Jump to content

NHK

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
NHK лого

Эн-Эйч-Кэй, NHK (япон. 日本放送協会 Ниппон Хоосоо Кёокай, орч. Японы өргөн нэвтрүүлгийн корпорац) - Японы төр-олон нийтийн төв телевиз, радиогийн компани. Өнөөгийн байдлаар тус компани телевизийн хоёр суваг (NHK General TV, NHK Educational TV), дөрвөн хиймэл дагуулын суваг (NHK BS-1, NHK BS-4K, BS-8K, NHK BS PREMIUM), гурван радио суваг (NHK Radio 1, NHK Radio 2, NHK FM) ажиллуулж байна. NHK компани гадаадын хэрэглэгчдэд зориулж NHK World алба ажиллуулдаг. Үүнд: "NHK World Japan", "NHK World Premium" гэсэн телевизийн суваг, "NHK World Radio Japan" гэсэн 22 хэлээр богино долгионы болон интернэт сүлжээгээр радио нэвтрүүлгээ цацдаг ажээ.

NHK телевизийн түүх бол ерөнхийдөө Японы өргөн нэвтрүүлгийн түүх гэсэн үг юм. Японы анхны өргөн нэвтрүүлгийн компани бол 1925 оны 3 дүгээр сарын 22-нд нэвтрүүлж эхэлсэн "Токиогийн өргөн нэвтрүүлгийн алба" байсан юм. Мөн тэр жилдээ Осака, Нагоя хотууд өөрийн албаа нээсэн байна. Эдгээр гурван компани нь Засгийн газраас тусгай зөвшөөрөл авсан бие даасан корпорацууд байсан бөгөөд нэвтрүүлгийг сонсогчдын татвараар санхүүжүүлдэг байжээ.

Японы Холбооны яамны санаачилгаар анх 1926 оны 8-р сарын 6-нд Британийн ВВС-ийн жишгээр үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулахаар төлөвлөж дээрх гурван албыг нэгтгэж Японы Өргөн Нэвтрүүлгийн Корпорац болгосон түүхтэй.

NHK-ийн Төв байр

Эхэндээ нэг радио станцтай (NHK Radio 1) байсан бөгөөд 1931 онд боловсролын хөтөлбөрүүдтэй хоёр дахь сувгийг (NHK Radio 2) нээсэн байна.

Улмаар 1935 онд тус компани сургуулийн хичээлийн үеэр шууд нэвтрүүлгийн технологийг анх ашиглаж байсан бөгөөд АНУ-ын баруун хэсэгт хилийн чанадад нэвтрүүлэг цацаж эхэлсэн байна.

Япон улс Дэлхийн 2 дугаар дайнд орж, мэдээллийн орон зай, корпорац нь бодит байдал дээр улсын мэдэлд шилжсэн. Хоёр дахь радио станцыг хааж, цаг агаарын урьдчилсан мэдээг дамжуулахыг цуцалсан байна. Дайны төгсгөлд 1945 оны 8 дугаар сарын 15-нд тус корпорац Японыг дайнд бууж өгч буй тухай зарлигийг болон Эзэн хааны олон нийтийн хандаж хэлсэн үгийг радиогоор цацжээ.

1950 оны 6 дугаар сарын 1-ээс өргөн нэвтрүүлгийн тухай шинэ хууль хүчин төгөлдөр болж, хуучин Японы өргөн нэвтрүүлгийн корпорацыг татан буулгаж, Японы телевиз, радио өргөн нэвтрүүлгийн корпорацыг боловсон хүчин, материаллаг бааз дээр шинээр байгуулав. Шинэ Корпорацыг 12 хүний ​​бүрэлдэхүүнтэй Удирдах хороо удирдаж, Японы Ерөнхий сайд парламентын зөвшөөрлөөр гишүүдийг нь томилдог болжээ. Япон үндэстний өмнөөс хороо нь корпорацыг байгуулах чиглэлийг тогтоож, төсвөө баталж, нэвтрүүлгийн хэлбэрийг төлөвлөж, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлыг томилов. Корпорацын жилийн төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг Ерөнхий сайдын саналын хамт УИХ-д хүргүүлж, соёрхон баталдаг болжээ.

1957 оны 12 дугаар сард Японы анхны FM радио станц, 1959 оны 1 дүгээр сард боловсролын шинэ суваг нээжээ. 1963 оны 3 дугаар сарын байдлаар компани нь 10 сая орчим үзэгч сонсогчтой гэрээ байгуулан ажиллаж байсан.

Япон улс нь Ази, Номхон далайн бүс нутагтаа газар хөдлөлтөд өртөмхий шинжтэйг харгалзан NHK телевиз, радио корпорацын сүлжээнд үндэслэн сейсмологийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, дүн шинжилгээ хийх, мэдэгдэх өвөрмөц үйлчилгээг бий болгосон. Энэхүү үйлчилгээ нь өөр хаана ч байхгүй бөгөөд дэлхийн хамгийн дэвшилтэт үйлчилгээ гэж хүлээн зөвшөөрөгддөг.

2003 оноос NHK нь ЮНЕСКО-той стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж байна.

Захиргаа, санхүүжилт

[засварлах | кодоор засварлах]

NHK телевизийн үзэгчид сар бүр захиалгын төлбөр төлдөг. Японы хуулийн дагуу телевизортой айл бүр тус корпорацтай гэрээ байгуулах үүрэгтэй. 2009 оны байдлаар Япон дахь сонсогч, үзэгчидтэй байгуулсан компанийн гэрээний тоо 40 сая орчим байсан.

Компанийн нийт орлогын 80% нь хиймэл дагуулын үзэгчдийн төлбөрөөс бүрддэг. Ийм төлбөрийн систем нь олон нийтийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн засгийн газар болон хувийн байгууллагуудаас хараат бус байдлыг хангаж өгдөг.

Корпорацыг нийгмийн байдал, мэргэжлийн ялгаатай 12 хүний ​​бүрэлдэхүүнтэй "Удирдлагын хороо" удирддаг. Бүрэлдэхүүн нь жил бүр шинэчлэгддэг бөгөөд Японы парламентын хоёр танхимын зөвшөөрлөөр Японы Ерөнхий сайд томилдог. Хороо нь корпорацын төсвийг төлөвлөж, өргөн нэвтрүүлгийн бодлогыг тодорхойлдог.

Компанийн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

NHK бол дэлхийн хамгийн том телевизийн компаниудын нэг юм. "NHK-ийн тухай" хуулийн дагуу тус корпорац улс орондоо болон гадаадад болж буй бүх томоохон үйл явдлыг цаг алдалгүй мэдээлэх үүрэгтэй. Санал асуулгын дүнгээс үзэхэд Японы иргэдийн дийлэнх нь NHK сувгийг өөрийн улсын үндэсний баялаг гэж үздэг.

Телевиз, радиогийн корпорац нь Япон улсын хэмжээнд 8 бүсийн төв болон 54 өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцтай ажээ.

Гадаадын 31 оронд өөрийн төлөөлөгчтэй.

 Commons: NHK – Викимедиа зураг, бичлэг, дууны сан