Wikipedia-н хэлэлцүүлэг:Mongolian Statistic

Page contents not supported in other languages.

Үндэсний Статистикийн хорооны эрхэм зорилго[кодоор засварлах]

ҮСХ-ны эрхэм зорилго: Улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчлэхэд оршино.

Статистикийн байгууллагын үүсэл, хөгжил[кодоор засварлах]

Статистикийн байгууллагын үүсэл, хөгжил: Монгол улсын статистикийн алба өнө эртний уламжлалтай бөгөөд бидний өвөг Хүннү нар мал сүргээ тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай, хожим XIII зуунд хүчирхэг төр, улсыг байгуулан монголчууд хүн амаа тоолж, түүндээ үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1921 оны ардын хувьсгал Монгол Улсын бүртгэл, статистикийн хөгжлийн түүхэнд шинэ үеийг нээж, улс ардын аж ахуйн бүртгэлийн ажил ялангуяа статистикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх бодит бололцоо, нөхцөлийг бүрдүүлсэн юм. Манай улсын 1924 оны анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчлан өгсөн түүхэн эхлэлтэй бөгөөд Улсын анхдугаар Их Хурлын тогтоолд “Тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулбал зохино” гэж зааж, 1924 оны 11-р сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотойгоор анх байгуулснаар статистикийн албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг. 1929 оноос Засгийн хорооны дэргэдэх Тоо бүртгэх хэлтэс болгон 12 орон тоотойгоор ажиллуулж эхэлсэн ба энэ хэлтэс нь тус улсын бүртгэл, статистикийн ажлыг удирдан зохион байгуулж, улс орныхоо эдийн засгийг цаашид удирдан явуулах бодлого боловсруулахад шаардлагатай бүртгэл, тоо мэдээллийн холбогдолтой баримт материалыг бэлтгэн боловсруулахад гол анхаарлаа чиглүүлж байв. МАХН-ын Төв Хорооны бүгд хурал 1940 оны 12-р сард хуралдаж “БНМАУ-ын ард нийтийн аж ахуйн 1941 оны төлөвлөгөөний тухай” асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү 1941 оноос эхлэн нийгэм, эдийн засгийг жилийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэх болсноор төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, дараагийн жилийн төлөвлөлтийн үндсийг боловсруулах зэрэгт шаардагдах мэдээллийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн бөгөөд 1941 оноос Засгийн хорооны дэргэдэх Тоо бүртгэх хэлтсийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар болгон өөрчилсөн бөгөөд статистикийн албаны үйл ажиллагааг 1941 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар; 1945 оноос Улсын төлөвлөгөөний комиссын Тоо бүртгэлийн тус тус эрхлэн гүйцэтгэж байлаа. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11-р сарын 23-ны өдрийн 106 тоот тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комиссыг байгуулжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 4-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Улсын төлөвлөгөөний комиссын Тоо бүртгэлийн хэлтсийг БНМАУ-ын Төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын тоо бүртгэлийн газар болгон өргөтгөж, 3 хэлтэс, 2 тасагтай ажиллах бүтцийг баталжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн улсын төв газрыг байгуулсан нь статистикийн алба үүссэнээсээ хойш 36 жилийн дараа ямар нэг яам, хорооны харъяанаас гарч Засгийн хорооны бие даасан байгууллага байх үндсийг тавьсан үйл явдал болжээ. Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4-р сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Тоо бүртгэлийн улсын төв хорооны бүтэц, орон тоог баталснаар, 10 хэлтэс, тасаг, аймаг, хотын 19 товчоо; сумын 389 байцаагчтай статистикийн бүхэл бүтэн цогц алба Монгол Улсын түүхэнд анх удаа бүрэлдэн тогтсон түүхтэй аж. Аймгуудын түвшинд АДХ-ын гүйцэтгэх захиргаанд төлөвлөгөө, статистик хариуцсан орлогч даргыг ажиллуулах болсноор 1962 оноос сумын захиргааны орлогч дарга нар тухайн сумандаа статистикийн ажлыг удирдан зохицуулдаг чиг үүрэг хүлээх болсон юм. Тоо бүртгэл гэдэг үгийг олон улсын хэмжээнд хэрэглэдэг утга, үгээр нь статистик гэж нэрлэж занших шаардлагын үүднээс Сайд нарын зөвлөл 1964 оны 3-р сарын 6-нд “Тоо бүртгэлийн ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж “Тоо бүртгэлийн улсын төв газар” - ыг “Статистикийн төв” газар, аймаг, хотын тоо бүртгэлийн товчоог “Статистикийн товчоо” гэж нэрлэхээр тогтоож, тэдгээрийн эрхийг өргөтгөн, статистикийн хууль боловсруулах, тоо бүртгэлийн ажлыг механикжуулах, анхан шатны бүртгэл нэвтрэлтийг мэргэжлийн удирдлагаар хангах, эмхтгэл хэвлэх, өрхийн төсвийн судалгаа явуулах зэрэг үүргийг Статистикийн төв газарт өгсөн. Уг тогтоолоор Тоо бүртгэлийн улсын төв хорооны нэрийг “Статистикийн” болгож өөрчилсөн нь нэг үг сольсон төдий асуудал биш бөгөөд “Тоо бүртгэлийн газар” нь зөвхөн тоо бүртгэл явуулдаг, нэгтгэн дүгнэдэг байгууллага мэтээр ойлгогдож байсныг олон улсын нийтлэг жишиг нэрээр нэрлэж, үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ. Статистикийн өдөр тутмын үйл ажиллагааны зохицуулалтыг “Статистикийн тухай” анхны хууль гарах хүртэл Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолуудаар зохицуулдаг байсан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө ба тоо, бүртгэл, хянан шалгах ажлын дүрмийг 1940 оны 5-р сарын 31 өдөр хуралдсан Ардын сайд нарын зөвлөлийн 21-р хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 6-р сарын 8 өдрийн 31 дүгээр хуралдаанаар тус тус хэлэлцэн баталж мөрдүүлжээ. Уг дүрэмд улс ардын аж ахуй, соёлын төлөвлөгөөний бүхий л гүйцэтгэл, биелэлтийг шалган хянах ажлыг Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар эрхлэн явуулна гэж заажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 4-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Улсын тоо бүртгэлийн хорооны дүрмийг баталж, энэ дүрмэнд Улсын тоо бүртгэлийн газар нь улс ардын аж ахуйн хөгжилт, улсын жил ба хэтийн төлөвлөгөөний биелэлт, түүний явц тус орны материаллаг нөөц, ашиглалтын байдал, аж ахуйн салбаруудын хөгжлийн харьцаа, тэдгээрийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, зохих дүн шинжилгээний хамт цаг тухайд нь Засгийн газарт илтгэж байх зорилготой улсын эдийн засаг, соёлын байгууллагын тоо бүртгэлийн ажлыг нэгтгэн удирдах улсын төв байгууллага мөн гэж заажээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн улсын төв хорооны дүрмийг ерөнхий зүйл, үндсэн үүрэг, гүйцэтгэх ажил, эрх гэсэн бүлэг, зүйлтэйгээр баталж, уг дүрэмд статистик, бүртгэлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй төвлөрсөн удирдлага, нэгдмэл аргачлал, зохион байгуулалт, зарчмын үндсэн дээр ажлаа явуулна. Улс ардын аж ахуйн төлөвлөгөө, тоо бүртгэлийн талаар нам, засгаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг өөрийнхөө ажилд удирдлага болгож, улсын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж байна хэмээсэн байна. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны “Улсын мэдээ тайланг буруу гаргаж, улсыг хуурч мэхлэх явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай” 31-р тогтоолд улсын төлөвлөгөөний биелэлт, мэдээ тайланг санаатай худал гаргах явдлыг цаг тухайд нь таслан тогтоож, тийм гэмт хэрэг үйлдэгчдэд хатуу арга хэмжээ авч байхыг заажээ. Мөн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 12-р сарын 22-ны зарлигаар эрүүгийн хуульд улсын төлөвлөгөөний биелэлт, мэдээ тайланг санаатай худал гаргах явдалтай тэмцэх тухай нэмэлт оруулж байв. Статистикийн байгууллагыг 1990 онд Улсын статистикийн газар нэртэйгээр дахин байгуулсан. Энэ үед нь Монгол улс ардчилсан, зах зээлийн харилцаанд шилжиж, парламентийн засаглалтай, ардчилсан нийгмийн байгуулал төлөвшиж, өмчийн олон хэлбэрийн аж ахуйнууд бий болж, статистикийн мэдээллийг нэлэнхүй ажиглалтаар цуглуулж байсан үндсэн аргыг өөрчилж, түүвэр судалгаа, бусад аргуудыг өргөн хэрэглэх, улмаар олон улсын статистикийн нийтлэг зарчим аргазүйг нэвтрүүлэх шаардлага гарсан зэрэг шинэ нөхцөл бүрэлдэв.

