Nas
Нас (Англи: Nas, жинхэнэ нэр: Насир бин Олу Дара Жонес Англи: Nasir bin Olu Dara Jones) нь Америкын реппер, дуу зохиогч, бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч юм. Жазз хөгжимчин Олу Дарагийн хүү түүний уран бүтээлүүд дэлхий даяар нийт 30 сая хувь борлуулагдсан байдаг. Тэрээр өөрийн дуу бичлэгийн студиэрээ дамжуулан бизнес эрхэлдэг. Мөн Mass Appeal сэтгүүлийн хамтран нийтлэгч бөгөөд Mass Appeal студийн үүсгэн байгуулагч билээ.
Тэрээр 1991 онд Main Source-ийн “Live at the Barbeque”-д уран бүтээлчээр элссэнээр өөрийн хөгжмийн карьераа эхлүүлсэн. Түүний “Illmatic” хэмээх дэбют цомог нь дуу шүүмжлэгчид, хип хоп уран бүтээлчид болон сонсогчдод хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгуудын нэг яах аргагүй мөн юм. Түүний удаах цомог “It was written” нь Billboard-ийн шилдэг 200 цомгийн 1-т бичигдэж, 4 7 хоногийн турш шилдэг цомгоор шалгарч, 2 сарын дотор Double Platinum цомог болсон нь түүнийг олон улсад алдаршуулсан билээ. Тэрээр Jay-Z-г дисс хийсэн “Ether” уран бүтээлээ гаргаснаар 2001-2005 оны хооронд Jay-Z-тэй сөргөөцөлдсөн байдаг. Тэрээр 2006 онд Def Jam дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж байсан. 2010 онд Дамиан Марлитай хамтарч Distant Relatives цомгийг гаргасан бөгөөд энэхүү цомгийн нийт орлогоо Африкт буяны үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Мөн түүний 2012 онд гаргасан 11 дэх студийн цомог болох Life Is Good нь 55-р Грэмми шагналын "Шилдэг реп цомог" шагналд нэр дэвшиж байсан байна.
2006 онд MTV хөгжмийн суваг түүнийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг Эм си” жагсаалтын 5-р байранд, 2012 онд “Бүх цаг үеийн хамгийн шилдэг дууны үе зохиогч” жагсаалтын 2-р байранд, 2013 онд “Хамгийн шилдэг Эм си” жагсаалтын 4-р байранд жагсаасан байдаг. 2014 онд About.com сайт түүнийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 Эм си” жагсаалтын хамгийн шилдгээр шалгаруулсан бөгөөд Billboard-ын “Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 реппер” жагсаалтад багтсан байна. Нас 8 дараалласан Platinum цомог гаргасан бөгөөд дэлхий даяар 30 сая хувь борлуулагдсан байна.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Насир бин Олу Дара Жонес нь 1973 оны 9-р сарын 14-нд Нью Йорк хотын Брүүклин дүүрэгт төржээ. Түүний эцэг Олу Дара Жоунес нь Мисисипи мужаас гаралтай жазз, бльюс урсгалын хөгжимчин байсан. Түүний эх Фэнни Энн Жоунес нь Хойд Каролина мужид шуудан түгээгүүрийн ажил хийдэг байсан. Тэрээр Жабари Фрет /хоч нь Jungle/ хэмээх төрсөн дүүтэй бөгөөд дүү нь Bravehearts гэх хип хот хамтлагын гишүүн юм.
Нас багадаа Queens мужийн Queensbridge хороололд амьдардаг байсан. Хөрш Вилли Грахам нь түүнд ая зохиож өгдөг байсан нь түүнийг хип хоп урлагт хөл тавихад нь нөлөөлсөн юм. Түүний эцэг эх 1985 онд салж, тэрээр ердөө 8-р ангиа төгссөнийхөө дараа сургуулиасаа гарсан. Тэрээр Five Percent, Nuwaubian зэрэг шашны бүлэглэлд элссэнээр Африк соёл уламжлалын талаар суралцсан. Тэрээр багадаа бүрээ хөгжим тоглож, өөрөө дууныхаа үгийг бичдэг байжээ.
Урлагын амьдрал
[засварлах | кодоор засварлах]