Тэрчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны судлаач Бодончууд Ц. Авид “Номунханы дайн” [УБ.2005] номдоо энэ тухай товч дурдсан байдаг. Дээрх судлаачдын бичсэнээр Квантуны цэргийн командлал Халхын голын дайн эхэлмэгц Халхын голын районд бактериологийн дайн хийх төлөвлөгөө зохиосон байна. Хэрвээ дайны явцад өрсдийн цэргийн байдал хүндэрсэн тохиолдолд дараах 3 аргаар бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Нян агуулсан их бууны сумаар дайсны фронтын шугам болон гүнд буудаж нян тараах,
- Халдварт өвчний нян бүхий нохой бөөс агуулсан бөмбөгийг байлдааны онгоцоор Халхын голын баруун эрэгт хаяж нян тараах
- Амиа золиослогч ангийг нууцаар явуулж Халхын голын баруун эрэгт гарган худаг, гол, усны эхийг нянгаар хордуулах
Энэ зорилгоор үйлдсэн газрын зурагт нянгаар хордуулах гол усны эх, худаг, нуур, цөөрмийг нэг бүрчлэн тэмдэглэсэн байжээ. Түүнээс гадна монгол хүмүүс энэ аймшигт харис туршилтын гадна үлдээгүй нь одоо нэгэнт тодорхой болсон боловч аль нутаг усны хэчнээн хүн өртсөн нь бүрхэг байна.
БНХАУ-ын Харбин хот хот дахь 731 дүгээр ангийн музейд Японы бактерийн туршилтад орж амь насаа алдсан зарим хүмүүсийн нэрсийг бичиж мөнхжүүлсэн байна. Энд Жамбаланчин, Пунцагдаш хэмээх хоёр монгол хүний нэр байгаа бөгөөд тэднийг 1944 оны гуравдугаар сард Баргын нутаг дахь Цагаан өртөөнөөс баруун тийш 12 км зайд байдаг нэгэн тосгоноос Японы цагдаа нар барьж 731 дүгээр ангид хүргэсэн байна. Энэ мэтчилэн олон монгол хүн, тэр дундаа Японы ноёрхолд байсан баргуудаас цөөнгүй хүн энэ отрядын туршилтын золиос болсон байхыг үгүйсгэх аргагүй.
Дайн дууссанаас 13 жилийн дараа 1958 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Токио дахь Тама оршуулгын газрын бүсэд оршдог боржин чулуу боловсруулах үйлдвэрийн нэгэн тасалгаанд нэгэн үйл явдал болжээ.
Энэ өдөр “Пинфаны нөхдийн нийгэмлэг”-ийн анхны уулзалт болсон бөгөөд анхны дагалдан сурагчдын 22 нь цугларсан байв. Ангийн дагалдан сурагчдын хувьд Ишии Широ дайны дараах жилүүдэд юу хийж байсан тухай янз бүрийн цуурхал сонсож байжээ. Нэг нь Америкийн армитай хамтран бактериологийн зэвсэг боловсруулж байгаа тухай, нөгөө нь Америкт хадгалагдаж буй “731-р анги”-ийн архив цэгцэлж байгаа, гурав дах нь Солонгосын дайнд бактериологийн зэвсэг хэрэглэх ажиллагаа удирдаж байгаа гэх зэрэг цуурхал байжээ. Харин дээрхи цуурхлын эзэн “Пинфаны нөхдийн нийгэмлэг”-ийн уулзалтад оролцсон байна. Ишии 731-р ангийг “үүсгэн байгуулах үндэслэл”-ээ тайлбарлахдаа: Япон улсыг аврахын тулд байгуулагдсан эрдэм шинжилгээны байгууллага юм. 1927-1930 онд тагнуулын нууц даалгавараар би Итали, Герман, Франц, Орос улсад очиж Япон улсын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг тандах зорилготой байсан юм. Тэнд би “Японы ард түмнийг устгах хэрэгтэй”, “Япон үндэстэн бол хамгийн их гай хорлол” гэдэг үгийг газар сайгүй сонсдог байлаа. Тэр үед ”дэлхий дахиныг цагаан арьстан удирдах болно” гэсэн үзэл бодлын давалгаа бүх дэлхийгээр нэг тархсан байсан бөгөөд Япон сэтгэлээр баян, эрдмээр ядмаг байсан цаг. Энэ нөхцөлд Японыг аврахын тулд манай анги байгуулагдсан юм.
