Жон Рокфеллер
Жон Дэвисон Рокфеллер (англи. John Davison Rockefeller; 1839 оны 7-р сарын 8-нд Нью-Йорк мужийн Ричфордод төрж, 1937 оны 5-р сарын 23-нд Флорида мужийн Ормонд-Бичэд нас барсан) — Америкийн ажил хэрэгч хүн, ивээн тэтгэгч буяны үйлстэн, хүн төрөлхтний түүхэн дэханхны албан ёсны америк долларын тэрбумтан.
Тэрбээр 1870 онд "Standard Oil" компани үүсгэн байгуулаад 1897 онд албан ёсоор тэтгэвэрт гартлаа удирдсан байна.
Ж.Рокфеллер "Standard Oil" компаниа Охайо мужид дүү Уильям Рокфеллер, Хенри Флаглер, Жейбез Боствик, химич Сэмюэл Эндрюс болон саналын эрхгүй түнш Стефан Харкенс нарын хамт үүсгэн байгуулсан байна. Керосин, бензиний эрэлт хэрэгцээ өсөхийн хэрээр Рокфеллерийн хөрөнгө ч нэмэгдэж, нас барах үедээ 1.4 тэрбум ам. доллар (1937 оны нэрлэсэн) буюу АНУ-ын ДНБ-ий 1.54%-тай тэнцэж, тухайн үеийн дэлхийн хамгийн баян хүн болсон юм. The New York Times инфляцийг тооцож гаргасан түүний хөрөнгө 2021 оны 423 тэрбум доллартай тэнцэх хөрөнгөтэй байжээ гэж тооцоолсон байна.
Рокфеллер АНУ-ын буяны үйлстэн, "Рокфеллер сан"-г үүсгэн байгуулагч, боловсрол, анагаах ухааны судалгаа, ялангуяа "шар тахал"-ын эсрэг тэмцэлд их хэмжээний хандив өргөсөн хүн юм. Мөн тэрээр Чикагогийн Их сургууль, Рокфеллерийн Их сургуулийг байгуулсан ажээ. Тэрбээр шашин шүтлэгтэй байсан бөгөөд амьдралынхаа туршид сүмийн байгууллагуудыг дэмжихийн тулд орлогынхоо тодорхой хэсгийг хандивлаж байсан юм. Түүнийг ажилсаг, зорилготой, үнэнч Христэд итгэгч гэдгээрээ алдартай байсан тул хамтрагчид найз нөхөд нь түүнийг "Ламтан" гэж нэрлэдэг байв. Тэрбээр үргэлж эрүүл амьдралын хэв маягийг баримтлаж архи, тамхинаас бүрэн татгалздаг байсан.
Тэрбээр 4 охинтой бөгөөд Рокфеллер сангийн удирдлагыг өвлөн авсан ганц хүү нь бага Жон Рокфеллер (1874—1960) байжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр англи-герман гаралтай мөнгө хүүлэгч, газар эзэмшигч Уильям Авери Рокфеллер (1810-1906) болон шотланд-ирланд Луиза Дэвисон (1813-1889) нарын гэр бүлийн зургаан хүүхдийн хоёр дахь хүүхэд болж төржээ.
Рокфеллерт бага наснаас нь эцэг нь өөрийн эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийн талаар ярьж, бизнес эрхлэх зарчмуудыг тайлбарлаж байжээ. Үүний тухай тэрээр:- "Тэр надтай байнга наймаалцаж, надаас янз бүрийн үйлчилгээ худалдаж авдаг байсан. Тэр надад яаж худалдах, худалдаж авах үндсийг зааж өгсөн. Аав маань намайг зүгээр л баяжих аргад “сургаж” байсан” гэж дурссан байдаг.
Жон долоон настай байхдаа цацагт хяруул тэжээж борлуулдаг, хөршүүддээ төмс ухаж нэмэлт мөнгө олдог байжээ. Тэруээр арилжаа наймааныхаа үр дүнг бяцхан тэмдэглэлийн номдоо бичдэг байжээ.
Анхны цалингаараа Рокфеллер нягтлан бодох бүртгэлийн дэвтэр худалдаж авсан бөгөөд бүх орлого, зарлагаа бүртгэж, хамгийн жижиг нарийн ширийн зүйлийг ч анхаарч тэмдэглэдэг байжээ Тэрбээр энэхүү тэмдэглэлийн дэвтэртээ онцгой хүндэтгэлтэй хандаж, насан туршдаа хадгалж үлдээсэн байдаг.