Статистикийн үйл ажиллагааны зарчим[кодоор засварлах]

Статистикийн үйл ажиллагаанд дараах зарчим баримтлана:

*  Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
*  Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
*  Мэдээлэл үнэн, бодитой байх
*  Мэдээлэл шуурхай байх
*  Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
*  Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
*  Статистикийн мэдээллийг бага зардлаар мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах

Хууль эрх зүйн зохицуулалт[кодоор засварлах]

Хууль эрх зүйн зохицуулалт: 1990-ээд оноос Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээр нийгэмд статистикийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг шинээр тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын нийтлэг аргачлал, арга зүйг нэвтрүүлэх бодит шаардлага тулгарсан билээ. Статистикийн мэдээллийг өмнө нь нэлэнхүй ажиглалтаар цуглуулж байсан үндсэн аргыг өөрчилж түүвэр судалгаа, нэг удаагийн бүртгэл, тооллого зэрэг статистикийн шинжлэх ухааны бусад аргыг өргөн хэрэглэх болж, статистикийн үйл ажиллагааг шинэ нөхцөл байдалд зохицуулах эрх зүйн хэм хэмжээг цоо шинээр тогтоох хэрэгцээ бий болсон. Зах зээл хөгжсөн орнуудад статистикийн үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулдаг нийтлэг жишгийн дагуу Монгол улсад “Статистикийн тухай” хуулийг боловсруулах ажил 1991 оноос эхэлсэн. 1994 онд Улсын Их Хурал “Статистикийн тухай” Монгол улсын хуулийг батлан мөрдүүлсэн нь тус улсад статистикийн албаны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, түүнийг мэргэжлийн байгуулага байх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Статистикийн тухай анхны хууль нь 5 бүлэг, 17 зүйлтэй, хуулийн нэр томъёо, статистикийн үйл ажиллагааны зарчим, статистикийн мэдээллийн тогтолцоо, статистикийн мэдээлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, статистикийн байгууллагын тогтолцоо, түүний эрх, үүрэг, статистикийн мэдээллийн нууцлал, хариуцлагын тогтолцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамарсан статистикийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардагдах зохицуулалтыг тусгасан юм. Хуулиар статистикийн байгууллагын тогтолцоо нь гүйцэтгэх засаглалын харъяанд байхаар зохицуулагдсан байв. Уг хуулинд НYБ-аас гишүүн орнуудад мөрдөх зөвлөмж болгосон статистикийн байгууллагын баримтлах 10 зарчмыг тусган 1997, 1999, 2004, 2008 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулснаар статистикийн үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин бүрэлдэн тогтсон юм. Энэ хуулиар статистикийн байгууллага нь бие даасан, хараат бус, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга зүйтэй, мэргэжлийн байх зарчмуудыг тодорхойлж хуульчлан баталгаажуулсан. Монгол улсад нийгэм, улс төр, эдийн засгийн шилжилт явагдаж байгаа өнөө үед энэ хууль нь ҮСХ бодит, үнэн зөв албан ёсны статистик мэдээлэл гаргах, мэдээллийн нууцлалыг хадгалах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах эрх зүйн үндэс болж байна. “Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн 4-р бүлгийн 11-р зүйлийн 2-р заалтын дагуу Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг ҮСХ, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэж байгаа юм. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын орлогч буюу тамгын хорооны ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэдэг. ҮСХ нь үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд /Үндэсний парламент/ тайлагнадаг төрийн байгууллага юм. ҮСХ нь Монгол улсын албан ёсны статистикийн үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэдээллийн арга зүй, журам, ангилал, стандартыг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, улс орны эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр ойрын болон урт, дунд хугацааны тооцоо, загварчлал хийх зэрэг нийтдээ 26 бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийг УИХ-р 2008 онд анх удаа батлуулсан нь уг тооллогыг цаашид 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам явуулах эрх зүйн үндэс баталгаажлаа. ҮСХ-нд албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй УИХ, ЗГ, эрдэм шинжилгээний байгууллага болон хэрэглэгчдийн төлөөлөлтэй Статистикийн үндэсний зөвлөл ажиллаж байна. ҮСХ нь Засгийн газар, түүний харъяа яам агентлагуудын статистикийн мэдээллийг албан ёсны статистикийн мэдээлэлтэй давхардуулахгүй байх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах, үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт, үнэн зөв байдалд үнэлэлт өгөх ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. НYБ-аас албан ёсны статистикийн тулгуур зарчмуудыг 1992 онд баталснаас хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Монгол улс нь эдгээр зарчмуудыг албан ёсны статистикийн үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, журам, аргачлал боловсруулан тогтоохдоо мөрдлөг болгон ажиллаж байна.

Үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө[кодоор засварлах]

УИХ-аас 2004 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан “Статистикийн тухай” Монгол Улсын хуулинд, ҮСХ-ын бүрэн эрхийн хүрээнд “Албан ёсны статистикийн үзүүлэлтийг тооцох, тооллого, судалгаа явуулах талаар ойрын зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах” гэсэн заалт тусгагдсан нь статистикийн үйл ажиллагааг тодорхой бодлого, стратегийн дагуу явуулж, түүний шинжлэх ухааны чанарыг сайжруулах шаардлагаас урган гарсан юм. Энэхүү заалтын дагуу “Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулсан нь НYБ-ын Статистикийн комиссын чуулгануудын зөвлөмж, “Статистикийг хөгжүүлэх Марракечийн Төлөвлөгөө”-ний үзэл санаа, зорилготой нийцсэн үйл ажиллагаа болсон билээ. Уг хөтөлбөр нь албан ёсны статистикийн үйл ажиллагааны дунд болон ойрын хугацааны чиглэлийг тогтоох, статистикийн байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны зарчим, бодлого, стратегийн зорилтыг тодорхойлох, цаашид хийх ажлын зорилтуудыг дэвшүүлэх, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн бодлого, үйл ажиллагааны зарчим, арга механизмыг багтаасан, дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа НYБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны ТАСИС хөтөлбөр, Австралийн Статистикийн товчоо, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи зэрэг гадаад, дотоодын холбогдох байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусган хамтран ажиллах зарчмаар хандаж боловсруулсан юм. Нөгөө талаас, НYБ-аас 1992 онд боловсруулж гаргаж гишүүн орнууддаа мөрдөхийг зөвлөмж болгосон албан ёсны статистикийн 10 зарчим болон “Статистикийн тухай” Монгол Улсын хуульд тусгасан зарчмуудыг удирдлага болгон ажиллах юм. Энэхүү хөтөлбөр нь манай орны төр, олон нийтийн өргөн оролцоонд тулгуурлаж, тэдгээрийн дэмжлэг, эрмэлзлэлийн илэрхийлэл бөгөөд статистикийн мэргэжлийн байгууллагын зүгээс идэвхтэй оролцож боловсрогдсон жинхэнэ “үндэсний” хөтөлбөр болсон юм. Монгол Улсын албан ёсны статистикийн албаны үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдаатай хөгжиж ирсэн. Статистикийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, өөрчлөлтийн бодлогыг дараах чиглэлд хандуулж байна. Yүнд:

   Статистик мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэх,
   Статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт арга, техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний стандартыг бий болгох
   Мэргэшсэн боловсон хүчинд чиглэсэн менежментийн шинэчлэлт хийх,
   Статистикийн байгууллагын хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх.
    Албан ёсны статистикийг хөгжүүлэхэд ойрын жилүүдэд үндэсний тооцооны системийг бүрэн нэвтрүүлэх, мэдээлэл судалгааны ажлын чанарын түвшинг сайжруулах, мэдээллийг боловсруулах тогтолцоог олон улсын жишигт хүргэх, статистикийн байгууллагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарна.