Эх орноо аврах 731-р ангид алба хааснаараа та бүхэн бахархах ёстой гэж би бодож байна. Би цаг нь ирэхээр энэ тухай даян дэлхийд зарлах болно. Учир нь яллагч Кинан “Ишиигийн анги” цэргийн гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлсэн билээ. Бидний ажлын үр дүнг дайсны гарт оруулахгүй байлгах талаар сонор сэрэмжтэйгээр хянан ажиглаж байх хэрэгтэй. Гурван мянган хүний амийг хөнөөсөн тэрээр гэмшсэн шинжгүй “”Ишиигийн анги”-д алба хааснаараа та нар бахархах ёстой” хэмээн мэдэгдэж байжээ. Тэр мөн урьдын адил “банз” бол хүн биш, 731-р анги бол “эх орноо аврах”-ын тулд энэ бүхнийг хийсэн хэмээн аймшигт үйлдлээ цагаатгаж байна. “Пиньфан нөхөр” сэтгүүлд дагалдан сурагчдын салбар байгуулах зорилгын тухай Ишии ингэж өгүүлжээ: ”Гэр бүлийн асуудлаа хойш тавьж, зөвхөн сурах, мэдэхэд биеэ зориулсан хэн бүхэнд тусгай ангийн дагалдан сурагчаар Манжуурт үргэлжлүүлэн суралцах боломж олгохоор энэхүү салбарыг байгуулсан юм. Та бүхнийг эх орноо авран хамгаалахаар томилогдсон 731-р ангийн үндсэн боловсон хүчин болгохыг эрмэлзэж байлаа. Тийм учраас бид та бүхэнд бүрэн дунд боловсрол олгож, хамгийн ур чадвартай сурагчдыг цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулахыг хичээж байсан юм. Япон улсын Гэгээрлийн яам үүнийг зөвшөөрөөгүй бөгөөд улс орны тэр үеийн нөхцөл байдал ч бидний бодож төлөвлөснийг хэрэгжүүлэх боломж олгоогүй билээ. Эцсийн дүндээ би хүсэж мөрөөдөж байсан зорилгодоо хүрч чадаагүйдээ маш их харамсаж явдаг.” гэжээ. Энэ ангид алба хааж байсан хүмүүсийн ихэнх нь Ишии Широг “дайны бурхан” мэтээр өргөмжилж байв. 731-р анги бол “эзлэн түрэмгийлэх дайн”-ы хөрсөн дээр ургуулсан онцгой хортой ургамал байсан юм. Харин түүний “цэцэрлэгч” нь Ишии Широ бөгөөд тэрээр багагүй хүч хөдөлмөрөө зарцуулсан байдаг юм. Түүгээр ч үл барам генерал Ишии бактериологийн зэвсгийн судалгаанд ашиглах үнэ цэнтэй материал дамжуулснаар шударга шүүхээс мултарч чадсан байна.
Дайны дараах жилүүдэд хүмүүсийг амьдаар тарчлаан зовоож туршилт хийсэн эмч нар америкчуудын тусламжтайгаар гэсгээлээс сугаран үлдэж хангалуун амьдарч байжээ. 80-аад оны хэвлэлийн мэдээгээр ангид ажиллаж байсан 450 судлаач эмч нар хожим нь Японы эрүүл мэндийн шинжлэх ухаанд өндөр алба хашиж явсан гэдэг. Дайны жилүүдийн тэр гамшигт туршилтын түүхийг дэлхийн улс түмэнд сэрэмжлүүлэх зорилгоор музей байгуулагдсан байна. Японы 731-р ангийн гэмт хэргийн эд зүйлсийн музей нь бактериологийн дайнд тарчлан зовсон болон амь үрэгдэгсдэд зориулсан гэрэлт хөшөөтэй бөгөөд 23 балгас анхны байдлаараа хадгалагдаж байдаг бөгөөд орон нутгийн чанартай хамгаалалтад байдаг дурсгал ажээ. Гэмт хэргийн эд зүйлсийн үзвэрийн танхим нь 418 кв.м бөгөөд энд 160 гаруй гэрэл зураг, 70 гаруй бодит эд өлгийн зүйлс, тэр аймшигт үйл явдлын нотолгоо болох гэрчүүдийн дуртгал их хэмжээгээр байдаг аж.
