Лю Шаоцы
Лю Шаоцы (хятад. уламж. 劉少奇, хялбар. 刘少奇, англи.Liu Shaoqi, 1898 оны 11-р сарын 24-нд төрсөн- 1969 оны 11-р сарын 12-нд нас барсан)- Хятадын хувьсгалч, төрийн болон улс төрийн зүтгэлтэн. Хятадын Коммунист намын удирдагчдын нэг. БНХАУ-ын дарга (1959—1968).
Тэрээр Мао Зэдуны албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн өв залгамжлагч байсан (үүний тэмдэг болгон хоёр удирдагчийн хөрөг төв сонинд хэвлэгдэж) байсан ч БНХАУ-ын Соёлын хувьсгалын үеэр түүнийг Бүгд найрамдах улсын гол дайсан хэмээн зарлаж хэлмэгдүүлэлж байсан юм. Дараа нь нас барсны дараа түүнийг нэр төрийг нөхөн сэргээж, одоо түүний нэр Хятадын коммунист удирдагчдын дунд дурдагддаг байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Лю Шаоцы нь Хунань мужийн Ниншян хошууны Хуаминлоу (Хуаминлоу) тосгонд өнөр өтгөн айлын отгон хүү болон төрсөн байна. Эцэг нь сургуулийн багш мэргэжилтэй (тэр гурван эгч, хоёр ахтай) байжээ. Төрөхөд нь өгсөн Шаоци нэр нь "ховор, ер бусын хувь тавилантай хүн" гэсэн утгатай ажээ.
Лю анхан шатны боловсролоо төрөлх хошуундаа авсныхаа дараа Чанша хотын жирийн сургуульд элсэн орж, 1917 онд Баодин хотын залуусыг гадаадад үргэлжлүүлэн суралцах итгэл найдвараар Францад суралцахаар бэлтгэдэг дамжаанд элсэн оржээ. Гэсэн хэдий ч хувьсгалт тэмцэлд нэгдэж, "5-р сарын 4-ний хөдөлгөөн"-д идэвхтэй оролцсон залуу Лю Шаоцы үзэл бодлоо өөрчилж, Парист биш Москва руу явахыг мөрөөдөж эхлэв. 1920 онд Шанхайд шилжин ирснийхээ дараа Лю Хятадын социалист залуучуудын холбоонд (Хятад дахь коммунист хөдөлгөөний жигүүр) элсэж, Маркс, Энгельсийн бүтээлтэй анх танилцаж, орос хэл сурч эхэлжээ. Лю 1921 оныг бүхэлд нь Москвад өнгөрөөсөн бөгөөд түүнийг Гадаад хэлний сургуулийг төгсөгчдийн хамгийн авьяаслаг найман төгсөгчдийн нэг болсон байна. Тэрээр Социалист залуучуудын холбооны хэсэг гишүүдийн хамт Москва хотноо И.Сталины нэрэмжит Дорно дахины ажилчдын коммунист их сургуульд (КУТВ) суралцсан байна.
Москвад Хятадын Коммунист намд элссэний дараа Лю эх орондоо буцаж ирээд хотын ажилчдын байгууллагуудтай хамтран ажиллахаар Шанхай хот руу илгээгджээ. Тэндээс түүнийг Ли Лисаны туслахаар Анюань нүүрсний сав газарт шилжүүлж, намын ажилтны хувьд асар их амжилтанд хүрсэн: тэр Ли Лисантай хамт уурхайчдын томоохон ажил хаялтыг зохион байгуулж, 20 мянга орчим ажилчин оролцсон.
Дараа жил нь Люг Гоминдан болон ХКН-ын эвсэлд улс төрийн ажил хийхээр Гуандун руу шилжүүлэв.
1925 онд Шаоцы Бүх Хятадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дэд даргаар сонгогдов. Мөн онд тэрээр Шанхайд Британийн эсрэг хөдөлгөөн зохион байгуулж, дараа нь Ухань руу нүүж ирээд 1925-1926 оны Хонконг-Гуанжоугийн 16 сарын ажил хаялтыг зохион байгуулахад оролцов.
1927 онд Гоминдан намынхан коммунистуудыг эсэргүүцэж эхлэхэд Лю нууцаар ажилчдын хөдөлгөөнийг удирдаж эхэлсэн. Тэрээр Хубэй мужийн ажилчдын эвлэлийн нарийн бичгийн дарга болж, Ханкоу хотод жагсаал цуглаан зохион байгуулжээ. Мөн оны дөрөвдүгээр сард болсон Хятадын Коммунист намын тавдугаар их хурлаар Лю ХКН-ын Төв хорооны гишүүнээр сонгогджээ. Тавдугаар сард тэрээр Бүх Хятадын ажилчдын байгууллагын даргаар сонгогдсон.
1927 оны 4-7-р сарын хооронд Гоминдан ба ХКН-уудын хэврэг эвсэл задран унаж, Лю бусад намын гишүүдийн адил далд ажилд ороход хүргэв. 1928 онд Лю Ажилчны намын товчооны нарийн бичгийн даргаар, 1929 онд Манжуур дахь ХКН-ын намын үүрийн нарийн бичгийн даргаар томилогдов. 1930 онд тэрээр Улаан Профинтерний тавдугаар их хуралд оролцохоор дахин Москвад очиж, ЗХУ-д Гүйцэтгэх товчооны гишүүнээр хэсэг хугацаанд үлдэж ажиллажээ. ЗСБНХУ-аас буцаж ирснийхээ дараа Шаоци Манжуурт ажиллаж, дараа нь Мао Зэдун, Жу Дэ нарын Зянши дахь байгуулсан Зөвлөлт Бүгд Найрамдах Улсын төв байранд илгээгдэж, ажлын хэсгүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдаж эхлэв. Лю Зянши хотод ажиллаж байхдаа Бүх Хятадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын даргаар сонгогджээ.
БНХАУ
[засварлах | кодоор засварлах]1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Лю ХКН-ын Төв Хорооны хоёрдугаар орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга болжээ. 1950-иад оны турш Люгийн хийсэн мэдэгдэл нь нам, засгийн газрын бодлогыг тусгасан байв. Тэрээр Мао Зэдун тэргүүтэй хамтын удирдлага шаардлагатайг онцлоод, Маогийн үзэл санаа нь намд төдийгүй Зүүн өмнөд Азийн бүхэл бүтэн хувьсгалт хөдөлгөөнд чухал ач холбогдолтой гэж үзэж байжээ. 1952 оны 10-р сард Лю ЗХУ-ын 19-р их хуралд оролцохоор Москвад очжээ. 1957 онд Маог ЗСБНХУ-д айлчлах үеэр Лю түүнийг орлож байжээ.
1959 оны 4-р сард Лю Маогийн оронд БНХАУ-ын даргаар томилогдсон. Гэсэн хэдий ч Мао намын даргын албыг хашиж байсан. Лю "Их Үсрэлтийн бодлог"-ыг (1958-1960) дэмжиж байгаагаа олон нийтэд мэдэгдэж байжээ. Дараа нь Лю удирдагч Маогийн бодлогод эргэлзэж эхэлсэн, ялангуяа 1960-1962 оны эдийн засгийн уналтын дараа. Лю мөн түүнийг дагасан эдийн засаг, нийгмийн бодлогыг дэмжсэн. Удалгүй Мао, Лю хоёрын хооронд улс төрийн зөрчил үүсч эхлэв.
Люгийн карьерын уналт нь 1965 онд "Соёлын хувьсгал" эхэлсэнтэй холбоотой юм. Ухань хотын намын төлөөлөгчид, жүжгийн зохиолчид, сэтгүүлчид рүү хийсэн анхны халдлагуудад Лю оролцоогүй бололтой. 1966 оны 4-р сард Лю Пакистан, Афганистан, Бирмд төрийн айлчлал хийсэн.
1966 оны 8-р сард болсон ХКН-ын Төв Хорооны бүгд хурал дээр Люг хатуу шүүмжилсэн боловч энэ тухай олон нийтэд мэдээлээгүй. 8-р сарын 18-нд болсон энэ удаагийн чуулганы үеэр Лю индэрийн наймдугаарт гарч ирсэн ч өмнө нь тэр үргэлж хоёрдугаарт орж байсан юм.
1968 оны 10-р сард ХКН-ын төв хороо Лю-г "хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулсан" хэмээн буруутай гэж зарлав. Намаас хөөгдөж, нам, төрийн бүх албан тушаалаас чөлөөлөгдсөн. Шүүхийн шийдвэр нь Төв Хорооны "түүнтэй болон түүний гар хөл бологчидтой үргэлжлүүлэн тооцоо хийх" санааг тусгасан байв.
Албан ёсны мэдээгээр Лю Шаоцы 1969 оны 11-р сарын 12-нд шоронд нас барсан байна. Сүүлд 1980 онд Лю албан ёсоор цагаатсан ажээ.