Монгол улсад “Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөр (2006-2010)”-т албан ёсны статистикийн үйл ажиллагааны ерөнхий зорилтыг “нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан үндэсний стандартыг бий болгох, статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг статистикийн шуурхай мэдээллээр хангахад оршино. ”(Хоёр. 2.1) гэж тодорхойлсон бөгөөд энэхүү зорилтын хүрээнд дараах 7 дэд зорилтыг дэвшүүлсэн. Yүнд: 1. Макро эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилт Үндэсний тооцооны системийг бүрэн нэвтрүүлэх, макро эдийн засгийн түвшинд эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүдийн арга зүйг боловсронгуй болгох 2. Эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилт Эдийн засгийн статистикийн үйл ажиллагаанд олон улсын нийтлэг арга зүйг нэвтрүүлэх, үзүүлэлтийн системийг боловсронгуй болгох, статистикийн түүвэр болон нэлэнхүй судалгааг статистик нэгжид тулгуурлан явуулах чадавхийг бий болгох 3. Хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх дэд зорилт Хүн амын бүртгэлийг сайжруулж, хүн ам зүй, нийгмийн статистикийн мэдээллийн чанарыг дээшлүүлэн олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа нийтлэг арга зүйд нийцүүлэх, ядуурал, хүн амын амьжиргааны түвшин, хэрэглээний үндсэн үзүүлэлтүүдийг орон нутгийн түвшинд тооцдог болох 4. Статистикийн арга зүй, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх дэд зорилт Олон улсын нийтлэг арга зүйд нийцсэн үндэсний стандартыг бий болгох, статистикийн судалгаа, шинжилгээнд загварчлал, хэтийн төлөв байдал, таамаглал, хүчин зүйлийн нөлөөллийг задлан шинжлэх арга зүйг нэвтрүүлэх 5. Статистикийн мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дэд зорилт Статистикийн мэдээлэл боловсруулалтын бүх үе шатанд өртөг, зардал багатай, шуурхай байдлыг хангасан техник, технологиийг нэвтрүүлэн төв, орон нутгийн статистикийн албадын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн түвшний ялгааг арилгах 6. Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх дэд зорилт Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх дэд зорилт нь орчин үеийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг төлөвшүүлэн мэргэшүүлэх замаар статистикийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын олон улсын стандартыг мөрдүүлэхэд чиглэгдэнэ. 7. Статистикийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дэд зорилт Албан ёсны статистикийг боловсронгуй болгох, статистикийн үндэсний чадавхийг сайжруулахад чиглэсэн хоёр болон олон талт хамтын ажиллагааны идэвхтэй бодлого явуулах

Статистикийн мэдээллийн тогтолцоо[кодоор засварлах]

1. Статистикийн мэдээллийн хэлбэр Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна. Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар,бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана. 2. Албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлт, түүнийг гаргах үндэслэл Албан ёсны статистикийн мэдээлэлд дараахь үндсэн үзүүлэлт хамаарна: макро эдийн засгийн статистикийн үзүүлэлт:

       -дотоодын нийт бүтээгдэхүүн;
       -инфляцийн түвшин, хэрэглээний үнэ;
       -хөрөнгө оруулалт;
       -хуримтлал;
       -төлбөрийн тэнцэл;
       -ажилгүйчүүдийн тоо;
       -мөнгө, банкны зээл , үнэт цаасны зах зээл;
       -улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага;
       -бүтээмжийн үзүүлэлтүүд.

хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт;

       -хүн амын тоо, нас, хүйс
       -хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт,
       -гэрлэлт, гэр бүл цуцлалт;
       -эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад;
       -өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээ;
       -хүн амын хүнсний хангамж, илчлэг
       -хүн амын амьжиргааны түвшин, ядуурал;
       -дундаж цалин, орлого
       -хүн амын боловсролын түвшин, сургууль, багш,
       -суралцагсдын тоо;
       -хүн амын эрүүл мэнд, эмнэлэг, эмч, өвчлөгчдийн тоо;
       -орон сууцны сан, шинээр барьсан сууц;
       -тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
       -музей, номын сангийн тоо, тэдгээрийн сан хөмрөг;
       -сонин, сэтгүүл, үйлдвэрлэсэн киноны тоо;
       -ажлын цагийн үргэлжлэл.
       -үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;
       -хөдөлмөрийн маргаан. 

үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт:

       -мал, тэжээвэр амьтдын тоо;
       -малын хашаа худаг, уст цэгийн тоо;
       -хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
       -тариалсан талбай, хураасан ургац, өвс, тэжээл;
       -аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;
       -аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
       -барилга угсралт, их засварын ажлын хэмжээ;
       -тээврийн салбарын тээсэн ачаа, зорчигч, ачаа эргэлт, зорчигч эргэлт;
       -холбооны үйлчилгээний орлого, радио, телефон цэгийн тоо;
       -экспорт, импортын гол нэр төрөл, хэмжээ;
       -аялал жуулчлалын орлого, жуулчдын тоо;
       -мөрдөж байгаа патент, шинэ бүтээлийн тоо;
       -эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардал

шүүхийн статистикийн үзүүлэлт:

       -эрүүгийн хэргийн тоо, төрөл;
       -шүүхээр шийтгүүлэгчдийн тоо, нас, хүйсний ялгаа;
       -гэмт хэргийн улмаас учирсан хохирол;
       -дампуурсан аж ахуйн нэгж;
       -захиргааны болон иргэний хэргийн үзүүлэлт;

хүрээлэн байгаа орчны статистикийн үзүүлэлт:

       -хорооны хөрсний хамгаалалт, эвдрэл;
       -цэвэр усны нөөц, ус ашиглалт, бохирдолт, цэвэрлэгээ, хаягдал;
       -агаарын бохирдол;
       -ойн хамгаалалт, нөхөн сэргээлт;
       -дархан цаазтай амьтны тоо, агнуур.

Мөнгө, зээл, санхүү, гааль, татвар, байгаль орчин, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан техник, технологи, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, шүүхийн статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газар тус тус эрхлэн гаргаж, Үндэсний статистикийн хороонд өгнө. 3. Тооллого, судалгаа явуулах Yндэсний статистикийн хороо дараахь тооллого, судалгааг явуулна:

       хүн ам, орон сууцны улсын  ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам;
       салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;
       мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам;
       өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгааг улирал тутам;
       хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааг 3 жил тутам;
       хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам;
       хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;
       хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам;
       аж ахуйн нэгжийн тооллогыг  5 жил тутам;
       хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;
       цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.

Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Yндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Тооллого, судалгааны зардлыг Yндэсний статистикийн хорооны тухайн жилийн төсөвт тусгана. Үндэсний статистикийн хороо нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.

МУ-ын Статистикийн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх[кодоор засварлах]

Монгол Улсын Статистикийн байгууллагын тогтолцоо

 ҮСХ нь хууль тогтоох дээд байгууллага /УИХ/-д үйл ажиллагаагаа тайлагнахаас гадна гүйцэтгэх засаглалын байгууллагуудтай ойр нягт хамтран ажилладаг төрийн байгууллага юм. 
 Статистикийн байгууллага нь үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг,  түүний дэргэдэх байгууллага болсон нь статистикийн албаны үйл ажиллагааны хараат бус, мэргэжлийн, бие даасан байх зарчмуудыг баталгаажуулж буйн зэрэгцээ нийгэмд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлын үнэлгээний илэрхийлэл болж байна. 
“Статистикийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Статистикийн салбарын бүтэц, зохион байгуулалт чиглэдэг.

Yндэсний статистикийн хороо, түүний бүрэн эрх

 Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын албан ёсны статистикийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.

Үндэсний статистикийн хороо нь статистикийн мэдээллийн арга зүйг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох болон мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхтгэл, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх чиг үүрэг бүхий нэгжтэй байж болно. Тухайн нэгжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. Үндэсний статистикийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • албан ёсны статистикийн үйл ажиллагааг мэргэжлийн төвлөрсөн удирдлагаар хангах, боловсронгуй болгох арга хэмжээ авах;
  • албан ёсны статистикийн үзүүлэлтийг тооцох, тооллого, судалгаа явуулах талаар ойрын зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах;
  • албан ёсны статистикийн мэдээлэл, судалгаа, тооллогын үзүүлэлт, аргачлал, зааварыг батлах, мэдээлэх хугацааг тогтоох
  • захиргааны статистикийн мэдээллийг албан ёсны статистикийн мэдээлэлтэй давхардуулахгүй байх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах зорилгоор хянах, захиргааны статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт,үнэн зөв байдалд үнэлэлт өгөх;
  • хүн ам, нийгэм, эдийн засгийн холбогдолтой асуудлаар улсын тооллого, нэг удаагийн бүртгэл, тодорхой сэдвээр түүвэр болон иж бүрэн судалгаа явуулах талаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэдээлэгчид удирдамж, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт тавих
  • албан ёсны статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газраас тогтоосон хугацаанд авах;
  • статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын ангилал, аргачлал, стандартын жишигт нийцүүлэн гаргаж мөрдүүлэх;
  • албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээ, захиалгыг тусгаж, Засгийн газартай тохиролцсон хугацаанд тэдгээрт мэдээлэл, танилцуулгыг өгөх.
  • Засгийн газар, түүний байгууллагуудын цаг үеийн бодлого боловсруулах, төлөвлөлт, удирдлага зохицуулалт, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг бэлтгэж өгөх.
  • энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үзүүлэлт, тэдгээртэй нийцүүлэн албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас баталсан үзүүлэлтээс бусад үзүүлэлтийг цуглуулах, боловсруулах үүрэг хүлээхгүй байх;
  • статистикийн мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, статистикийн мэдээллийн ил тод байдлыг хангах;
  • улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр ойрын болон урт, дунд хугацааны тооцоо, загварчлал, шинжилгээ, судалгааны ажил хийх;
  • салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи , техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх;
  • албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд статистикийн мэдээлэгчээс авах;
  • төрийн байгууллагуудыг статистикийн мэдээллээр үнэ төлбөргүй хангах;
  • хуулийн этгээдийн албан ёсны статистикийн мэдээллийн үнэн зөвийг шалгах, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах;
  • улсын хэмжээнд явуулах тооллого, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн хорооны даалгавраар хийгдэх нийтийг хамарсан статистикийн судалгааны ажилд мэргэшлийн ажилтан, мэргэжилтнийг тэдгээрийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон оролцуулах;
  • Засгийн хорооны гишүүн, төрийн бусад албан хорооны дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан шийдвэр нь статистикийн хууль тогтоомжтой нийцээгүй бол энэ тухай тэдгээрийн харьяа дээд шатны байгууллагад мэдэгдэж хүчингүй болгуулах арга хэмжээ авах;
  • статистикийн үйл ажиллагаа явуулахад нь аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга сумын холбогдох ажилтан, баг, хорооны Засаг дарга нарт удирдамж, чиглэл өгөх, хяналт тавих;
  • статистикийн талаар гадаад улс, олон улсын статистикийн болон төрөлжсөн бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, тэдгээртэй Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах,тэдгээрт тус улсын эдийн засаг, нийгмийн холбогдолтой статистикийн мэдээллийг гаргаж өгөх.
  • статистикийн мэдээллийн хэрэглэгч нь албан ёсны статистикийн мэдээллийн дүнг өөрчлөн, олон нийтэд буруу ташаа мэдээлэх тохиолдолд албан ёсны тайлбар хийж , залруулах;
  • албан ёсны статистикийн үзүүлэлтийн зэрэгцүүлэх суурь үнийг батлах;
  • улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллийг холбогдох яамдтай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;
  • улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн арга зүйг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож мөрдүүлэх;
  • улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчидмэдээлэх.
  • Үндэсний статистикийн хороо нь дэргэдээ Статистик хөгжлийн сантай байж болно.