Махабхарата
Махабхарата (Деванагари: महाभारत) бол Энэтхэгийн төдийгүй дэлхийн уран зохиолын гайхамшигт бүтээл юм. Жинхэнэ үйл явдлыг нь судлаачид МЭӨ 1500-аад оны үед болсон гэж үздэг. Харин энэ үйл явдлыг МЭӨ 6-МЭӨ 2-р зууны үед тэмдэглэсэн бололтой. Энэ цагаас хойш өргөжиж, одоо бидний мэдэж байгаа хувилбар болжээ. Анх 8800-аад шад шүлэгтэй зохиол байсан бол одоо буман шүлэгтэй, Махабхаратын гурван хувилбар байна. Эхний хувилбар нь 8800, дэд нь 2400, гутгаар нь 10000 шад шүлгээс бүтдэг. Монгол хэлнээ үргэлжилсэн үгээр найруулсан товч хувилбарыг нь орчуулсан юм.
Уул их туульсын дотор үүнийг мэргэн арш Въяс зохиосон гэж гардаг. Въясын тухай домогт: "Нэг загасчин загас бариад гэдсийг нь хагалж үзвэл хүү, охин хоёр гарчээ. Тэр загас бол бярманы хараал хүрсэн хааны гүнж байсан аж. Загасчин хоёр хүүхдийг Васу тэнгэрт аваачиж өгтөл охиныг нь загасчны нэртэй гээд авсангүй. Харин хүүг нь авч гэнэ. Загасчин охиныг өсгөсөнд Садьявади гэдэг үзэсгэлэнт бүсгүй болжээ. Энэ бүсгүйтэй Браашир арш ханилж нэг хүү төрсөн Въяс гэнэ. Въяс Махабхаратыг Жанамээжээя гэдэг хааны тахилга дээр өөрийн шавь Вайшанбааянаг ярьж өгөхийг тушаажээ. Вайшанбааяны ярьсан хувилбарыг Наймишийн ойд хөтөч Сүүда олон аршид өгүүлснээр Махабхарата түгэн дэлгэрсэн гэж үздэг. Махабхарата тууль нь Библи-ээс 4дахин,Илиада болон Одиссэйг нийлүүлснээс 7 дахин том ба Дэлхийн хамгийн урт тууль юм
Махабхарата нь нийт арван есөн ботьтой:
- Анхны ном. Энд ертөнцийн үүсэл, гол баатруудын гарлын талаар өгүүлжээ.
- Чуулган. Зохиолын гол баатрууд болох Панду, Каур удмынхан хоорондоо дайсагнах болсон шалтгааныг өгүүлээд, Пандугийнхан хоёр удаа ойд даяанчлан суусан тухай гарна.
- Ойд. Арш нарын ярьсан домог, түүх ордог.
- Вираад. Арван хоёр жил цөллөгөнд суусан Пандугийнхны хугацаа дууссан тухай гардаг. Мөн Драубадийд тохиолдсон явдлыг өгүүлнэ.
- Хичээсэн нь. Бүх болзлыг Пандугийнхан биелүүлсэн ч Каурынхан нутаг орныг нь өгөхийг хүсээгүй тул дайн хийх болно.
- Бхишма. Күрүгийн талд болсон ширүүн тулалдааны эхний есөн өдрийг Бхишма жанжин удирдсан тул Панду талынхан хэцүүдэж арга заль хэрэглэнэ.
- Дроона. Бхишмагийн үхлийн дараагаар Каурын цэргийг Дроона жанжин толгойлох болсон тухай өгүүлдэг.
- Карна. Дроонаг алагдсаны дараа Каурын цэргийг Карна толгойлох болсон тухай өгүүлнэ.
- Шаалья. Карнагийн дараа Шаалья цэргийг жолоодож буй байдал гарна.
- Шөнийн довтолгоон. Панду аймгийнхныг унтаагаар нь устгаж, зөвхөн ах дүү тав л амь гарна.
- Авгайчууд. Эмэгтэйчүүд алагдсан баатруудын хойноос ёслол хийнэ. Гандхара хатан уг дайныг зогсоосонгүй гэж Кришнаг буруутган хараадаг.
- Энх амгалан. Юдхиштра хаан болж энх тайван цаг үеийн тухай гардаг.
- Зарлиг. Төрийг жолоодох тухай сургаал.
- Морин тахилга. Юдхиштра хаан өмнөх гэмээ цайруулж морин тахилга үйлддэг.
- Хатамжлагчид. Дхритараштра хаан хатдаа дагуулан ойд хатамжлал хийхээр явдаг.
- Шийдэм. Гандхара хатны хараал биелж, Кришна овгийнхон найрлаж байгаад муудалцан биесээ хөнөөсөн тухай.
- Их аян. Юдхиштра хаан ширээгээ Аржуны ач Парикшидэд өгөөд дүү нарынхаа хамт ойд даяанчлахаар явна. Хималайн уулыг давах үед Юдхиштрагаас бусад нь үрэгдэнэ.
- Тэнгэрт хальсан нь. Юдхиштраг Индра тэнгэр залсан боловч дүү нарынхаа хойноос тамд очно. Тэгээд цөм тэнгэрт гарч жаргана.
- Хариванш. Энэ бол хожим нэмсэн гэж үздэг боть юм. Парикшид хаан могойд хорлогдож үхээд түүний хүү Жанамээжээя хаан болно.
Махабхаратад эртний домгоос эхлээд гүн ухаан, ёс суртахуун, төр засах гээд олон номыг багтаасан учир эртний Энэтхэгийн амьдралын нэвтэрхий толийн шинжтэй бөгөөд тав дахь вээд гэж нэрлэх ч явдал гарч байжээ.
Уг туулиар хамгийн гол нь Энэтхэгийн олон жижиг аймаг улсын хоорондын тасралтгүй дайн, ах дүү нарын дотор хаан ширээ булаалдах тэмцлийг жигшин үзүүлсэн явдал нь нэлээд сургамжтай, үзэл санааны хувьд гүн гүнзгий болсон юм.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.