77-гийн бүлэг

77-гийн бүлгийн гишүүн орнууд

77-гийн бүлэг (англи. G-77) буюу «Далан долоогийн бүлэг» (Group of Seventy Seven) -Хөгжиж буй орнуудын Засгийн газар хоорондын хамгийн том олон улсын байгууллага.

1964 оны 6-р сарын 15-нд Женев хотод НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (англи. United Nations Conference on Trade and Development) анхдугаар хуралдаанаар хөгжиж буй орнуудын «Далан доллон орны хамтарсан Тунхаглал» («Joint Declaration of the Seventy-Seven Countries») баталснаар 77-гийн бүлгийг байгуулсан түүхтэй. Анх тус байгууллага 77 гишүүн оронтой байсан бол гишүүдийн тоо өссөөр 2023 оны байдлаар 134 хүрч НҮБ дахь Засгийн газар хоорондын хамгийн том байгууллага болоод байна.

Энэ бүлэг эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын системийн хүрээнд болж буй эдийн засаг, хөгжлийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандах,  хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг тодорхой асуудлаар тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, хэлэлцээр боловсруулахын зэрэгцээ НҮБ болон түүний системийн байгууллагын хүрээнд болдог хурал, чуулганд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх, тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх, төсөл хэрэгжүүлэх зэргээр ажилладаг.

77-гийн бүлгийг Ази, Номхон далай, Африк, Латин Америкийн бүсээс нэг жилийн хугацаагаар ээлжлэн сонгосон улс даргалдаг.

2023 онд Бүгд Найрамдах Куба Улс даргалж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд хэмжээний уулзалтад оролсон байна.

Монгол Улс хөгжиж буй орнуудтай хамтран нийтлэг асуудлаар эрх ашгаа хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах зорилгоор 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна.