Газрын тос боловсруулах үйлдвэр
Газрын тос боловсруулах үйлдвэр (Англи: Oil refinery, Орос: нефтеперерабатывающий завод) - Үйлдвэрийн аргаар газрын тосыг боловсруулж бензин, онгоцны түлш, дизель түлш, мазут, тослох материал, битум, нефть-химийн түүхий эд зэргийг гаргах үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг аж үйлдвэрийн байгууллага юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо газрын тосны түүхий эд болон задгай шингэн бүтээгдэхүүнийг хадгалах газрын тосны агуулах байдаг. 2020 онд дэлхийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал өдөрт 101.2 сая баррель байв.
Нефть боловсруулах үйлдвэр ихэвчлэн 1. түүхий эд бэлтгэх, 2. газрын тосыг анхан шатны нэрэх, 3. газрын тосны хоёрдогч боловсруулалт зэрэг 3 үеэс бүрддэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хятадууд газрын тос боловсруулдаг анхны соёл иргэншлийн нэг байсан. 1-р зуунд Хятадууд түүхий нефтийг боловсруулж эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байсан түүхтэй. 512-518 оны хооронд Хойд Вэй гүрний сүүлчээр Хятадын газар зүйч, зохиолч, улс төрч Ли Даоюань (Li Daoyuan) "Усны сонгодог тайлбар" (The Commentary on the Water Classic , хятад: 水经注) хэмээх алдарт бүтээлдээ газрын тосыг янз бүрийн тосолгооны материал болгон боловсруулах үйл явцыг танилцуулж байжээ.
19-р зуунаас өмнө газрын тос нь Вавилон, Египет, Хятад, Филиппин, Ром, Азербайжанд янз бүрийн загвараар мэдэгдэж, ашиглагдаж байсан байна. Гэсэн хэдий ч газрын тосны салбарын орчин үеийн түүх 1846 онд Канадын иргэн Абрахам Гесснер (Abraham Gessner) нүүрснээс керосин гаргаж үйлдвэрлэх аргыг зохион бүтээснээр эхэлсэн гэж үздэг. Үүний дараахан 1854 онд Игнаси Лукасевич Польшийн Кросно хотын ойролцоох газрын тосны цооногоос түүхий эд гаргаж, гар аргаар керосины үйлдвэрлэл эхлүүлж байжээ.
АНУ-д 1859 онд Эдвин Дрейк Пеннсилвани мужийн Титусвилл хотын ойролцоо газрын тос олсноор газрын тосны үйлдвэрлэл эхэлсэн байна. Энэ салбар 1800-аад онд голчлон тосон чийдэнгийн керосин үйлдвэрлэдэг байв. 20-р зууны эхээр дотоод шаталтат хөдөлгүүрийг зохион бүтээснээр автомашинд бензин ашиглаж эхэлсэн нь газрын тосны салбарын хурдацтай өсөлтөд түлхэц болсон бензиний зах зээлийг бий болгожээ. Онтарио, Пеннсилвани дахь газрын тосны анхны ордууд олдож, удалгүй Оклахома, Техас, Калифорнид томоохон хэмжээний газрын тосны салбарт "тэсрэлт" болжээ.
Монгол дахь газрын тосны үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Монгол Улс 1930-1991 он хүртэл бензин, түлшнийхээ хэрэгцээг 100% ЗХУ-аас авдаг байсан бөгөөд 2022 оны байдлаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас авч байна. Энэ бензин, түлшний хараат байдлаас гарах арга нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих юм гэж эдийн засагч, судлаачид үздэг. Монгол Улс 2016-2021 оны жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь Монгол улсын нийт импортын 25-30 хувийг эзэлж байна.
Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар болсон. Ингэхдээ Засгийн газар, Энэтхэг улсын "Экспорт-Импорт банк" хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон юм.
2017 оны 3-р сард Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах болжээ. Урьдчилсан тооцоогоор үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж үзжээ.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болсон. Тус үйлдвэр нь Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай болох юм. Үйлдвэр "КОВИД-19" цар тахлын улмаас 2025 онд ашиглалтад орохоор болсон тухай Засгийн газраас мэдээлсэн байна.