Эдгээр баримт нь Японы милитаризмийн үйлдсэн бактериологийн дайны аюумшигт хор уршгийн үнэнхүү хангалттай нотолгоо болдог байна. Өнөөдөр дэлхийн шударга хүн төрөлхтөн, түүний дотор зүүн хойд Азийн улс түмэн Японы тэр үеийн эрх баригчдын явуулахаар төлөвлсөн бактериологийн дайн нь хамгийн харгис үйлдлийн нэг гэдгийн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхий дахинд зэвсэглэл, тэр дундаа хүн амыг үй олноор нь хөнөөх зэвсгээр хөөцөлдөх явдал гарсаар байгаа өнөөгийн цаг үед өнгөрсөн дайны гашуун сургамжийг судлан түүнээс урьдчилан сэргийлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид нягт хамтран ажиллах явдал нэн чухал байгааг харуулж байна. Чухам энэ үзэл санааны дор зүүн хойд Азийн улс түмнүүд, эдгээр орны эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөнд өнгөрсөн дайны хол уршгийг дахин сануулж, өнөөгийн дайн, зэвсэгт мөргөлдөөн, терроризмын аюул заналыг зайлуулахад зохих хувь нэмрээ оруулна гэдэг.
Товчхон бөгөөд дэлгэрэнгүй
[засварлах | кодоор засварлах]Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Хэдий дээд зэргийн зардал багатай ч хүн төрөлхтнийг үй түмээр нь хөнөөж чадах аймшигт зэвсэг болох бактерлогийн зэвсгийг Япончууд сонгон авчээ. Энэ зорилгоор биологч э удирдуулсан 731-р отряд үүссэн юм. Энэ отряд жирийн биш харин эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй хүмүүсээс бүрдэж байлаа. 731-р отряд нь маш нууц байдлаар үйл ажилгаагаа явуулж байснаас гадна Японд биш Манжуурт байрлаж байв. Учир нь ямарваа нэгэн халдвар тарлаа гэхэд зөвхөн Хятадын иргэд л хохирхоор байв. Уг отряд туршилтандаа амьд олзны хүмүүсийг ашигладаг байсан юм. Олзны хүмүүс нь хятад, монгол, орос, солонгосууд байв. Манжуурт октябрийн хувьсгалын үеээр зугтааж гарсан орос үндэстнүүд олон байлаа.
Бактерлогийн зэвсгээс гадна химийн болон хүний амьдрах чадварыг шалгасан олон санаанд багтамгүй аймшигтайгаар тарчлаасан зүйлсээр хүмүүсийг туршиж алдаг байв.Хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад мэдээ алдуулалгүй задлан хийж эрхтнүүдийг нь гарган ирээд задгай чигээр нь эрхтнүүдийг нь нян яаж халдварлан өвчлүүлж байгааг үхтэл нь ажигладаг байв. Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, хорт туяагаар шарж аль зэрэг тэсэхийг нь шалгаж байлаа. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж сүүлд нь зөвхөн хөндий хоосон зүйл болгодог байв. Салгаж авсан эрхтнүүдийг бас туршин ашигладаг байсан. Бас хүний дотор эрхтэнүүд рүү янз бүрийн гадны зүйл оруулж туршдаг байв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хүн дээрч гэсэн туршдаг байсан байна.
