Большой театр
Оросын "Их театр" буюу оросоор Большой театр -Оросын хамгийн том театруудын нэг бөгөөд дэлхийн Дуурь, балетийн урлагийн төвүүдийн нэг юм. ОХУ-ын нийслэл Москва хотын төвд Театрын талбай дээр байралдаг.
Их театрыг 1776 оны 3-р сарын 17 (28)-аас эхлэн мужийн прокурор, хунтайж Петр Васильевич Урусов II Екатерина хатан хаанаас "бүх төрлийн театрын үзүүлбэр үзүүлэхийн тулд" зөвшөөрөл авч барилгын ажлыг Петровка гудамжинд (Неглинка голын баруун эрэгт) эхлүүлсэн тул анх Петровскийн театр гэж нэрлэгддэг байжээ. Пётр Урусовын барьж эхлүүсэн театр нээлтээ хийхээс өмнө шатсан тул өөрийн хамтрагч Английн бизнесмен Майкл (Михайл) Жорж Мэддокс-т театр барих ажлаа шилжүүлжээ. Улмаар 1776-1789 онд Петровскийн Их театрыг архитектор Кристиан Розбергийн зохион бүтээсэн зургаар Мэддоксын удирдлаган дор барьж дуусгасан байна.
Их театрын албан ёсны нээлт 1780 оны 12-р сарын 30-нд болсон байна. Театр нь партер, гурван давхар урт лож зэрэг нийт 1000 орчим үзэгчийн суудалтай байв. Мэддоксын барьсан Петровскийн театр 25 жилийн дараа 1805 оны 10-р сарын 8-нд шатжээ. Гурван жилийн турш театрын уран бүтээлчид Москвагийн язгууртнуудын гэрийн театрт тоглолт хийдэг байжээ. Арбатын талбайд К.И.Росси шинэ модон барилгыг барьжээ. Дөрвөн жилийн турш оршин тогтнож байсан театрын барилга 1812 оны 9-р сард Францын цэргүүдэд эзлэгдсэн үеэр гарсан Москвагийн гал түймрээр бүрэн шатжээ.
1816 онд Москвагийн Барилгын Комисс шинэ Их театрын барилга барих уралдаан зарласан байна. Уралдаанд Л.Дубуис, Д.Гиларди, Ф.Кампореси, П.Гонзаго, А.Н.Бакарев болон бусад архитекторууд оролцсон ч нэг ч төсөл хүлээж аваагүй. Эзэн хааны Урлагийн академийн профессор А.А.Михайловын төсөл уралдааны ялагчаар тодорчээ. Гэсэн хэдий ч Михайловын төслийг хэтэрхий үнэтэй гэж үзсэнээс гадна түүний зохион бүтээсэн театрын барилга нь хэмжээсээрээ хэт том байсан нь эргэн тойрны барилгуудтай тохирохгүй байв. Төслийн засварыг итали гаралтай оросын архитектор Иосип Бове-д даатгасан байна.
Одоогийн байдлаар "Большой театр"-ын урын санд дуурь, балетын олон сонгодог бүтээл хадгалагдаж байгаа боловч театр шинэ туршилт хийхийг мөн эрмэлзэж байгаа ажээ.
2005-2011 оны их засвар
[засварлах | кодоор засварлах]2005 оны 6-р сарын 30-нд Мусоргскийн "Борис Годунов" -ыг хаалтын өмнө гол тайзнаа тоглосон сүүлчийн тоглолт байв. 2005 оны 7-р сарын 1-нд Большой театрын түүхэн тайзыг сэргээн засварлахаар хаасан байна. 2008 онд дуусгахаар төлөвлөж байсан боловч "Их засварын ажил" хойшлогдсон байна. Театр 2011 оны 10-р сарын 28-нд Дмитрий Черняковын найруулсан дуурь, балетын жүжигчдийн оролцсон гала концертоор нээлтээ хийсэн байна. Засварын дараа үзэгчдийн суудал 2155-аас 1740 болж цөөрсөн ажээ.