Тэрбээр 13 настайдаа Ричфорд дахь сургуульд сурч амжилттай төгсөөд Кливленд коллежид нягтлан бодох бүртгэл, худалдааны үндсийг зааж байжээ. 1853 онд Рокфеллерийн гэр бүл Кливленд руу нүүж тэр гэр бүлийн том хүүхдүүдийн нэг байсан тул 16 настайдаа удаан хайсны эцэст Hewitt & Tuttle хэмээх үл хөдлөх хөрөнгө, тээвэрлэлтийн жижиг компанид туслах нягтлан бодогчоор ажилд ороод удалгүй нягтлан бодогч болж дэшвсэн байна.
Удалгүй тэрээр Жон Моррис Кларк гэх англи хүнтэй хамтарч "Кларк ба Рокфеллер" компани байгуулж буудай, тэжээл, мах зэргийн арилжааны үйл ажиллагаа эрхэлж, тэр үед дөнгөж эхлээд байсан АНУ-ын Иргэний дайны үед арын албаны хүнсээр хангах зорилготой банкнаас их хэмжээний хөрөнгө зээлж байжээ.
1850-иад оны сүүлч, 1860-аад оны эхээр керосин чийдэн өргөн тархаж, газрын тосны түүхий эдийн эрэлт хэрэгцээ үлэмж нэмэгдэв. Энэ үед Рокфеллер газрын тос боловсруулах чиглэлээр ажиллаж байсан химич Самуэль Эндрюстэй уулзаж, керосиныг гэрэлтүүлгийн гол хэрэгсэл гэдэгт итгэлтэй болжээ. Рокфеллер 1859 онд Эдвин Дрейкийн нээсэн газрын тосны ордын тухай мэдээг сонирхож байв. Ингээд Эндрюс, Рокфеллер хоёрын ашиг сонирхол нэгдэж Кларкийн компанитай эн тэнцүү байх үндсэн дээр Эндрюс, Кларк хэмээх газрын тос боловсруулах шинэ компани байгуулжээ. Түншүүд Кливленд хотод "Flats" хэмээх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулжээ. Тэд төмөр замаар газрын тос болон бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг болжээ.
Тэрбээр "Стандарт Ойл" компанийг 1870 онд байгуулж газрын тос хайж эхлэв; Тэрээр үйл ажиллагааныхаа эхэн үед газрын тосны бизнес бүхэлдээ эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байгааг анзаарч, бүх зүйлийг эмх цэгцтэй болгоход анхаарлаа төвлөрүүлжээ. Эхний алхам нь компанийн дүрмийг бий болгох явдал байв. Ажилчдыг урамшуулахын тулд Рокфеллер эхлээд цалингаас татгалзаж, хувьцаагаар цалинжуулахаар шийдсэн бөгөөд үүний ачаар тэд илүү идэвхтэй ажиллах болно, учир нь тэд өөрсдийгөө компанийн нэг хэсэг гэж үзэх болно, учир нь тэдний эцсийн орлого нь компанийн амжилтаас хамаарна гэж үзэж байв.
Энэ бизнес нь орлого олж эхэлсэн бөгөөд Рокфеллер аажмаар бусад газрын тосны жижиг компаниудыг худалдан авч эхлэв. 1880 он гэхэд олон тооны жижиг, дунд хэмжээний нэгдлийн ачаар Америкийн нефтийн үйлдвэрлэлийн 95% нь Рокфеллерийн гарт орсон байв. Монополь болсныхоо дараа Стандарт Ойл үнээ өсгөж, тухайн үедээ дэлхийн хамгийн том компани болсон. 1890 онд Шерманы монополийн эсрэг хууль батлагдаж, дараа нь Стандарт Ойл компанид задлах шаардлагыг тавьжээ. Улмаар 1911 онд Рокфеллер бизнесээ 34 жижиг компани болгон хуваасан бөгөөд бүгд хувьцааны хяналтын багцаа авч үлдэж, нэгэн зэрэг хөрөнгөө нэмэгдүүлж байжээ.
Standard Oil компани түүнд жил бүр 3 сая долларын ашиг авчирдаг байсан бөгөөд тэрээр 16 төмөр зам, 6 гангийн компани, 9 үл хөдлөх хөрөнгийн компани, 6 тээврийн компани, 9 банк, 3 жүржийн төгөл эзэмшдэг болсон байна.
Рокфеллер 100 наслахыг хүссэн боловч 3 жил дутуу байхад 1937 оны 5-р сарын 23-нд 97 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ.