Jump to content

Ангкор Ват

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ангкор Ват (2001 он)

Ангкор Ват (кxмерээр: Âнгкôр Вôтт អង្គរវត្ត; âнгкôр нь „хот“ гэсэн утгатай, вôтт „сүм хийдийн байгууламж“) нь өнөөгийн Камбожийн Вант Улсад оршдог IX зуунд барьж эхэлсэн бөгөөд тухайн үеийн Кхмерийн Эзэнт гүрний төв юм. Ангкор гэж санскрит хэлээр “нагара” буюу “хот” гэсэн үгнээс гаралтай гэж тайлбарладаг.

Энэ бол дэлхийд хосгүй цорын ганц хамгийн том сүм хийдийн цогцолбор юм. Ангкорын 100 орчим сүм хийд нь 9-14 дүгээр зууны хооронд барьж байгуулсан Кхмерчүүдийн соёл иргэншилийн төв байжээ. Энэхүү Ангкор Ват- хот цогцолбор нь Вишна бурханд зориулж 1113-1150 онд барьсан Ангкор-Ват (орч:-Ангкор сүм) дараа нь 1177-1219 онд барьсан Ангкор-Тхом (орч:-Их нийслэл) хотуудаас бүрддэг. Эдгээр сүм хийдийг тухайн үед маш их хүч хөдөлмөр оюун ухаанаар “Газар дээр тэнгэрийн диваажин” байгуулах зорилгоор барьжээ.

802 онд Ангкорын угсаа залгамжлагчдыг (династи) үндэслэгч Кхмерийн хаан хоёрдугаар Жаяаварман энэ хотын суурийг тавьж барьж эхлүүлсэн бөгөөд дараа дараагийн хаад 400 жилийн турш энэ хотыг үргэлжлүүлэн барьсаар өргөжин тэлсэн ажээ.

Өнөөдөр Ангкор Ват нь олон зуун жилийн дараа хот гэхээсээ илүү “сүм-хот” гэж харагддаг.

Кхмерийн эзэнт гүрний үед орон сууц, захиргааны барилгуудыг модоор барьж байсан тул бороо, чийгэнд иддэгдэж өнөөг хүрч чадаагүй байна. Сүм хийдийг голдуу байгалийн эрдэс баялагтай элсэн шороогоор /химийн урвалд орж бэхждэг/ хотын хэрэм болох ханыг галт уулын шороотой холилдоод бэхжсэн материалыг цохиж тодорхой хэлбэрт оруулж барьсан ажээ. Тийм ч учраас орон сууцнуудгүй зөвхөн сүм хийдийн барилгуудын хэсэг өнөөг хүртэл хадаглагдан үлдэж чаджээ. Ангкор хот баруунаас зүүн үзүүр хүртэл 24 км, умардаас өмнөд зүг хүртэл 8 км том талбайг эзэлдэг хот цогцолбор юм. Энэ хотод 1 сая орчим хүн амьдарч байсан гэж судлаачид үздэг, гэтэл тэр үеийн европ тивд 1 сая хүн амтай хотын сурагч үгүй байсан гээд харьцуулан бодохоор үнэхээр том соёл иргэншил байсан нь тодорхой юм. Энэ хот сүмийн цогцолборыг 15 дугаар зуунд буюу 1431 онд Сиамын цэргүүд эзлэж үнэт эдлэлийг тоносон бөгөөд хотын оршин суугчид бүгд дайжиж сүм хийдүүд үйл ажиллагаагаа зогсоосон гэж түүхчид тайлбарладаг. Үүнээс хойш энэ хот цогцолбор эзгүй нууц байсаар сүүлд 1860 онд европчууд дахин олж нээсэн байна.

Мөн хотыг тойрсон гүнзгий далан, сувагууд, олон жилийн турш ургасан битүү ширэнгэн ой зэрэг нь энгийн тариачид санаандгүй ирж сүйтгэхээс хамгаалж нууцлагдмал байсаар хадаглагдаж чадсан гэж судлаачид үздэг байна. 2007 онд олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг сансрын гэрэл зураг болон бусад технологийг ашиглаж ажилсаны үндсэн дээр хүн төрлөхтний аж үйлдвэржилтээс өмнөх үеийн хамгийн том хот байсан гэдэг дүгнэлтэнд хүрээд байна. Мөн хот тойроод усалгааны системтэй цагаан будааны тариалангийн талбайтай байсны ачаар жилд 3 удаа ургац авч иргэдээ тэжээдэг байсан гэж эрдэмтэд тогтоожээ.

1970-аад ондуудад Камбожийн дарангуйлагч Пол Потын “Улаан Кхмерүүд” нилээд олон сум хийдийг нурааж сүйтгэсэн гэдэг.

1863 оноос өнөөг хүртэл Ангкор Ват нь Камбожийн Хаант Улсын Төрийн далбаа, сүлд дээр дүрслэгдсэн байдаг.

Ангкор Ват цогцолбор 1992 оны 12 сард ЮНЕСКО-гийн биет соёлын өвийн бүртгэлийн жагсаалтад оржээ.

 Commons: Angkor Wat – Викимедиа зураг, бичлэг, дууны сан