Михаил Мишустин
Михаил Мишустин (орос. Михаил Владимирович Мишустин, 1966 оны 3 сарын 3-нд Москва мужийн Лобня[1] хотод төрсөн) нь Оросын төрийн албаны ажилтан бөгөөд нам бус[2] улс төрч, эдиын засагч юм. Тэрбээр 2010 оноос 2020 оныг хүртэл Оросын Холбооны Улсын Татварын Албыг даргалж байв.[3]
Мишустин бас 2011-аас 2018 оны хооронд ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүүгийн Зах Зээлийн Хөгжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
Өмнө нь төдийлөн олны танил байгаагүй татварын албаны түшмэл Михаил Мишустинийг 2020 оны 1-р сарын 16-нд Владимир Путин ерөнхий сайдаар томилж, өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийг залгамжлуулж байсан.
Ерөнхийлөгчийн сонгуулын дараа В.Путин тангаргаа өргөөд 2024 оны 5-р сарын 10-нд түүнийг дахин Засгийн газрын тэргүүнээр томилсон байна. Үүнээс харвал Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж, Өрнөдийн эдийн засгийн хоригт ороод буй энэ эгзэгтэй цаг үед Кремлийн эрх баригчид засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх сонирхолтой байгаа бололтой гэж судлаачид үзэж байна.
2022 оны 3-р сараас хойш Орос Украин руу довтолсоны улмаас Украин Европын холбоо, Канад, Их Британи, Шинэ Зеландын нэр заасан хоригт, мөн оны 4-р сарын 6-наас АНУ, 5-р сард Япон болон бусад олон улсын нэр заасан хориг арга хэмжээнд орсон байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Михаилын эцэг Владимир Моисеевич Мишустин Москва хотын "Шереметьево" нисэх онгоцны буудлын хамгаалалтын албанд мөн комсомолын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Эх Луиза Михайловна нисэх онгоцны буудлын эмнэлгийн үйлчилгээнд ажиллаж байсан бөгөөд нислэгт оруулах зөвшөөрөл өгдөг үүрэгтэй байв. Михаил Лобнягийн 7-р дунд сургуулийг бараг "онц" дүнтэй төгссөн бөгөөд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засаг-математикийн сургуульд суралцжээ.
1983 онд тэрээр Москвагийн Технологийн Их сургуулийн (хуучин Суурь машины дээд сургууль) оройн ангид элсэн орсон бөгөөд удалгүй сурлагын амжилтынхаа ачаар өдрийн ангид шилжсэн. Тэрээр цэргийн алба хаагаагүй байна.
1989 онд "Компьютерийн тусламжтай дизайн систем" мэргэжлээр суралцаж, системийн инженер мэргэжлээр төгссөн.
1992 онд тус сургуулийн аспирантурыг төгссөн.
Тэрээр 1998 оноос өмнө болон 2008-2010 он хүртэл бизнес эрхэлж байв. Үлдсэн хугацаанд Мишустин төрийн албанд ажиллаж иржээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Biography Mikhail Mishustin, archive.government.ru; abgerufen am 15. Januar 2020.
- ↑ Mit Puck und Putin, sueddeutsche.de vom 16. Januar 2020.
- ↑ tagesspiegel.de, 15. Januar 2020.