Мөн хүнийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтыг зөрүү үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж нүд нь бүлтэрч гаран дараа гэдэс ходоод цус нь ам сүвээрээ нь цувж судас нь могой шиг бүдүүн болтлоо бүдүүрч толгой нь том бөмбөг мэт зүйл болон эцэстээ хүн дэлбэрдэг байна.Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн туршилтанд илүү тохиромжтой байдаг. Учир нь илүү амьд үлдэх тэсвэр сайн өвдөлтөнд ухаан алддаггүй туршилт даадаг байна.Маш халуун хуурай агаартай камерт хүнийг хийж шингэн зүйл өгөхгүйгээр хатааж занданшуулан алдаг байв. Эцэсдээ хүнээс зөвхөн хатаж хорчийсон зүйл үлддэг байлаа. Эндээс хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэгийг нээсэн гэдэг.Хүнийг хүйтэнд хөл гарыг норгон хиймлээр үлээлгэн савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу гартал хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг байлаа.
Энэхүү чөтгөрийн лабораториос ямарч хүн орсон л бол амьд эргэж гардаггүй байсан ба хэдэн мянган хүнийг туршиж тамлан алсан байна. Мөн нутгийн хүүхдүүдэд нянгаар халдварлуулсан амттанаар дайлж халдвар тарааж байв.Дайны сүүл үед 731-р отрядад дэлхийг ч сүйд хийхээр их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан ч хэрэглээгүй болно. Учир нь гэвэл Япон дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна хэрвээ үй олноор нь устгасан ийм зүйл хийвэл эргээд Японы ард түмнийг өршөөлгүй хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв.1945 онд Зөвлөлтийн Арми өргөн далайцтай, гэнэтийн давшилт хийсэн тул отрядын бүх гэмт хэргийн баримт болох зүйлийг устгаж булсан байна. Амьд байсан туршилтын хүмүүс болон хүмүүсийн эд эрхтнүүдийг устгасан байдаг. Чухал баримт материалуудыг Широ Иши болон бусад эрдэмтэд, отрядын толгойлогчид америкчуудад эрч чөлөө амь насаараа худалдсан байна.
Отрядын бүх л эрдэмтэд америкчуудын ачаар ялнаас мултарч эх орондоо очиж их сургууль, анагаах эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах болсон байна.Харин баримт судалгааны материалуудыг авсан америкууд 731-р отрядын үйлсийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн гэдэг. Мөн л амьд хүмүүс дээр хорлонтой туршилтууд хийж байсан бөгөөд ялгаа нь хоригдлууд болон өнчин хүүхдүүд дээр хийж байсан байна. Одоо ч гэсэн нууцаар явадаж л байгаа гэгддэг юм байна лээ.[1] : Тэд 1939 онд Японы Эзэн хааны арми (дай-Ниппон тэйкоку рикугун) нь БНМАУ болон Зөвлөлтийн цэргүүдийн эсрэг биологи, бактериологийн зэвсэг хэрэглэсэн болохыг баталсан маш их баримт олдсон тухай мэдээлсэн билээ.
Энэ мэдээллийн маргааш нь "Байкал 24" мэдээллийн агентлаг тус мэдээллийг дахин нийтэлж шуугиант мэдээлэл хэмээн нэрлэсэн юм. Халх голын дайны судлаач нар (Японы түүхчид "Номун ханы хэрэг явдал" хэмээн нэрлэдэг) нийтэд ил болоогүй энэ асуудлыг эртнээс судалж байгаа билээ. Шинжилгээнд шинээр олдсон энэ баримт материалууд 1930-1940 онуудын эзлэн түрэмгийлэх дайндаа Японы тал биологийн зэвсэг хэрэглэсэн тухай (ингэхэд хүн төрөлхтөний дайны түүхэнд анх удаа) асуудлыг улам гүнзгий судлах боломж олгож байгаа юм.
