Jump to content

Олгой хорхой

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Говьд амьдардаг гэгдэх Олгой хорхой

Олгой хорхой нь Монголын говь цөл нутагт хааяа үзэгддэг гэх амьтан бөгөөд энэ амьтны тухай яг шинжлэх ухааны үүднээс судлагдсан баримт байдаггүй билээ. Гадныхан олгой хорхойг "Mongolian Death Worm" гэдэг.

Анх профессор Рой Чэпмэн Эндрьюс гэх хүн 1926 онд өөрийн бичсэн On the Trail of Ancient Man номондоо өгүүлсэн байдаг. Үүнээс хойш олон олон эрдэмтэн, судлаачид энэ хорхойны эрэлд гарч Монголын цөл говь нутгаар нэг хэрэн хэссэн боловч амжилт олсон нь үгүй. 1994 онд Чехийн телевизийнхэн энэ хорхойг судалж нэвтрүүлэг бэлтгэхээр монголын говьд ирсэн ч тэд олигтой үр дүнд хүрч чадаагүй буцсан гэдэг. Сүүлд гэхэд 2005 онд Ричард Фриймэнээр удирдуулсан Английн хэсэг эрдэмтэд мөн л говь нутгаар хэрэн хэсч энэхүү ер бусын хорхойг хайсан боловч нутгийн иргэдийн ам дамжсан ярианаас өөр юуг ч олж олсонгүй буцсан байна. Нутгийн ардуудын ам дамжсан ярианаас үзэхэд энэ амьтан 0.6-1.5 м (2-5 фут, гадны нэгжээр) орчим урттай олгой шиг хэлбэртэй байх агаад улаан хүрэн өнгөтэй байдаг гэнэ.

Энэ амьтныг харсан гэх хүн бараг байхгүй бөгөөд тун ховор үзэгддэг гэлцэнэ. Монголын говь цөл нутгаас өөр газар үзэгдсэн тохиолдол байхгүй юм байна. Олгой хорхой нь биеэсээ асар их цахилгаан эрчим хүч гаргах чадвартай гэнэ. Хавьтсан ойртсон бүхнээ сульфатын хүчлээр түлчихсэн мэт түлж шаргал өнгөтэй болгодог.

Олгой хорхойн дээр гишгэсэн тэмээний хөлний арьс мах нь зад үсрээд яс нь гозойгоод үхдэг гэнэ. Домогт өгүүлснээр эрт цагт говийн нэг баян айл эсгий хийж байх үесд 2 ширхэг олгой хорхой гарч ирсэн байна. Айсан хүмүүс өнөөх хорхойнууд дээр 20-иод нойтон эсгий давхарлан тавиад ум хумгүй зугтацгаасан гэнэлээ. Харин маргааш нь ирж хартал хамгийн дээд талын эсгий аягын чинээ болон шатсан мэт шарласан байсан гэдэг. Тэрийг модоор хатгахад шатсан мэт үйрч байсан гэдэг. Доошлох тусмаа шарласан хэсэг томорсоор хамгийн доод талын эсгий тэр чигээрээ шатаж харин нөгөө олгой хорхой нимгэн хальс шиг юм болчихсон байжээ. Энэхүү хорхой нь Вангагын зөгнөл дээр гардаг байсан ба 2020 онд дахин ард иргэдийг айлгана хэмээн яръсан байдаг.