Гэхдээ энэ удаа энгийн уншигч нарт эргээд хандая. Уншигч хүн товчхондоо эндээс юу мэдэж авч болох вэ? Дээр дурдсан Хятадын архивын ажилтнуудын өгүүлж буй материалууд харгис цагдаа болон Квантуны армийн японоор «Канто гун») халдварын төвийн штабт хамаарах бөгөөд дээрхи төв нь 1939 оны Халхын голын дайны талбарт "Исийгийн отряд" хэмээх нэрийн дор ажиллаж байсан юм. Энэхүү "Отряд 731" буюу японоор "нансан-ити бутай" хэмээх нэрээр алдаршсан Японы армийн онцгой нууц хэсэг үнэн хэрэгтээ биологийн зэвсэг бүтээх хийгээд түүнийг ашиглах зорилготой ажилладаг байжээ.
"Ишийгийн анги"-ийнхан 1939 оны 7-р сараас найман сарын хооронд Халхын гол, Хулстай болон Аргунд тарваган тахал, булчин задрах тахал, цусан суулга, гэдэсний хижиг, боом болон ям сахуу өвчний бактери тархаасан байдаг. Энэ халдварыг Ишийгийн отрядын 22 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн эмч, хошууч Икари Цунэсатогоор толгойлуулсан сайн дурын амиа золиослогч нар (японоор «токкотай») хийж гүйцэтгэжээ.
Икарагийн бүлэг дөрвөн удаагийн биологийн халдлага үйлдсэн бөгөөд ингэхдээ голын эх рүү ойролцоогоор 100 кг орчим шингэнээр баяжуулж өтгөрүүлсэн бактери хийж байжээ. Үүнээс гадна 1939 оны наймдугаар сарын сүүлчээр Монгол-Зөвлөлтийн цэргийн байршилд тарваган тахлын сэжиг бүхий нохой бөөс ашигласан биологийн дайралт хийгдсэн нь илэрч байсан юм. "Исийгийн отряд"-ын үйлдлийг фронт дээр амжилттай гэж тэмдэглэж байсан агаад Халх голд байлдааны ажиллагаа явуулахаар зориуд зохион байгуулагдсан тусгай 6 дугаар армийн командлагч дэслэгч генерал Огису Рюхея тус отрядын бие бүрэлдэхүүнд өөрийн биеэр баяр хүргэж байжээ. Үнэхээр ч Монгол-Зөвлөлтийн бие бүрэлдэхүүний гарз хохирол эрүүл мэндийн нүүлгэн шилжүүлэлтээр алагдсан, шархдсан хийгээд битүү бэртэл авсан, олзлогдсон, сураггүй алга болсон тоо 709-д (нийт 25655 хүнээс) хүрчээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдөөс найман хүн амиа алдсан бөгөөд өвчин янз бүрийн байсан ч бүгд онц аюултай халдварт өвчлөл байжээ. Гэхдээ Зөвлөлтийн цэргийн өвчний тархалтыг судалдаг судлаач нар Японы биологийн зэвсгийн хөнөөлийг бууруулж чадсан юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн бие бүрэлдэхүүнийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж, тэднийг шаардлагатай ус, хоол хүнсээр хангахын зэрэгцээ буудалласан газрыг ариутгаж, ялангуяа усны эх үүсвэрийг ариутгах талаар их анхаарч байлаа.
Үүнээс гадна Японы Зургаадугаар армийн хувьд өвчний тархалт эсэргүүцэх ажиллагаа сул хийгдэж байснаас 1340 цэрэг, офицерууд өөрсдийнхөө биологийн зэвсэгт өртөж, булчин задрах тахал, цусан суулга, боомоор өвчилжээ. Тэдний олонхи нь үхсэн байна. Хайлаарт байх Японы Эзэн хааны армийн цэргийн эмнэлэг өвчлөгсдөөр дүүрсэн байв. Ийнхүү бактериологийн зэвсгээсээ болж Японы 8500 цэрэг халдвар авсан байлаа. Тус хот руу илгээгдсэн Квантуны армийн ахмад Ямасити Кэнжигээр толгойлуулсан халдвар судлалын тусгай комисс "Канто гун"-ы цэрэг, офицерууд "Исийгийн отряд"-ын үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэхэд сайн дурын амиа золиослогч нар үүрэг гүйцэтгэх явцдаа бүгд үхээгүй юм. Тус онцгой бүлгийн дарга байсан Икари Цунэсато дайны дараа Япон руу буцсан бөгөөд Америкийн эзэлсэн бүсээс оргон гарч чадсан байна. Гэхдээ яг үнэн хэрэгтээ Японы Эзэн хааны армийн энэхүү дээд зэргийн нууц анги нэгтгэл юу хийж байсан байх вэ? Халхын голын дайны үед "Исийгийн отряд" тухайн үеийнхээ хамгийн сайн биологийн зэвсэг хийх "туршлага" хуримтлуулсан байлаа. Тэгээд ч энэ отрядын бүхий л түүх түүнийг үндэслэгч, халаагүй удирдагч, цэргийн микробиологич Исий Широтой салшгүй холбоотой юм. Японы биологийн зэвсэг бүтээх санаа цэргийн эмч Исийд 1920-иод оны эцсээр Европт шинжлэх ухааны томилолтоор яваад ирсний дараа төржээ. Тэрбээр 1921 оноос хойш Японы Эзэн хааны армид алба хаах болсон бөгөөд Европ дахь томилолтын үеэр ЗХУ-аар дайраад гарч байжээ. Исий байгалийн баялаг муутай Япон гүрнийг ирээдүйд үйлдвэрлэл хөгжсөн Барууныхантай хийх дайнд эн зэрэгцэхийн тулд хямд бөгөөд үй олноор нь устгах зэвсэг бүтээх шаардлагатай болно хэмээн үзэж байсан юм. Энэ санаагаа Исий улсынхаа цэргийн дээд удирдлагад уламжилж, Эзэн хааны армийн яамны цэргийн хэргийн Армийн хэсгийн дарга, хошууч генерал Нагата Тэцузангийн зүгээс халуун дэмжлэг авчээ. Нагатагийн заавраар 1931 онд цэргийн ахлах эмч, хошууч Исий биологийн зэвсэг бүтээж, түүнийг байлдаанд ашиглах цэргийн тусгай хэлтэс байгуулахаар болжээ. Энэ хэлтсийг байгуулж удирдах үүргийг Исийд өглөө. Эхлээд 1932 оны наймдугаар сард Токио дахь Цэргийн анагаахын академийн хажууд "Эзэн хааны армид халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх лаборатори" гээчийг Исийг оролцуулаад зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Мөн оны эцсээр уг лабораторийг эзлэн аваад байсан Хятадын зүүн хойд хэсэг буюу Манжуурт илгээжээ. Тэр лаборатори Харбинаас өмнөд хэсэгт байх Эрбэй нь мужийн Жонгма цайзад байрласан аж. Лабораторийг нууцлах үүднээс "Камогийн отряд" японоор "Камо бутай" хэмээн нэрлэж байлаа. 1935 онд "Камогийн отряд" Пинфань мужид шилжин байрлажээ. Шилжихээс өмнө тус газар 1933-1934 оны хооронд шинжлэх ухааны судлалын тусгай лагерь байгуулсан байна. 1939-1939 оны хооронд Пинфань мужийн уг лагерьт "Исийгийн отряд"-ад зориулан гол штабаас холгүй асар том цогцолбор баригдсан агаад үүнд олон тусгай хэлтсүүд, лабораторийн отрядууд нийт 2600 хүний бие бүрэлдэхүүнтэй, мөн 100 хоригдол хорих шорон, тусгай туршилтын полигон багтаж байлаа. Энд хоригдол, олзны хүмүүст онц халдварт өвчин халдааж туршилт хийхийн зэрэгцээ нохой бөөснөөс авахуулаад хулгана, харх үржүүлэн аймшигт өвчний бактери гарган авч байлаа. Хятадад байрласан Исийгийн энэ аймшигт лабораторид хүн төрөлхтөнийг бүгдийг нь устгаж хүрэх элдэв нян, бактери үйлдвэрлэн хадгалж байсан юм. Харин энэ аюулыг Монгол-Зөвлөлтийн арми зогсоож чадсан билээ.
Гэхдээ үхэл таригч эмч Иший Широ 1959 он хүртэл амьдарч чадсан нь гайхалтай хэрэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ <object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>[permanent dead link]